С.Эрдэнэ: Бид биенээ дэгээдэж суухын оронд, хамтраад хямралын ард гарах хэрэгтэй
Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэ
2014.12.05

С.Эрдэнэ: Бид биенээ дэгээдэж суухын оронд, хамтраад хямралын ард гарах хэрэгтэй

Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч С.Эрдэнэтэй ярилцлаа.

-Шинээр эмхлэн байгуулагдаж байгаа засгийн бүтцийн асуудалд та ямар байр суурьтай байна вэ?. Эвслийн Засгийн газар үлдсэн 1.6 жилийн хугацаанд ямар ахиц дэвшил авчирч, эдийн засгийн хүрээнд юу хийж чадна гэж итгэл хүлээлгэж байна?

-Эдийн засаг хүндрэлтэй, улс төрийн үл ойлголцол газар авчихсан ийм цаг үед УИХ-д суудалтай бүх нам нийлээд их эвслийн Засгийн газар байгуулж байна. Миний хувьд энэ үйл явдлыг хоёр зорилготой гэж харж байгаа.

Эхнийх нь Үндсэн хуулийн зохицуулалтад зарим нэг өөрчлөлт, засвар хийх шаардлагатай юм. Наад зах нь Засаг захиргааны бүтцийн өөрчлөлт хиймээр байна.

Нэг сум хэдэн хүн амтай билээ дээ. Тэгвэл хамгийн бага хүн амтай дүүрэг гэхэд л 100 мянган хүнтэй байна. Бүр 4-5 аймаг нийлүүлсэн юм шиг том дүүргүүд байгаа. Монгол Улсын хүн амын 50- 60 хувь нь суурьшиж байгаа Улаанбаатар хот нийслэлийн статусын нэг түвшинтэй. Өөрчлөх гэхээр Үндсэн хуулийн зохицуулалттай болохоор болдоггүй. Энэчлэн олон зүйлээс улбаалан Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага байна. Тиймээс Шийдлийн Засгийн газрын хүрээнд боломж гарах юм болов уу гэж харж байна.

2000 оных шиг дордуулсан долоон өөрчлөлт хэрэггүй л дээ. Зөв өөрчлөлт хийгээд явах юм бол улс орны ирээдүйн хөгжилд маш чухал гэж харж байна. Хоёрдугаарт, эдийн засгийн хямралтай энэ цаг үед бэрхшээлээс яаж эрсдэл багатай давж гарах вэ. Бид бие биенээ дэгээдэж суухын  оронд ,хамтраад ард нь гарах хэрэгтэй. Эцсийн дүндээ ард түмэн л хожно. Энэ үүднээс одоогийн байгуулагдаж байгаа Засгийн газрыг буруутгахгүй. Дэмжиж байгаа.

-Н.Алтанхуягийн Засгийн газрыг унагаахдаа яамдын тоог хэтэрхий олон байна гээд 13 болгож цөөлсөн. Гэтэл сая намуудын зөвшилцлийн хүрээнд буцаагаад 15 болгохоор төсөл өргөн барилаа. АН фракцынхаа эрх ашигт хөтлөгдөөд яамдын тоог нэмчихэв үү гэх хардлага дагуулаад байгаа л даа?

-Асуудал яамныхаа тоонд байгаа юм шиг манайхан ярьдаг. Цөөхөн яам байгаад төрийн үйл ажиллагаа амжилттай болчихгүй. Үр дүн л чухал. Харин тэр тодорхой боломжит түвшинд нь засгаа байгуулаад ажиллавал ямар үр дүн өгөхийг бодох ёстой. Одоо байгуулагдаж байгаа бүтэц боломжийн түвшинд байна.

Өмнө ес болон 11 яамтай байсан гээд ярих юм. Тэр үеийн нийгмийн цар хүрээ, хүн амын тоо ямар байлаа даа. Одоо хэдэн хүн амтай болж, эдийн засаг яаж өргөжлөө дөө Гадаад харилцаа хэрхэн хүрээгээ өсгөв гээд энэ бүгдийг бодоод үзвэл Засаг захиргааны хувьд тэлэх ёстой. Илүү хүчирхэгжиж, өргөн хүрээнд үйл ажиллагаа явуулах зайлшгүй шаардлага байна.

Манайхан хийе бүтээе, урагшилъя гэхээсээ илүү  шүүмжилсэн, үгүйсгэсэн, хардсан, сэрдсэн, гүтгэсэн, доромжилсон зүйл гаргаж тавих юм.

