Ж.Ариунболд: НББ болон аудитын тухай хуулийг маш болгоомжтой өөрчлөх ёстой
Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш, Ж.Ариунболд
2015.01.07

Ж.Ариунболд: НББ болон аудитын тухай хуулийг маш болгоомжтой өөрчлөх ёстой

Санхүү эдийн засгийн дээд сургуулийн багш Ж.Ариунболдтой /Доктор/ нягтлан бодох бүртгэлийн тухай хууль болон аудитын тухай хууль шинэчлэгдэн найруулагдаж байгаатай холбогдуулан ярилцлаа.

-Хуулийн шинэчлэлийн гол үзэл баримтлал шинэ оны гарахын өмнөхөн батлагдсан. Гол зорилго нь нягтлан бодох бүртгэл, аудитын тогтолцоонд санхүүгийн тайлагналыг олон улсын стандарт нэвтрүүлэхэд оршино гэсэн. Судлаач хүний хувьд хуулийн шинэчлэлээс ямар гол үр дүнг хүлээж байна вэ. Яагаад?

Нягтлан бодох бүртгэлийн тухай болон Аудитын тухай хуулиудын шинэчилсэн найруулгад тусгагдсан шинэчлэлийн нэг гол зүйл нь одоогийн Аудитын тухай хуульд байгаа Монголын мэргэшсэн нягтлан бодогчдын институтийн үйл ажиллагааны тухай болон Мэргэшсэн нягтлан бодогчийн эрх олгох, түдгэлзүүлэх, хасах зэрэг асуудлыг Нягтлан бодох бүртгэлийн тухай хуульд шилжүүлэн оруулсанд байгаа юм. Ингэхдээ тэдгээрийг зүгээр нэг шилжүүлсэн бус нилээд засвар өөрчлөлтийг хийсэн байна. Энэ хоёр хуулийн төслийг ерөнхийд нь дүгнэхэд Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн төсөл нь харьцангуй сайн боловсруулагдсан, харин Аудитын тухай хуулийн төслийн боловсруулалт сул болжээ.

Нягтлан бодох бүртгэлийн тухай, Аудитын тухай хууль нь эдийн засгийн тулгуур гол хуулиуд учраас тэдгээрийг өөрчлөх хэрэгцээ шаардлага нь эдийн засгийн тулгамдсан нөхцөл байдалтай холбоотой. Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийг өөрийн орны нөхцөл байдалтай уялдуулах, аудитын тогтолцоог өөрийн орондоо нутагшуулах талаар нэлээн олон төрлийн судалгаанууд хийгдсэн. Хамгийн сүүлд Дэлхий банкны Pock хөтөлбөрийн хүрээнд товч бөгөөд тодорхой судалгаа байна.

Гэхдээ үндэсний хэмжээнд томоохон судлагааг хийж, тэр үндсэн дээр судлаачдын үгийг сонсч, саналыг авах байдлаар өөрчлөхгүй бол улс орны эдийн засаг, тогтолцоо, нягтлан бодох чиглэлээр сургалт явуулдаг их дээд сургуулиудын хувьд нэлээн “эмзэг” хууль гарч магадгүй.

-“Эмзэг” гэсний учрыг та тайлбарлахгүй юу. Эдийн засгийн тулгуур хуулиудаа хэрхэн өөрчлөх ёстой юм бэ?

Байгаа тогтолцоогоо өөрчлөхгүй одоо байгаагаар нь үлдээчих вий гэсэн, Нягтлан бодох бүртгэл /НББ/-ийн хуулинд асар болгоомжтой хандах ёстой. НББ бол эдийн засгийг босгох, сэргээх, эдийн засагт байгаа мөнгөний урсгалыг бүртгэдэг маш чухал ач холбогдолтой.

