2014.11.21

Д.Ганбат: Асуудалд шинэ арга барилаар хандаарай

УИХ-ын үдээс өмнөх хуралдаанаар Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. Энэ үеэд УИХ-ын гишүүн Д.Ганбатын асуусан асуулт, мөн саналыг хүргэж байна.

Д.Ганбат: Та өмнөх танхимаасаа юугаар ялгарах вэ?

Д.Ганбат гишүүний асуулт: 2015 онд дэлхийн эдийн засаг нилээд хүндрэх шинжтэй байна. Энэ үед бусад улс орнууд төлөвлөгөө, хөтөлбөрөө гаргаад эхлэж.  Манай өрсөлдөгч Австрали улс Хятад улстай чөлөөт худалдааны гэрээ байгуулчихлаа. Татваргүй болчихлоо. Гэтэл манайх хүнд байдалтай  байна. Таньд бодсон бодол, зорилго байгаа байх. Та өмнөх танхимаасаа юугаар ялгарах вэ?

Д.Ганбат: таныг бараг томилогдоогүй байхад “огцруулах” тухай ярина

Д.Ганбат гишүүний санал

Та амьдралд ойр ажиллаарай. Аймагуудыг дэмжээд дулааны цахилгаан станц барьчих юм бол шилжилт хөдөлгөөн багасах юм. Концессийн гэрээгээр энэ ажил нэг л явж өгөхгүй юм.

Нөгөө талаар таныг бараг томилогдоогүй байхад “огцруулах” тухай ярина. Хүнд хэцүү байна. Тиймээс хүнд хэцүү асуудлыг шийдэж байгаа бол Та зөв зам дээр явж байгаа гэсэн үг. АН-ын бүлэг дээр. Р.Амаржаргал, Би, бас Та гээд гурван хүн нэр дэвшсэн.

Энэ нь манай намд Эрх чөлөө, Ардчилал байна гэсэн үг. Би бол нэрээ татсан хүн. Харин танд боломж байгаа шүү. Асуудалд шинэ арга барилаар хандаарай. Хуучин хүн ямар нэг улс төрийн нөхцөл байдалд баригдсан, барьцаалагдсан байдаг. Энэ байдлаас ангид шийдвэр гаргаж яваарай. Гэхдээ өнөөдрийн эдийн засгийн нөхцөл байдал зөв шийдвэр гарвал хүмүүсийн амьдрал төдийгүй улс хөгжинө. Зөвхөн ОХУ-д визгүй боллоо гэхэд би Баянхонгор аймгийнхаа хүүхдүүдтэй Улаан-Үдэд яваад ирлээ.