Х.Баттулга: Ардчилал маань сонгуулийн ардчилал буюу дүр эсгэсэн хэлбэр лүү улам бүр ойртож байна
Ардчиллын 25 жилийн ойн хурал дээр үг хэлэв.
2014.12.08

Х.Баттулга: Ардчилал маань сонгуулийн ардчилал буюу дүр эсгэсэн хэлбэр лүү улам бүр ойртож байна

УИХ-ын гишүүн, МоАХ-ны хурлын дарга Х.Баттулгын Ардчиллын 25 жилийн ойн хурал дээр хэлсэн үгийг бүрэн эхээр нь толилуулж байна.

Ардчилагчдаа !Журмын нөхөд, анд найзууд,  ах дүү нараа !Эрхэм зочид оо !   

Монголын ардчиллын 25 жил боллоо. Дэлхийн ардчиллын түүхтэй харьцуулбал хангалттай урт хугацаа биш ч, хийж амжуулж чадаагүй ажлуудаа бодохоор бас богинохон цаг хугацаа биш. Юуг хийж амжуулснаа эргэн санахад: 

-Нам төвт төрийг халж, төр төвтэй, олон намын тогтолцоонд шилжив

-Чөлөөт ардчилсан сонгууль хэм хэмжээ болов

-Парламентын ёсонд хэвшиж, шийдвэр гаргалтыг ил тод болгов.-    Ардчилсан Үндсэн хуулиа батлав-    Гадаадад чөлөөтэй зорчих эрхтэй болов

-Үг хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хэрэгжүүллээ

-Шүтэх бишрэх эрх чөлөөг тунхаглав

-Өмч хувьчлал, үүн дотор мал сүрэг, орон сууцыг иргэдэд үнэ төлбөргүй хувьчилсан. Иргэд өмчтэй, түүн дээрээ тулгуурлан бизнес эрхлэх эрхтэй болсон нь хамгийн гол ололт боллоо

-Нийгмийн бүхий л харилцааг хуулиар зохицуулах, хуулийн засаглалыг бий болгох явц үргэлжилж байна

-Хөрөнгө оруулалтыг өөгшүүлэх, хамгаалах эрх зүйн орчин бүрдэв

-Авлигын эсрэг төр албан ёсоор, тусгай бүтэц гарган тэмцэж байна... гол гэсэн зүйлсийг дурдахад л ийм олон. Тоочоод байвал нилээд хугацаа орохоор юм.
    

Бид жил бүр туулсан замаа эргэн харах, алдаа оноогоо цэгнэхээр хуран цугладаг, ярилцдаг, хэлцдэг. Энэ бол бидний тэмцэж олсон эрх чөлөөний нэг сайхан тал. Учир нь Ардчилал бол асаагаад орхичихдог мөнхийн хөдөлгүүр шиг зүйл биш, байнгын анхаарал, арчилгаа тордлогыг шаардаж байдаг.       

Өнөөдөр ардчиллаас бэлэн сайхан амьдрал, үсрэнгүй хөгжил, гэнэтийн их орлого, сайхан амьдралыг хүсэн хүлээж, шаардаж бухимдаж байдаг хүмүүс олширсоор байгаа нь нэгийг бодоход хүргэж байгаа юм. Нэг талдаа ардчиллын талаар бид дэндүү сайхан, дэвэргэн төсөөлөл тараасан бололтой, нөгөө талдаа бол социализмын нойрноос бүрэн салаагүй, бэлэнчлэх сэтгэлгээтэй хүмүүс байсаар байгаа байх.   

Ардчилсан хувьсгал хэдийн 25 жил болжээ

Туулсан замын хамаарал(path dependence) гэж нийгэм судлаачдын нэрлэдэг үзэгдэл бий гэнэ. Тэр нь аливаа нийгэм хөгжлийн дараачийн шат, өөр нийгмийн байгуулалд шилжих явц урт удаан үргэлжилдэг бөгөөд өмнөх нийгмийн үлдээсэн муу өв арилж алга болтлоо 60-100 жил болдог гэжээ. Бид дарангуйллын засаглалтай, коммунист нийгмийг ардчилсан хувьсгалаар богино хугацаанд амжилттай сольсон ч, нийгмийн харилцаа, нийгмийн гишүүдийн үзэл бодол, итгэл үнэмшил, хандлага, зуршлыг агшин зуурт хувьсгалчаар өөрчилж чадахгүй. Нийгмийн сэтгэхүйн өөрчлөлт аажим хувьслын замаар явагддаг гачлант үнэнг бид 25 жилийн түүхээрээ үзэж, мэдэрч туулж явна.  
    