Нэгдүгээрт, НББ болон Аудитын тухай хуулинд мэргэшсэн нягтлан бодогчийн эрхийг хэрхэн олгож, сунгах вэ, мэргэшсэн нягтлан бодогчийн шалгалтыг хэн яаж авах вэ, мэргэшсэн нягтлан бодогчийн 15 хувийг яаж өгөх вэ, Нягтлан бодогч нарт олгох тэтгэвэр, тэтгэмжийг яаж шийдэх вэ? гэх мэтийн асуудлыг өөртөө агуулж байгаа юм,

Түүнчлэн Монголын мэргэшсэн үнэлгээчдийн институти, Нягтлан бодох бүртгэлийн хүрээлэн, Татварын мэргэшсэн зөвлөхийн нийгэмлэг, Дотоодын аудиторын институти гээд олон төрийн бус байгууллагын асуудлыг хэрхэн зохицуулах вэ.

Аль нь ТББ-ийн чиглэлээр төрийн нэрийн өмнөөс ажиллаж, хуулийг сурталчлах юм гэдэгт зохицуулах зүйл ихтэй. Эдийн засаг тэр дундаа нягтлан бодох бүртгэлийн тогтолцоо биеэ даасан, чийрэг, өөрийн гэсэн дархлаатай байхын тулд их дээд сургуулийн ундаргыг маш зөв болгох ёстой гэж би боддог.

Үүнд нэгдүгээрт хичээлийн хөтөлбөр, хоёрт, багшлах боловсон хүчний асуудалд маш болгоомжтой хандах ёстой. Багш гэдэг ойлголт өөр болсон урьд нь хичээл заагаад оюутнуудад дүн тавьдаг байсан бол, өнөөдөр мэргэшсэн судлаач байхыг шаардах болсон.

-Сургалтын хөтөлбөрийг яаж өөрчлөх ёстой вэ, одоо байгаа хөтөлбөрүүд сайн боловсон хүчинг бэлтгэхэд хэрхэн нөлөөлж байна вэ?

Өнөөдрийн байдлаар нягтлан бодох бүртгэлээр бакалаврын зэрэг, магистр, доктор гээд шаталсан сургалтаар явж байгаа нь давуу болон сул талтай.

НББ-ийн тогтолцоог тэр чигээр нь өөрчилье, сургалтын тогтолцоог өөрчилье гэсэн бодолтой мэргэжилтнүүд байдаг. Би ч мөн адил. Боловсролын яамнаас тодорхой хэмжээний суурь хичээлүүдийг заавал судлах байдлаар харин мэргэшүүлэх төрлийн хичээлийг өрсөлдөөний шугамаар сургуулиудад нээлттэйгээр тавибал цаашдаа чухал ач холбогдолтой гэж бодож байна.

Сургалтын хөтөлбөрийг шинэчлэхдээ урвуу байдлаар хийвэл илүү үр дүнтэй. НББ-ийн үндэс гэсэн хичээлийг олон хичээлийн нийлбэр байдлаар хийгээд, тэр хичээлүүдээ хоёрдугаар үе шатанд задлаад, гуравдугаар үе шатанд бүртгэл, мэдээллийн систем гэдэг хичээлээр холбож өгвөл сайн мэргэжилтэн бэлтгэх тал дээр дэвшил гарна гэж боддог.

Дараагийн асуудал нь НББ-ийн бакалаврын зэргээр төгссөн төгсөгчдийг хоёр жилийн дараа мэргэшсэн нягтлан бодогчдын шалгалт өгөхдөө дахин бакалаврын зэрэгтэй адилхан төрлийн шалгалт авдаг явдлын өөрчлөх хэрэгтэй гэж боддог. Тиймээс салбараар мэргэшсэн нягтлангуудыг бэлтгэх нэн хэрэгцээ шаардлага байгаа. Уул уурхай, барилга, хөдөө аж ахуйн салбар гэсэн байдлаар мэргэшсэн нягтлангуудыг бэлтгэх гол хэрэгцээ шаардлагатай.

-Хуулинд НББ болон аудитын тогтолцоог шинэчилж, олон улсын түвшинд хүргэхээр зорьж байгаа. Үүн дээр таны санаа бодол ямар байна вэ?

