Г.Шийлэгдамба: Эрүүл мэнд, спортын сайдад ганцаараа нэр дэвшсэн
МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Шийлэгдамбаас дараах асуултад хариулт авлаа.
-Та Эрүүл мэнд, спортын сайдад нэр дэвшлээ. Гэхдээ олон нийт таныг мэргэжлийн бус гэж шүүмжилж байна. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?
-Нийгэм, эдийн засагт үүссэн нөхцөл байдал, Эрүүл мэндийн салбарт явагдаж байгаа үйл ажиллагаа, гарч байгаа хүндрэл бэрхшээл бүхнийг тодорхой хэмжээнд судалж, шийдвэрлах арга замын талаар тухайн салбарын мэргэжилтнүүдтэй санал солилцож ирсэн.
Мэдээж салбарын бус хүн эрүүл мэнд, спортын сайдаар ажиллах нь гэсэн янз бүрийн эргэлзээ байх шиг байна. Энэ Засгийн газар бол 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан. Энэ хүрээнд Засгийн газрын эрүүл мэндийн салбарт эхлүүлсэн шинэчлэлийг үргэлжлүүлж, гүнзгийрүүлнэ.
Өнгөрсөн хугацаанд ололт амжилт алдаа онооны аль, аль нь байсан байж таараа. Тиймээс ололт амжилтыг нь үргэлжлүүлж, алдааг нь засах ерөнхий ойлголттой явж байна. Сайдаар томилогдвол мэргэжлийн хамт олныг удирдан зохион байгуулж, хуулийн хүрээнд хангаж ажиллана гэж бодож байна.
-Таньтай хамт хэн өрсөлдсөн бэ. Н.Удвал сайдыг ажлаа муу хийсэн гэж дүгнэж ийн сольж байгаа хэрэг үү?
Сайд бол улс төрийн албан тушаал. Тийм учраас тухайн Засгийн газрыг бүрдүүлж байгаа намууд дотроо хүний нөөцөө харгалзан ярилцаж, улс төрийн албан тушаалд тодорхой хүмүүс өрсөлдүүлэх журмаар шийдсэн.
Миний хувьд Эрүүл мэнд, спортын сайдад ганцаараа нэр дэвшсэн. Батлан хамгаалахын сайдад хоёр нэр дэвшигч өрсөлдсөн. Сайд нарын хувьд намын Бага чуулганаас гарсан шийдвэрийн хүрээнд энэ шийдвэрийг гаргасан.
Өөрөөр хэлбэл, сайд нарыг томилохдоо ротацлах буюу сэлгэх, аль болох давхар дээлнээс татгалзах зарчим баримталсан.