Энэ буруу. Улс оронд аль нь ашигтай юм, яавал түргэн хөгжих вэ гэдгийг л харах ёстой. Өнөөдөр Украин шинэ Засгийн газраа байгуулж байна. Юун яамны тоо байтугай гадаад иргэдийг хүртэл Засгийн газартаа орууллаа. Украин чинь хямралаас гарах гэж бүхий л арга чаргаа хайж байна. Ганц Монголын төр хямарчихаад байгаа юм биш. Хэд хэдэн улсын Засгийн газар өөрчлөгдөж байна. Япон улс гэхэд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд Засгийн газраа хэд дахин сольчихов доо. Ингээд яриад байвал асуудал мундахгүй.

Иймд монголчууд дотроо эв зүйгээ олсон байх ёстой

Дэлхий нийтээр эдийн засаг улс төрийн хямралтай байна. Тогтуун боломжийн нөхцөл байдал үүсэх байх. Дандаа муу байна гэж юу байхав. Ашигт малтмал, уул уурхайн түүхий эд тогтворжоод ирэхээр манай улсын эдийн засаг сэргэнэ. Бид эрх зүйн зөв орчноо бүрдүүлээд явбал, улс орон эерэг тал руугаа явах цаг хол биш.

Иймд монголчууд дотроо эв зүйгээ олсон байх ёстой. Тэгэхийн тулд хүлээн зөвшөөрч чаддаг байх хэрэгтэй. Монголчууд хэдэн үеэрээ хоорондоо байлдаж, талцсаар ирсэн. Ингэснээр хүч нь суларч, хөгжлийн замд том саад болж байгаа юм. Тэгэхээр одоо бие биенээ хүлээн зөвшөөрөх хандлагыг дэмжих ёстой. Хамтраад эдийн засгийн эрдслээ давъя гэж байхад яагаад МАНАН гээд байна вэ?

-Өмнө хамтраад үр дүнд хүрч чадаагүй алдаа бий?

-Т эр үнэн. Гэхдээ л дандаа муу юм байна гэж юу байхав. Бид оролдох л хэрэгтэй. Нэг удаа чадаагүй байж болно. Хоёр дахиа амжилт олоогүй байг. Гурав дахь удаагаа үр дүнд хүрч яагаад болдоггүй юм бэ. Уйгагүй оролдлого л үр дүнд хүргэнэ биз дээ. Бид Ц.Элбэгдоржийн Засгийн газрын үед эхний эвслийг байгуулж үзсэн. Дараа нь С.Баярыг Засаг толгойлж байх үед бас нэг эвсэл байгуулсан. Одоо Ч.Сайханбилэгийн Засгийн газрын үед их эвсэл байгуулж үзье л дээ. Тууштай оролдлогын үр дүнд амжилт олохыг хэн байг гэх юм бэ.

-Яамдын тоог хоёроор нэмж, хэд хэдэн агентлагуудыг татан буулгахаар УИХ хэлэлцэж байна. Тахарын албыг гэхэд саяхан байгуулчихаад татан буулгаж байх шив дээ...

-Зарим шаардлагагүй агентлагуудыг нь татан буулгах, төсөв орон тоогоо үр дүнтэй зохицуулах асуудал гэж ойлгож байгаа. Нэг их эмзэглээд байх асуудал биш юм. Шинэ Ерөнхий сайддаа боломжийг нь олгоё л доо. Идэвх зүтгэлийг нь нээж өгье л дөө. Гэтэл манайхан тал талаас нь шүүрэн шанага болтол нь балбадаг. Тэгсээр байгаад хэн ч биш болгоод хаядаг. Нэг удаа ч гэсэн боломжийг нь олгоод, дэмжээд яагаад болохгүй гэж. Юм болгоныг нь яагаад үгүйсгэж эсэргүүцэж байх ёстой юм бэ.

-Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас огцруулах эсэхийг хэлэлцэхэд “Шонхор” фракцийнхан хурал хаяад гарсан. Ямар тохиролцоо явчихав аа, эсвэл үл ойлголцол байсан уу?

-Ямар нэгэн хор найруулаад хуйвалдаад явсан юм байхгүй. Би өөрийнхөө итгэл үнэмшлээр асуудалд хандсан. Манай хүмүүс ч тэгж хандсан байх. Эцсийн дүндээ би хэн нэгнээс урваад явах үйлдэл байтугай санаа ч байгаагүй. Улс орныхоо болоод намынхаа эрх ашгийг бодсон юм.