Р.Бурмааг Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томиллоо
УИХ-ын гишүүдийн олонхи түүнийг дэмжсэнээр Р.Бурмаа Хүнс, хөдөө аж ахуйн сайдаар томилогдлоо.
Түүнийг томилогдохоос өмнө УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр, Л.Энх-Амгалан, Ж.Энхбаяр нар товчхон үг хэлсэн. Ё.Отгонбаяр гишүүн газар тариаланг дэмжих бодлогыг үргэлжлүүлж, оновчтой болгох хэрэгтэй байгааг онцолсон.
Мөн “Монгол мал” хөтөлбөр үндсэндээ хэрэгжихээргүй, мартагдаж байгааг санууллаа. Харин Л.Энх-Амгалан гишүүн “Атрын гуравдугаар аян амжилттай хэрэгжсэн. Аяны хүрээнд олон сайн амжилтууд гарсан. Харамсалтай нь энэ аян цаашдаа үргэлжлэхгүй болох гээд байна. Уг нь цаашдаа үргэлжлэх ёстой. Ингэхдээ жижиг, дунд тариалан эрхлэгчдээ дэмжих хэрэгтэй байна” гэсэн юм.
Түүнчлэн Ж.Энхбаяр гишүүн “Р.Бурмаа бол Их хуралд байгаа цөөн, сайн хуульчдын нэг. Таны хийх ёстой гол ажлын нэг нь Хөдөө аж ахуйн салбарын талаар төрөөс баримтлах бодлогыг яаралтай оруулж ирж, батлуулах ёстой. Энэ талаар байнгын хорооноос танай яаманд үүрэг өгсөн байгаа.Энэ бодлогыг яаж оруулж ирэх вэ гэдэг дээр таны сайн хуульчийн давуу тал харагдах байх. Цагаан сараас өмнө энэ асуудлыг УИХ-д оруулж ирээрэй” гэсэн юм.
А.Бакей гишүүн холыг харж, ухаалаг ажиллаасай. ХХАА-н салбарыг гадарладаг хүний хувьд Р.Бурмаа гишүүнд хандаж хэлэхэд хүнд, хэцүү салбар шүү. Салбарынхаа малчид, тариаланч, хүнсчид, ХАА-н салбарын мэргэжилтний үгийг, яамны мэргэжилтний үгийг маш сайн сонсож ажиллах хэрэгтэй гэлээ.
Мөн үг хэлэх үед УИХ-ын эмэгтэй гишүүд түүнийг дэмжиж буйгаа илэрхийлж байлаа.