 НББ-ийн гол амин сүнс болсон санхүүгийн бүртгэлийн тогтолцоог олон улсын стандарт гэхээс илүүтэйгээр гадаад худалдааны 90 орчим хувийг хийдэг хоёр хөрш орныхоо стандартыг судлах хэрэгтэй болов уу. Энэ хоёр улс хоёулаа тус тусдаа үндэсний стандартыг нэвтрүүлчихсэн.

Тэд олон улсын стандартыг мөрддөггүй. Манай улс жижиг учир уян хатан  зохицуулалт нэлээд чухал байна. Нэг талаас нь аваад үзэхэд бид бүгдийн дэлхийтэй нэг хэлээр харилцах боломж нь нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандарт, харин өөрийн орны онцлогыг маш сайн харгалзах учиртай.

-Сургалтын хөтөлбөрийн тухайд ярихад нягтлангууд олон улсын стандартын дагуу ажиллахад их үүрэгтэй гэж та хэлсэн. Төгсөгчдийн мэргэжлийн мэдлэг чадвар хэр байна гэж боддог вэ?

Монгол улсад үйл ажиллагаа явуулж буй нийт их дээд сургуулийн 40 орчим хувь нь нягтлан бодох бүртгэх чиглэлээр мэргэжилтэн бэлтгэдэг. Тэдгээрээс сургалтын хөтөлбөртөө НББ-ийн олон улсын стандарт, санхүүгийн тайлагналын олон улсын стандартын талаар заадаг нь хуруу дарам.

Уг нь  олон улсын стандартыг мэддэг нягтлан бодогчдыг бэлдэх ёстой шүү дээ. Тиймээс их дээд сургуулиуд сургалтын хөтөлбөр төлөвлөгөөг нээлттэй чөлөөтэй, өрсөлдөөнтэй байдлаар хөгжүүлвэл эргээд энэ тогтолцоо хөгжихөд түлхэц үзүүлнэ.

-Компаниуд олон тайлан гаргадаг. Нэгийг нь татварт зориулж гаргадаг гэдэг. Гэтэл ийм байдал нь эргээд сүүдрийн эдийн засаг руу түлхэж, эдийн засгийн үзүүлэлтийг бодитоор харахад хүндрэл учруулдаг. Тэгэхээр хэрхэх ёстой вэ?

Маш чухал асуулт. НББ, аудитын тогтолцоонд гажуудсан зүйлийг хэллээ. Аж ахуй нэгжүүд хоёр тайлан гаргадаг, хар дэвтэртэй. Энэ нь татварын зорилгоор санхүүгийн тайланг гаргахдаа төлөх татварын хэмжээг бууруулах, НӨАТ-аас зугатах хандлага ихтэй холбоотой.

Өнөөдөр 3000 аж ахуй нэгж НӨАТ-тай холбоотой асуудал үүсгэсэн. Энэ нь бид өнөөдөр эдийн засагт байгаа мөнгөний нийт эргэлтийг бүртгэж чадахгүйд хүргэж байна. Энэ зөрүүтэй байдал нягтлан бодох бүртгэлээс үүсдэг.

-Тайлангийн үнэн зөв байдалд аудиторууд хяналт хийдэг шүү дээ. Тэд хэр ажиллаж байна гэсэн үг вэ?

Төрийн байгууллагын санхүүгийн тайланг магадладаг нь Үндэсний аудитын газар. Гэхдээ 100 хувь биш, Хувийн хэвшлүүдийн хувьд хараат бус аудитын компаниар магадлуулдаг. Тэд аудитдаа нэлээн хянамгай хандах ёстой. Гэтэл өнөөдрийн байдлаар бараг л нотариатын шинжтэй үйл ажиллагаа явуулдаг болох гээд байгааг шүүмжилмээр байна.

Монголд аудитын 100 орчим аж ахуй нэгж байгаа бөгөөд ямар хэмжээнд төлөвшсөн бэ гэдэг нь асуудал юм. Нөгөө талаас монгол улсын санхүү, бүртгэлтэй холбоотой бүх мэдээллүүдийг гадны үндэстэн дамнасан корпорациуд мэдээллийг нь авч аудит хийх эрхтэй байгаа нь мэдээллийн аюулгүй байдал талаасаа томоохон эрсдэлтэй гэдгийг хэлэх нь зүйтэй.

