Э.Бат-Үүл: Төр өөрөө орон сууц барих нь зохимжгүй
Нийслэлд орон сууц барих ажлыг нэмэгдүүлж, эрчимжүүлэх шаардлага бий учраас Нийслэлийн орон сууцны корпораци (НОСК) байгуулахаар болсон.
НОСК байгуулагдсанаар иргэд орон сууцны урьдчилгаа 30 хувиа заавал нэг дор төлөх шаардлагагүй бөгөөд орлогоосоо хүссэн хэмжээ, хугацаанд Нийслэлийн орон сууцны санд төвлөрүүлэх юм. Урьдчилгаа хөрөнгийг бүрдүүлэхэд тодорхой хугацаа загаагүй бөгөөд иргэд 30 хувиа бүрдүүлж дуусмагц гэрээ байгуулж, байрандаа орох боломжтой болно.
НОСК иргэдийн хуримтлуулсан мөнгөөр хувийн хэвшлийнхийг татан оролцуулж барилгын ажлыг явуулна. Өөрөөр хэлбэл иргэдийн хуримтлуулсан урьдчилгаа мөнгөөр хөрөнгө босгож орон сууцаа барих ажээ.
Харин ТОСК хувийн хэвшлийнхэнтэй өрсөлдөн, зах зээлд хөндлөнгөөс оролцлоо гэх шүүмжлэл дагуулдаг. Иймд НОСК байгуулах нь бас л улс төрийн шийдэл хэмээн барилгын салбарынхан үзэж байгаа юм.
Үүнд хариулт өгсөн Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл “НОСК нийслэлийн удирдлага болон барилгын компаниудын хооронд зуучлах ажил л хийнэ. Түүнээс барилга захиалан бариулахгүй. Төр өөрөө орон сууц барих нь зохимжгүй” гэсэн юм.