Ж.Энхбаяр: Цэцийн шийдвэр гартал чуулганд оролцохгүй
2012.08.01

Ж.Энхбаяр: Цэцийн шийдвэр гартал чуулганд оролцохгүй

УИХ дахь МАН-ын гишүүд УИХ-ын даргын томилгоог хууль бус боллоо гэж үзсэн. Тиймээс олонхын бүлэгт  чуулганы үйл ажиллагааг хуулийн дагуу явуулъя хэмээн шаардлага тавьсан ч АН-ынхан тэдний энэхүү хүсэлтийг хүлээж авахгүй гэдгээ мэдэгдсэн юм. Энэ талаар УИХ-ын гишүүн Ж.Энхбаярын  байр суурийг сонирхлоо.

-Өнгөрсөн баасан гарагт МАН-ын дарга Ө.Энхтүвшин УИХ-ын хуралдаанд оролцохоо мэдэгдсэн. Гэтэл өнөөдөр бүлгээрээ ярилцаад оролцохгүй байх шийдвэрийг гаргасан байна. Яагаад ийм шийдэлд хүрэх болсон бэ?
-Тийм ээ, Бид хуулийн хүрээнд асуудлыг авч хэлэлцэж, шаардлагыг тавьсан. АН-ыг хуулиа сахин, дагаж мөрдөхийг л хүслээ. АН-ынхан хууль дүрмээрээ ажиллах юм бол манай нам УИХ-ын чуулганд оролцоход бэлэн байгаа. Анхнаасаа бид Үндсэн хуулиа зөрчиж төрөө байгуулах юм бол дараа нь Засгаа байгуулах, ард түмэндээ хуулиа яаж тайлбарлах юм бэ. Энэ ч үүднээс бид улстөрийн байр сууриндаа хатуу байгаа. Тиймээс УИХ-ын үйл ажиллагаанд оролцохгүй.
-Дан ганц ийм шалтгаан биш биз дээ?
- Үгүй ээ. Үүнээс гадна Өвөрхангай аймгийн төлөөлөл болсон манай хоёр гишүүн илт давуу байдлаар ялж, түр үнэмлэхээ авсан байтал одоог хүртэл УИХ-ын гишүүний эрхийг нь баталгаажуулаагүй. Үүнийг бид эрс эсэргүүцэж байна. Түүнчлэн Ардчилсан нам «Монголын төрийг цомхон, чадварлаг болгоно» гэсэн төрийн албаны том зорилт тавьсан. Үнэндээ өнгөрсөн хугацаанд хангалттай л төрийг балбасан. Гэтэл улстөрийн бялууг хүртээх үүднээс сайд нарын тоог нэмэх гэж байна. Бид бас л эрс эсэргүүцэж байгаа. Ялангуяа төрийн хяналтын систем, Төрийн албаны зөвлөл, Улсын мэргэжилийн хяналтын газрыг татан буулгах тухай ярьж байгаа байж болохгүй зүйл юм.1996 онд Ардын хянан шалгах хороог татан буулгаснаар ямар байдал үүслээ. Өнгөрсөн 70 жил Монголын нийгэмд бий болсон үндэсний баялаг ямар ч хяналтгүй болж, үрэн таран болсон гэж хэлж болно. Үүнийг бид мартаж болохгүй.  Өнөөдрийн Монголын төрд хяналт хэрэгтэй. Төрийн албыг улстөрөөс ангид, бие даасан байлгах ёстой.
Энэ асуудалд төрийн албаны зөвлөл ажиллах хэрэгтэй. Улстөрийн ийм байр сууриас болж, зарчмын хувь зөрүүтэй байгаа болохоор УИХ-ын үйл ажиллагаанд анхнаасаа хууль зөрчиж, оролцож болохгүй. Хэрэв хууль зөрчих юм бол манай улсын хууль хэрэгжих хяналт үндсэндээ нуран унанатэж үзэж байна.
-Хуулийг улстөрийн нам, эвслүүд янз бүрийн өнцгөөс нь тайлбарлаж байна шүү дээ. Үнэхээр АН-ыг хууль зөрчсөн гэж үзэж байна уу?
-Уг нь энэ удаагийн Парламентад хамгийн ахмад гишүүн нь Д.Дэмбэрэл дарга байгаа юм. УИХ-ын чуулганыг даргалж байсан хүний хувьд албан ёсоор маргааш 10 цагт чуулганыг үргэлжлүүлнэ гэж зарласаар байтал АН-ынхан дараагийн ахмад гишүүнээрээ хурлыг ахлуулж, болчимгүй алхам хийсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн заалтыг зөрчсөн гэж үзэж байгаа юм.
-Энэ асуудлаар Үндсэн хуулийн Цэцэд хандаад хэр удаж байна вэ?
-Долоо хонож байна. Шинээр томилогдсон УИХ-ын даргыг Үндсэн хуулийг зөрчиж сонгосон гэж үзэж байна. Асуудлыг бид яасан ч хүлээн зөвшөөрч чадахгүй. Яагаад гэвэл асуудал нь өөрөө Үндсэн хуулийг зөрчиж байгаа учраас бид Үндсэн хуулийн Цэцэд хандаж, гомдол гаргасан байгаа. Бид хууль ёсны хүсэлт гаргасан. Үнэхээр хууль ёсны бус гэж үзэж байгаа болоод л Үндсэн хуулийн Цэцэд хандсан. Тиймээс Цэцийн шийдвэрийг хүлээж байна.
-Тэгэхээр Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гартал чуулганд оролцохгүй, зөвхөн хүлээлтийи байдалтай байгаа гэж ойлгож болох уу?
-Тийм ээ, бид үнэхээр хатуу байр суурьтай байгаа.
-Ер нь Цэцийн асуудал ямар ч байдлаар тайлбарлагдсан МАН-д бүлэг байгуулах эрх зүйн чадамж хэр байгаа гэж үзэж байн» вэ?
-Монголын ард түмэн сонголтоо хийсэн. Бид төрийг ард түмнээсээ байгуулдаг болоод удаж байна. Ард түмний төлөөлөл төрийн эрхийг байгуулах, хууль тогтоох дээд байгууллага УИХ төлөөллөерөө дамжуулан байгуулж байна. Тиймээс ард түмний төлөөлөл болж, УИХ-д 25-аас доошгүй суудал авсан намын хувьд бүлэгтэй байх нь тодорхой юм.Үндсэн хуулиараа бүлэг байгуулагдах бүрэн боломжтой. Үндсэн хуулинд наймаас дээш суудал авсан улстөрийн нам, эвслүүд бүлэг байгуулах эрхтэй гэж тодорхой заасан байдаг. Бүлэг байгуулах тухай бид заавал УИХ-ын даргад мэдэгдэх албагүй.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.