КПМЖ, Делойт, Эрнст энд Янг, Прайваутерхаус зэрэг үндэстэн дамнасан компаниуд манай төрийн байгууллагууд, том банкуудын бүх мэдээлэлд аудит хийж байна..

Үндэстэн дамнасан гадны компаниудаар аудит хийлгээд байх юм уу, эсвэл монголынхоо адуитын компаниудыг консорциум хэлбэрээр бий болгож, гаргах уу гэдэг нь дараагийн шатанд яригдах байх. Аудитын үйл ажиллагааг хязгаарлагдмал хариуцлагатай нөхөрлөл эсхүл хязгаарлагдмал хариуцлагатай компанийн хэлбэртэй байхаар заасан Одоогийн дэлхий нийтийн туршлага нь аудитын үйл ажиллагааг нөхөрлөл хэлбэрээр зохион байгуулж байгаа.

КПМЖ, Делойт, Эрнст энд Янг, Прайваутерхаус гэх мэт дэлхийн дөрвөн том, түүний хойноос цуварсан үндэстэн дамнасан аудитын байгууллагууд  бүгд нөхөрлөл хэлбэртэй байдаг. Иймээс энэ хууль батлагдсанаас хойш байгуулагдах аудитын байгууллага нь нөхөрлөл хэлбэртэй байх нь зүйтэй.

Нөхөрлөлийн гишүүд /партнерууд/  нь өмч, хөдөлмөрөө нэгтгэн ажилладаг. Партнерууд заавал бүтэн орон тоогоор ажиллаж үйлчлүүлэгчийг олох, гэрээ байгуулах  ба өөрийн ахалж гүйцэтгэсэн аудитын ажлын хариуцлагыг өөрөө хариуцаж дүгнэлтэд гарын үсэг зурах зэргээр зөвхөн аудитын асууудлаар нөхөрлөлийг төлөөлдөг. Аудитын нөхөрлөлийг одоогийн хүчин төгөлдөр байгаа Нөхөрлөлийн тухай хуулиар зохицуулж болно. 

-Монголын аудитын 100 орчим компани хэр чадвартай гэсэн үг вэ. Гадны компаниудад мэдээллээ алдах нь мэдээж аюултай шүү дээ?

Аудитын тухай хуулиндаа хоёр аудитортой байвал компани байгуулж болно гэсэн заалттай холбоотойгоор жижиг байдаг.  Үүнийг засах хэрэгтэй. Дараа нь өөрийн үндэсний бодлогоороо аудитын компаниудаа хөгжүүлэхэд анхаарах ёстой. Өнөөдөр аудитын компаниуд  зөвхөн аж ахуй нэгжүүдэд хийсэн аудитаараа л нийт орлогынхоо 80 орчим хувийг олдог.

2002 оны үед АНУ-ын ерөнхийлөгч Жорж Буш Аудитын тухай таван бүлэг, зургаан зүйлтэй Сарбанс-Окслигийн гэж нэрлэгддэг маш том хуулийг санаачлан батлуулж, хэрэгжүүлсэн байдаг. Сарбанс-Оксли бол АНУ-ын хоёр сенатч. Аудитын болон үнэт цаасны тухай хуулийг гаргасан явдал нь тус улсын сүүлийн жаран жилийн туршид байгаагүй чухал хууль болсон гэж үздэг юм билээ. Тиймээс манай улс НББ-ийн хууль, аудитын хуулиа маш нухацтай авч үзэх нь зайлшгүй.

Монгол улсын хувьд 1993 онд НББ-ийн хууль батлагдаж, өдийг хүртэлх хугацаанд ойролцоогоор зургаан удаа нэмэлт өөрчлөлт орсон. Өнөөдөр шинэчлэн найруулж байна. Өөрчлөлт оруулах нь зайлшгүй.

Нөгөө талаас 1993 онд байсан аж ахуй нэгжүүд өнөөдөр эрийн цээнд хүрсэн учир хуулинд өөрчлөлт оруулахдаа судлагаатай хандах хэрэгтэй. Гэхдээ бид өөрсдийн хийсэн судалгаан дээр үндэслэн НББ, аудитын тухай хуулийн шинэчлэлтэй холбоотойгоор УИХ-ын хэд хэдэн гишүүнд саналаа хүргүүлсэн байгаа.

