Б.Гарамгайбаатар: Ажлын хэсэг гаргаж дэд сайдуудыг томилно
УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатар
2014.12.10

Б.Гарамгайбаатар: Ажлын хэсэг гаргаж дэд сайдуудыг томилно

Өчигдөр шөнө дөл болтол бужигнасан Төрийн ордон өнөөдөр нам гүм байна. Хуваарь ёсоор 09.00 цагт товлогдсон Байнгын хороодын хуралдаан бүгд хойшилж, гишүүдийн өрөө  хаалттай хэвээр.  Харин УИХ-ын гишүүн, Эдийн засгийн байнгын хорооны дарга Б.Гарамгайбаатараас цөөн асуултад хариулт авлаа.

-Байнгын хорооны хуралдаанууд яагаад хойшилсон бэ?

-Байнгын хороо  09.00 цагаас байсан ч бүгд 13.00 цаг хүртэл хойшиллоо. Энэ нь УИХ-ын чуулганы хуралдаан өчигдөр нэлээн оройтож тарсантай холбоотой.

-Дэд сайд, төрийн нарийн бичгийн  дарга нарын томилгоо  ямар журмаар явах вэ?

Ямар журмаар явахыг хэлж мэдэхгүй байна. Дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нарыг  томилохдоо дахин ажлын хэсэг гарах байх. Ажлын хэсэг цаанаас өгсөн чиглэлийн дагуу ажиллах байх.

-Давхар дээлээ тайлах ёстой гэдэг байр суурийг зарим гишүүд илэрхийлж байсан ч УИХ-ын гишүүдээс сайд боллоо. Гишүүд  ч энэ талаар асууж тодруулсангүй?

Өнөөдөр давхар дээл тайлах  тухай хууль байхгүй. УИХ-ын гишүүн Засгийн газрын гишүүн байж болно гэсэн хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Тиймээс  л гишүүд энэ талаар асууж, хөндөөгүй байх.