Ардчиллын уриа "Хонхны дуу"-нд төрийн соёрхол хүртээлээ
Хонхны дуу зоригийг бадраа хэмээн энэ өдөр заавал дуулах ёстой. Тэртээ 25 жилийн өдөр Монголыг нойрноос сэрээсэн энэ дууг зөвхөн ардчиллын партизанууд төдийгүй монголчууд тэр аяараа аялан дуулсаар өнөөг хүрчээ.
Жил бүрийн арванхоёрдугаар сарын 10-ны энэ өдөр ардчилсан хувьсгалын партизанууд маань Ардчиллын ордондоо цуглаж энэ дуугаа сэтгэл сэргэтэл дуулдаг. Тэр л ёсоор өчигдөр аймаг, дүүргийн МоАХ-ны зохицуулагч нар, гишүүд цуглаж УИХ-ын гишүүн, МоАХ- ны дарга Х.Баттулга, УИХ- ын гишүүн М.Зоригт нар тэдэнтэй уулзлаа. Ардчилсан хувьсгалын партизанууд "Ардчилсан хувьсгалын 25 жилийн ой тохиож байна. Бид эх орныхоо хөгжил, ард түмэн, хойч ирээдүйнхээ төлөө гар сэтгэл нийлэн зүтгэж ирлээ.
Цаашид ч энэ хамтын ажиллагаа үргэлжлэх болно" гээд МоАХ-ны дарга Х.Баттулгад өөрсдийн зүгээс хүндэтгэлийн үпэй дурсгалын сэлэм бэлэглэв. Мөн Ховд аймгийн Манхан сумын МоАХ- ны нарийн бичгийн дарга Н.Эрдэнцэцэг аймгийнхаа 17 сумын МоАХ-ны анхдагч гишүүдийн судалгаа, түүх, намтрыг эмхэтгэсэн гэдгээ хэлж, баримтаа МоАХ-ны архивт хадгалуулахаар өгсөн юм.
УИХ-ын гишүүн, МоАХ- ны дарга Х.Баттулга "Та бүхэнд ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн баярын мэнд дэвшүүлье. Ард түмнээрээ хүрээлүүлж, хөгжил дэвшилд хүрэх зам бол ардчилал. Бид энэ хугацаанд алдаж оносон, хийж бүтээсэн зүйл их бий. Монголын иргэн бүр ажилтай, орлоготой болж, хэний ч гар харалгүй амьдрах болсон тэр цаг дор МоАХ нэгэн түүхэн үүргээ биелүүллээ гэж үзэх болно.
Тухайлбал, бидний тэмцэл 2007 онд Таван толгой ордын 96 хувийг төрийн мэдэлд эргүүлэн авч чадсан. Энэ орд бол Монголын ард түмэнд үр өгөөжөө өгөх өвөг дээдсээс үр хойч бидэнд үлдээсэн үнэт баялгийн нэг" гэв. Мөн тэрээр "1921 оны ардын хувьсгалын партизануудад төрөөс орон сууц олгох шийдвэр УИХ гаргах үед нэгэнт оройтсон байсан юм.
Учир нь дийлэнх нь хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн байлаа. Тиймээс бид. ийм байдлыг давтагдуулахгүйн тулд 1990 онд ардчилсан хувьсгал хийсэн партизануудад орон сууц олгох хуулийн төсөл УИХ-д өргөн бариад байна. Энэ хуулийн төсөл батлагдвал зөвхөн ардчилсан хувьсгалын партизанууд төдийгүй мэргэжлээрээ олон жил ажилласан сувилагч, цэцэрлэгийн багш гээд цалингийн зээлээр орон сууц авч чадахгүй байгаа иргэдэд ч үйлчлэх учиртай" гэлээ.
Энэ үеэр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар энэ өдөр Төрийн соёрхол хүртсэн "Хонхны дуу"-ны уран бүтээлчид, тэдний гэр бүлийнхэн Ардчиллын ордонд хүрэлцэн ирсэн юм. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монголын ард түмнийг ардчилалд уриалан дуудсан уриа, сүлд дуу болсон "Хонхны дуу"- ны үг, аяыг зохиож, өөрөө анхлан дуулсан Сосорбарамын Цогтсайхан агсны гэр бүлийнхэнд Төрийн соёрхолыг гардуулан өгсөн. Шагналыг Монгол Улсын Ерөнхийлөгчөөс С.Цогтсайхан агсны хүү Ц.Түшиг гардан авч ёслолд С.Цогтсайхан агсны гэргий Н.Наташа, "Хонхны дуу"-г хамтран дуулж олонд хүргэсэн Н.Энхбаяр нар оролцсон билээ.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигт "Монгол оронд өрнөсөн ардчилсан хувьсгалын сүлд дуу- Сосорбарамын Цогтсайханы үг, ая "Хонхны дуу"-нд Төрийн соёрхол хүртээсүгэй" гэжээ. "Хонхны дуу" нь Монголын ард түмний зүрх сэтгэлд хүрсэн мөнхийн бүтээл болж, өнөөдөр ч ач холбогдлоо алдаагүй байгааг шагнал гардуулах үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж онцлоод "XX зуун хүйтэн дайны үед нийгмийг өөрчлөхийг хүссэн маш олон дуу зохиогдож байсан.
