Ө.Энхтүвшин: Намууд зөвшилцөлд хүрсэн
Өнөөдөр хуралдах байсан УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал хойшлогдсон. Үүнтэй холбоотойгоор намууд зөвшилцөлд хүрч чадаагүй байна гэх яриа гараад байгаа юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинтэй цөөн хором ярилцлаа.
-Өнөөдөр хуралдах байсан Төрийн байгуулалтын байнгын хорооны хурал хойшиллоо. Намууд зөвшилцөлд хүрсэн учраас бүтцийн хуулийг өргөн барьсан гэж ойлгож байсан. Гэтэл байнгын хорооны хуралдаан хойшлогдчихлоо. Ямар шалтгаантай вэ?
Зөвшилцөлд хүрсэн. Хоёр талаасаа маргаад, зарим үед уур амьсгал нэлээд хурцадсан тал ч бий. Гэхдээ ярьсаар байгаад ямар ч байсан зөвшилцөлд хүрсэн.
-Өргөн баригдсан бүтцээр бол Засгийн газрын бүтэц дахиад л данхайж байх шиг байна. Танай намын бүлгийн зүгээс бүтцийг цомхон байлгах ёстой гэх шаардлагыг удаа дараа тавьж байсан?
Бид энэ асуудлыг ярьсан. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар бол 13 яамтай, 16 сайдтай байгаа. Гол маргаан үүнийг тойрч л өрнөсөн. Тэгээд ямар тайлбар хэлсэн гэхээр “За, та нарын хэлснээр нэг яамыг татан буулгая. Гурвыг бол чадахгүй. Түүнчлэн яамгүй сайдыг нэмье. Мэдээж яамгүй учраас орон тоо хэмнэгдэнэ. Хоёрдугаарт, төсвийн зардлыг бууруулъя.
Ингэхдээ зөвхөн яамны хүрээнд ярихгүйгээр агентлагууд, дэргэдэх газруудад орон тоог багасгая” гэж ярьсан байгаа. Мөн 2015 оны төсвийг ярих үедээ нэлээд орон тоо хасна гээд тохирсон шүү дээ. Тэрийгээ бас хийнэ. Нийт дүнгээрээ улсын төсвийг хэмнэнэ гэж байгаа. Тэр тооцоогоо удахгүй хэлэх юм билээ.
-Монгол Улсын сайд гээд шинэ албан тушаал гарч ирэх гэж байгаа хэрэг үү?
Монгол Улсын сайд гэдэг чинь хэрэг эрхлэх газрын дарга шүү дээ. Бас нэг яамгүй сайд гэж байгаа. Тэрийг бас Монгол Улсын сайд гэж явна. Ийм л асуудлыг бүтэц, орон тоотой холбогдуулж, хэд хоногийн турш ярьсны эцэст өчигдөр үр дүнд хүрлээ.
-Яамгүй сайдтай байя гэсэн саналыг аль намаас гаргасан бэ?
Манайхаас тавиагүй. Ерөнхий сайд ямар ч байсан бүтэц, бүрэлдэхүүнээ өргөн барьсан. Аль яамыг хаанаас удирдах вэ гэдгийг дараа нь ярина.
-Яамгүй сайдын эрх үүрэг, ажлын хуваарь ямар байдлаар явах юм бол?
Тэр талаар ярьж байгаа. Яг бидний санал биш учраас сайн мэдэхгүй байна. Ямар ч байсан томоохон, мега төсөл ч юм уу, эсвэл яамны ажилтай давхардуулахгүйгээр аваад явж болох ажлууд байгаа. Тэр ажлуудыг тэр хүнд хариуцуулаад явж болох юм гэсэн ерөнхий бүдүүвч байгаа юм билээ.
-МАН-аас Засгийн газарт зургаан сайд томилогдоно. Энэ хүмүүсийг ямар шалгуураар томилох вэ?
Одоо бол хүний тухай яриагүй. Аль яамыг хэн удирдах гэсэн асуудлыг ч яриагүй. Тийм боломж ч байхгүй л дээ.
-Ярилцсанд баярлалаа.