-Хэзээ, ямар санал хүргүүлсэн бэ?

Төслийн 3.1.4 болон 17.3-т байгаа "Гэрээт ажлын партнер" гэснийг "партнер" гээж өөрчлөх, мөн 3.1.4-ийг дараах байдлаар найруулах:

"Партнер гэж нөхөрлөлд хувь хөрөнгө, хөдөлмөрөө нийлүүлж, үндсэн орон тоогоор ажилладаг мөн нөхөрлөлийг төлөөлөх эрхтэй, эрх бүхий байгууллагаас олгосон аудиторын батламж бүхий  гишүүнийг хэлнэ".

3. Төслийн 3.1.8-аас "төрийн" гэдэг үгийг хасах. Учир нь мэргэжлийн ТББ чанарын хяналт хийж болно.

4. Төслийн 8.3.4-ийн "тухайн үйлдвэрлэлийн гэдэг үгийг "аудитын үйлчилгээний" гэдэг үгээр солих.

5. Төслийн 8.4.1-ийн "шийдвэрийг тодорхойлох гэдгийг "шийдвэр гаргахад оролцох" гэж солих.

6. Төслийн 10.4-д байгаа "10.1, 10.2 болон 10.3-т" гэснийг "10 дугаар зүйлд" гэж өөрчлөх.

7. Төслийн 15.1.3 нь НББ-ийн тухай хуулийн төслийн 22.2.10-аас зөрүүтэй байгааг ижилсгэх.

"15.1.3 аудитын байгууллагаас зөвлөмж болгосон бүртгэлийн алдааны залруулгыг зөвшөөрсөн тохиолдолд тухайн санхүүгийн жил, улирлын тайланд залруулга хийх, зөвшөөрөөгүй тохиолдолд аудиторт үндэслэл бүхий тайлбар өгөх, аудитын байгууллагтай санал зөрвөл Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хороонд мэргэжлийн дүгнэлт гаргуулахаар саналаа хүргүүлэх"

8. Төслийн 15.1.4-өөс "аудиторыг чөлөөтэй сонгох" гэсэн үгийг хасах.

9. Төслийн 15.2.4-ийн " тодорхойлолтыг" гэсэн үгийн дараа "энэ зүйлийн 15.2.1-д заасны дагуу санхүүгийн тайланд хавсарган аудиторт хүлээлгэн өгөх" гэж оруулах. Учир нь үйлчлүүлэгчийн энэ тодорхойлолтыг аудитын ажил эхлэхэд үйлчлүүлэгч аудиторт гаргаж өгөх ёстой байдаг, гэтэл амьдрал дээр энэ тодорхойлолтыг нь өгөхгүй удааж, аудитын горимын зөрчилд оруулдаг явдал бий.

10. Төслийн 16.1.4 болон 17.4 заалтуудад байгаа "Стандартын хорооноос" гэдгийг "Нягтлан бодох бүртгэл, аудитын стандартын хорооноос" гэж өөрчлөх.

11. Төслийн 17.2-т байгаа "талаар тэмдэглэсэн тодруулга" гэдгийг "талаарх санхүүгийн тайлангийн тодруулга" нэж өөрчлөх.

12. Төслийн 18 дугаар зүйлийн нэрийг 3Аудитын талаарх хувьцаа эзэмшигчийн эрх" гэж өөрчлөх. Мөн 18.1-ийн эхэнд "аж ахуйн нэгж" гэсэн үгийн өмнө "Санхүүгийн тайлангийн аудитын дүгнэлт гарсны дараа" гэсэн үг нэмж оруулах.

13. Төслийн 18.2.4-оос "орон тооны" гэсэн үгийг хасах.

14. төслийн 19.3.1-ийн "дийлэнхи олонх" гэсэн үгийг " дөрөвний гурав" гэж өөөрчлөх.

-Ярилцсанд баярлалаа.