Туулсан замаас хамаарах хамаарал Ардчилсан намд ч бугшиж байна. Өмнөх нийгмийн хүнд суртал, бөөрөнхийлөл, ач холбогдолгүй жижиг зүйлсээр хөөцөлдөн, тулгамдсан асуудлыг бүрхэгдүүлэх, албан тушаалыг садан төрлөөрөө төрд шавах, амин хувийн ашигт нийтийн хөрөнгийг зарцуулах гэх мэтэд сурамгай ашигладаг социалист араншин саяхныг хүртэл Ардчилсан намын удирдлагад байсан хүмүүст тод ажиглагдаж, хэсэг хугацаанд биднийг нийтээр маань тарчлаасан.

Тэд намын гишүүдийг хагаралдуулан талцуулж, ардчиллын шийдвэр гаргалтын сонгодог механизм болох хурлыг өөрсдийн суудлыг хадгалан үлдэх хэрэгсэл болгосон юм. Тэд Ардчилсан намын дүрэм журам, бүтцийг өөрсдийн эрх мэдэлд хүргэх гишгүүр болгон тохируулсан юм. Тэд суудлаа хадгалан үлдэхийг хичээхдээ олонхиороо батласан намын дүрэм журмыг үл хайхран, мартаж, мартагнуулан дэвсэлсэн юм. Тэд намын хяналтын бүтцийг өөрсдийн гар хөлөөр дүүргэн, тэдний бусармаг шийдвэрээр суудлаа хадгалан үлдэхийг үхэн чармайсан юм.

Арайхийж ийм хуучин нийгмийн үлдэгдэл, зуршлыг тээгчдээс салсан дээрээ Ардчилсан нам сэхээрэх ёстой. Бид ядаж намын удирдлагадаа ийм өтөл бэртэгчид, улс орны хөгжлөөс хойш чангаагчид, бүтээн байгуулалтыг сунжруулан, харийнхны эрх ашигт дулдуйдан бөөрөнхийлөгчдийг ахин гаргахгүй байх дархлаатай болох ёстой.
 

Өнгөрсөн түүхээ харж байхад МоАХ-ны анх тавьж байсан зорилтуудын олонхи нь биелсэн харагдах ч, ухарсан, умартсан зүйлс цөөнгүй байна. Бид эрх мэдэлд хүрсэн үедээ эх чанараа алдаж, гажуудаж байна. Монгол улс үйлдвэрлэгч болохгүй бол түүхий эдийн экспортоор тогтвортой хөгжилд хүрэхгүй гэдэг хэн бүхэнд тодорхой болж, Үйлдвэржилтийн дорвитой төслүүд дэвшигдсээр байхад Ардчилсан төр үүнийг үл хэрэгсэж байна.

Ардчилсан хувьсгалын удирдагчдын нэг Ц.Элбэгдорж 2008 оны сонгуульд манай намын гол уриаг "үйлдвэржилт" болгон тунхаглаж байсан нь том дэвшил байсан хэдий ч дараагийн удирдлагууд үүнийг хэрэгжүүлэх чиглэлд бодлогыг чиглүүлсэнгүй. Том үйлдвэргүйгээр жижиг, дунд үйлдвэр урт хугацаанд оршин тогтнохгүй үнэнийг дуулсаар, мэдсээр хирнээ өрхийн үйлдвэрлэл маягийн зүйлд хөрөнгийг тарамдаж, экспортын орлого олох том бүтээн байгуулалтыг царцааж байгаа нь ухралт болсон юм. 