Гэхдээ "Хонхны дуу" шиг өөрчлөлт рүү уриалсан, татсан, ардчиллыг бүрэн утгаар нь гаргаж чадсан, сүлд дуу болтлоо хоногшсон бүтээл байхгүй.
Өнөөдөр ч хүмүүс "Хонхны дуу"-г дуулмаар санагдах юм гэж ярьдаг. "Хонхны дуу "Ирээдүйд ч ач холбогдлоо алдахгүй, хэдэн үеийг, нийгмийг шинэ зүйлд дуудсан мөнхийн бүтээл байна. Энэ агуулгаар "Хонхны дуу"-нд Төрийн соёрхол хүртээж байна. Төрийн соёрхолыг бүтээлд олгодог юм шүү" гэж хэлсэн билээ.
Түүх сөхвөл, 1989 оны арванхоёрдугаар сарын 10-ны өдөр Хүүхэд залуучуудын соёлын төв өргөөний гадаа Монголын Ардчилсан холбоо байгуулагдсаныг зарлаж, тэр үеийн Улс төрийн товчоо, Ардын их хурлын тэргүүлэгчдэд хандаж 14 зүйл бүхий шаардлага тавьж, анхны цуглааныг хийх үед "Хонх" хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсан, мөн дуучин Н.Энхбаяр
нар "Хонхны дуу"-гаа дуулж, Монголд Ардчилсан хөдөлгөөн өрнөснийг зарласан байна. Хэдийгээр "Хонх" хамтлаг гурван гишүүний бүрэлдэхүүнтэй байсан ч улс төрийн цуглаан зэрэгт дуулахдаа хамтлагийн гитарчин Д.Энхболд хорь гаруйхан настай учраас ил гардаггүй байсан гэдэг.
Ингээд Төрийн соёрхол хүлээн авсан С.Цогтсайхан агсны гэр бүлийнхэн болон хамтлагийнхнаас нь баярын сэтгэгдлийг нь сонслоо.
Н.Энхбаяр: Ардчиллыг тогтооход “Хонхны дуу” хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн
-Анх “Хонх” хамтлагаа байгуулахад Цогоо 29-тэй, би 30-тай байсан. Цогоо надаас нэг дүү. Эрхүүд оюутан байхад урлагийн үзлэгээс эхлээд олон арга хэмжээ болдог байлаа. Тэнд сурч байсан манай оюутнууд нийлээд л үйлдвэрүүдээр явж, Монголоо сурталчилна. Тэр үеэс л Цогоо бид хоёр хамт явж, гитар тоглож дуулж эхэлсэн юм. Тэгж явсаар нэгнийхээ барилыг авчихсан хэрэг л дээ. 1983 онд төгсч энд ирээд хоёулаа Монголын радиод ажилд орсон.
Социализмын үе байсан учраас үдэшлэг, бүжгэнд байнга орж дуулна. Тэгж яваад манай Цогоо цаг үеэ мэдрээд тухайн үедээ эсэргүү гэгдэх үгтэй дуу зохиож, түүнийгээ нийтэд хүргэхээр хамтлаг байгуулсан. Цаг давчуу, яарч хийсэн учраас хөгжмөө “Соёл эрдэнэ” хамтлагийнхантай хамт бичээд, дуулъя гэсэн санаа гаргасан.
Зургийг Аssa.mn сайтаас
Гэхдээ яаж тайзан дээр хоёулхнаа зогсч байх вэ, тэгээд ч гитарын гоцлолуудыг бичих хүн хэрэгтэй болоод хоёр хүүхэд гэртээ дуудаж шалгаад Энхболдыгоо хамтлагтаа авсан юм. Тэгж л “Хонх” хамтлагийг байгуулж, гурвуулаа тоглож эхэлсэн. Анхны концерт 12 дуутай байсан. Ерөнхийдөө богинохон. Гэхдээ тэр үеийн концерт бараг л уулзалт ярилцлага болчихдог байв. Нэг дуу дуулчихаад л үзэгчдийн асуултад хариулна. Улс төрийн шинжтэй асуултуудад нь Цогоо уран бүтээлийн тухай асуултад бид хоёр хариулна.
Манай хамтлаг, ардчилсан хөдөлгөөн хоёр нэг цаг үед гарсан юм. Манай хамтлаг 1989 оны есдүгээр сарын 17-нд анхны концертоо хийчихсэн нь МоАХ зарлагдахаас өмнө л дөө. Харин Ардчилсан холбоо арванхоёрдугаар сарын 10-нд байгуулагдсан. Ардчиллын хөдөлгөөнд манай Цогоо маш идэвхтэй оролцож, Бат-Үүл, Амарсанаа өөр хэн хэн ч билээ анхны “Шинэ үе” бүлгэмийг байгуулсан түүх бий.