Монголын нийгэм 20 жилийн турш хүний эрх, эрх чөлөөг дээдлэсэн либераль ардчилал руу зогсолтгүй ойртож байсан хирнээ сүүлийн хэдхэн жилийн дотор үл анзаарагдах ухралтууд хийлээ. Ардчилал маань сонгуулийн ардчилал буюу дүр эсгэсэн хэлбэр лүү улам бүр ойртож байна. Бид олон нийтийг хангалттай сонсохгүй байна, зүгээр л сонсож байгаа мэт дүр эсгэн, ухаалаг царай гарган толгой дохихоос хэтрэхгүй байна.

Намын удирдлагад байсан зарим этгээд өөрсдийн тойрон хүрээллээ ард түмэн гэж эндүүрч байснаас ард түмний сайн сайхны төлөө нэрээр юм бүрийг хорих чиглэл рүү буцалтгүй явж байлаа. Зогсох, тоормосоо татахгүй бол болохгүй төвшинд ойртож байгаа нэг зүйл бол миний дээр дурдсан иргэдийн хамгийн чухал эрх чөлөө болох бизнес эрхлэлтийг хумиж, дарамталж байгаа хүнд суртал, төрийн оролцоо, албан тушаалтны дураар авирлал болоод байна.

Элдэв хэрэгтэй хэрэггүй хориг, тусгай зөвшөөрлөөс татгалзаж, ажил хийгээд өөрийгөө болоод бусдыг тэжээх боломжийг иргэддээ ахин олгоё. Хамгийн сайн нийгмийн халамж бол ажлын байр, хамгийн тогтвортой орлогын үүсвэр бол ажил эрхлэлт гэдгийг байнга санаж, үүний төлөө бүх бодлогоо чиглүүлэхээс аргагүй боллоо.

Улам бүр хүнд сурталжиж, хуйвалдааны шинжийг олж байгаа засаглалын хэлбэрээ ч засах цаг иржээ. 23 жил болсон Үндсэн хууль маань цагийн амьсгалтай хэмнэл нийлэхээ больж, сайжруулах, эдүгээчилэхээс аргагүйд хүрч, хуучирчээ. Засаглалынхаа хэлбэрийг дэлхийн ардчилсан олонхийн жаягт нийцүүлэхгүйгээр өөх ч биш, булчирхай ч биш хэлбэрээр хол явахгүй нь.

Алдаа аймшигтай биш, алдааг давтах нь аймшигтай гэдэг.

Өнөөдөр монголын хөгжлийг тушиж байгаа нэг хүчин зүйл нь улс төр өөрөө болчихоод, улс төрийн эрх мэдэлд хүрсэн цөөнхийн бүлэглэл эдийн засгийн хөгжил, санхүүгийн урсгалыг утгыг нь алдагдтал будлиулж, төөрүүлж сууна. Тэд нийт монголчуудын баялгийг "төр хамгийн муу менежер" гэх улигт тодорхойлолтоор гул барин цөөнхийн бүлэг, олигархиудын мэдэлд өгөхөөр завдан байгаа.

Алдаа аймшигтай биш, алдааг давтах нь аймшигтай гэдэг. Бид 25 жилийнхээ ой дээр алдсан алдаагаа тодорхойлж, цаашид давтахгүй засч залруулах шийдлээ олон урагшлах ёстой. Алдаа хуримтлагдвал ахин хувьсгал хийх шаардлага тулгартлаа нийгэм гажуудах эрсдэл ойрхон байгааг үргэлж санаж, сэргийлж  ажиллах ёстой. Бид үүнийг хийж чадна. Би огтхон ч эргэлзэхгүй байна.

Илүү сайхан маргаашийг итгэлтэйгээр сүндэрлүүлэхийн тулд, Тусгаар тогтносон, Эрх чөлөөтэй, Ардчилсан Монгол улсын иргэд дэлхийн хөгжилтэй хөл нийлүүлэн алхах нийгмийг цогцлоохын тулд хөгжлийн саад болж, хөшиж байгаа асуудлуудыг зөв шийдэх,  нэгдэж ойлголцох, дэвшсэн ахихыг цаг үе биднээс шаардаж байна.    Урьдын юмс ул болж, шинэ зүйлс зул болох болтугай.