Цогоо дуугаа зохиосон нь, Бат-Үүл, Амарсанаа нар “Шинэ үе” бүлгэм байгуулсан хоёр нь яг нэг цэгт огтлолцоод л нэгдчихсэн. Хувьсгалын тохироо бүрдэнэ гэж ярьдаг даа. Тийм л зүйл болсон. Ардчиллыг тогтооход “Хонхны дуу” хамгийн чухал үүрэг гүйцэтгэсэн. Энэ түүхэн үнэнийг бид хэзээ ч мартаж болохгүй, мартах ч ёсгүй.
Манай хамтлаг анхны тоглолтоо хийхийн тулд хурдан хугацаанд маш олон дуу бэлэн болгосны нэг нь “Хонхны дуу”. Цогоо өөрөө сэтгүүлч хүн учраас нийгмээ мэдэрч хүчтэй үг бичиж чадсан. Ийм л түүхтэй. Бидэнд зохиолын дуучид шиг дуу төрсөн түүх гээд л тоочих зүйл алга.
Н.Наташа: “Хонхны дуу” ардчилсан хувьсгал өрнөсөн эхний үед хүмүүсийг даллан дуудагч нь болж байлаа
-Цогоогийн өөрөөр сэтгэдэг гэдгийг оюутан байхаасаа л мэдэрдэг байсан. Орост сурч байхдаа тойрч суугаад л тухайн үеийн нийгмээ шүүмжлээд, бид яагаад чөлөөтэй үгээ хэлж болдоггүй юм, яагаад хүссэн хувцасаа өмсч болдоггүй юм гээд ярилцдаг байлаа. Тэгэхэд сэтгүүл зүйн ангийн оюутнууд үеийнхэн дундаа нилээн толгой цохидог байсан мөртлөө л Цогоогийн дуунуудыг ойлгодоггүй байв. Би хүртэл яана даа, энэ маань буруу зөрүү ярьж байгаад янз бүрийн хэрэгт холбогдох вий дээ гээд эмээдэгсэн.
Төгсч ирээд Үндэсний радиод ажилд ороод нэвтрүүлсэн уран бүтээлүүдээрээ анхны номоо “Би дуугүй байж чадсангүй” нэртэйгээр гаргаад Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлээс олгодог “Ган үзэгтэн” шагналыг хүртсэн. Нийгэмд саад тушаа болж байсан бүхий л зүйлийг шүүмжилсэн ном байсан. Тухайн үед үнэндээ би ч Цогоогийн ярьдаг зүйлс биеллээ олно гэж боддоггүй байлаа. Ардчилсан хувьсгал гарснаар бидэнд эрх чөлөөг өгч чадсан.
Цогоо сэтгүүлч, уран бүтээлч байхаас гадна Монголын ардчилалд өөрийн хувь нэмрээ оруулсан. “Шинэ үе” бүлгэмийг байгуулалцсан. “Хонхны дуу” ардчилсан хувьсгал өрнөсөн эхний хэд хоногуудад хүмүүсийг даллан дуудах өдөөгч нь болж байсан. Үүгээрээ ч Цогоо маань ардчилсан хувьсгал хийх хүмүүсийн оюун санаанд том өөрчлөлт оруулж өгсөн юм.
Ардчилсан хувьсгалын 25 жилийн ойн энэ өдрүүдэд Цогоогийн маань гэрэлт хөшөө босч, түүний зохиож дуулсан дуунд Төрийн соёрхол хүртээж байгаа нь түүхэнд мартагдашгүй үйл явдал болж байна. “Хонхны дуу”-нд нь Төрийн шагнал хүртээж байгаа нь өөрөө их онцлогтой гэж Ерөнхийлөгч маань хэлсэн.
Хонх” хамтлагийн дуучин С.Цогтсайхан агсны гэргий
Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж талийгаач нөхрийг маань анх энэ хувьсгалд оролцсон үеэс ойлгож, мэдэрч тусалж явсныг би сайн мэднэ. Талийгаач маань өнгөрөөд 10 жил болсон ч ард үлдсэн хоёр хүүхэд, гэр бүлдээ тэр минь байгаа юм шиг л дэм болсоор ирлээ.
Аавынх нь оронд аав болж, хоёр хүүхдийн маань боловсролд анхаарал тавьж, амьдралынхаа анхны алхамыг гишгэхэд Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж болон Ерөнхийлөгчийн Тамгын газар тусалж, тохитой нөхцөлд амьдраасай гэж бодож өөрт нь өгсөн хоёр өрөө байраа хүртэл бидэнд бэлэглэсэнд бид бэлгэшээж, талархаж явдаг.