И.Нарантуяа: Гурван сая дахь иргэн гэдгээрээ насан туршдаа бахархаг, хүүхдүүд минь
Монгол Улс 1961 онд нэг сая дахь иргэнээ өлгийдөж авсан бол тун удахгүй улсдаа бүл нэмж мэндлэх гурван сая дахь иргэнээ хүлээн авахаар бэлтгэл ажил ид өрнөж байна. Монгол улсын хүн амыг гурван саяын босго давуулах хүндтэй иргэнээ хүлээж буй энэ цаг үед Хүүхдийн төлөө үндэсний газрын дарга И.Нарантуяатай ярилцлаа.
-Гурван сая дахь иргэнээ хүлээж авах түүхэн явдлыг угтаад Хүүхдийн төлөө үндэсний газар өрнүүн их ажилтай байгаа нь лавтай. Хэзээ төрнө гэсэн тооцоо хийгээд байна?
Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ оны нэгдүгээр сард багтаж тодрох магадлалтай тооцоолол гарсан. Үндэсний статистикийн газраас 2015 оны нэгдүгээр сарын 5-ны өглөө Монгол улсын хүн амын тоо 2 сая 995 мянга 949 боллоо гэдгийг мэдээлсэн.
Тэгэхээр 4051 хүүхэд мэндлэхэд Монгол Улсын хүн ам 3 саяд хүрнэ, олон жилийн дунджаар хоногт 250-300 хүүхэд мэндэлдэг тооцоолол байгаа, гэхдээ хүн ам зүйн нарийн тооцооллоор төрөлтөөс гадна нас баралтын тоог ч харгалзан үзнэ. Энэ хоёр тооны блансаас гурван сая дахь иргэний төрөх өдөр нь тодорхой болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн захирамж, Монгол Улсын Засгийн газрын тогтоол шийдвэр гарсан гэдгийг та бүхэн мэдэж байгаа. Энэ түүхэн явдлыг тэмдэглэн өнгөрүүлэх, ёслол хүндэтгэлийн арга хэмжээг зохион байгуулах үүргийг Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайдын эрхлэх асуудлын хүрээнд манай байгууллага хариуцан бэлтгэл ажлаа ханган ажиллаж байна.
Монгол Улсын гурван сая дахь иргэн энэ оны нэгдүгээр сард багтаж тодрох магадлалтай тооцоолол гарсан.
Төр засгийн зүгээс Монгол Улсын гурван сая дахь иргэндээ 70 сая төгрөгний үнэтэй гурван өрөө байр олгоно, мөн тэр өдөр мэндэлсэн үе чацуутныг тодруулж тус бүр гурван сая төгрөг гардуулна. Гурван сая дахь иргэнийг төрүүлсэн ээжийг ч урамшуулахаар шийдвэрлэсэн байгаа. Хүн амаа өсгөх бодлогын хүрээнд төрөлтийг урамшуулж, дэлхий нийтэд Монгол Улс гурван сая хүнтэй болсноо зарлаж байгаа түүхэн үйл явдал юм л даа.
-Хариуцлагатай ажил учраас алдаа гаргах эрх хэн хэнд маань байхгүй. Гадаадад төрж байгаа Монгол иргэн маань ч үүнд хамаатай байх, тийм үү?
Тэгэлгүй яахав. 2014 оны арванхоёрдугаар сард Засгийн газрын шийдвэр гарсан даруй салбар дундын зохицуулалтыг хангасан ажлын хэсэг байгуулагдан ажилласан. Монгол Улсын харьяалалтай иргэн нийслэл, орон нутаг, гадаад оронд хаана төрснийг үл харгалзан төрсөн хүүхдийг 3 сая дахь иргэний бүртгэлд хамруулна. Бид хүний эрхийг, тэр тусмаа хүүхдийн язгуур эрхийг дээдлэх зарчим баримтлан ажиллах ёстой, ажиллаж ч байна. Монгол хүүхэд дэлхийн аль ч өнцөг буланд төрж болно, хүүхдийн эрхийг дээдлэх нь бидний эрхэм үүрэг шүү дээ.
-Хөдөө орон нутагт мэндэлсэн хүүхдүүдийг аймгийн Хүүхдийн төлөө газрынхан болон удирдлагууд нь хүлээж авах нь ээ?
Орон нутагт гурван сая дахь иргэн, түүний чацуутан төрвөл орон нутгийн төр захиргааны байгууллага, хүүхэд, гэр бүлийн хөгжлийн байгууллага шат дараалсан арга хэмжээ авч ажиллана. Гурван сая дахь иргэн хөдөө орон нутагт мэндлэхийг үгүйсгэхгүй, үе чацуутнууд нь аймаг, нийслэл, сум, дүүрэг, төвөөс алслагдсан сум, хороо, багийн нутаг дэвсгэрт төрөх магадлалтай.
Тийм болохоор эх хүүхдийг эсэн мэнд төрүүлэх, бүртгэх, хүлээн авах гээд бүхий л тал дээр орон нутгийнхан маань үүрэг хүлээн ажиллаж байна. Талуудын үйл ажиллагааны зохион байгуулалтыг манай нийслэл, орон нутаг дахь Хүүхэд, гэр бүлийн хөгжлийн газар, хэлтсийнхэн хариуцна. Бид орон нутгаа арга зүйгээр хангаж, зөвлөмж чиглэл өгч байгаа.
-“Ардчилал” сонин саяхан хоёр сая дахь иргэдтэй уншигчдаа уулзуулсан. Тэдэнд хоёр саядахь иргэн гэдгийг нь батламжилсан медаль, ээжид нь мөн медаль дурсгасан байдаг юм билээ. Харин гурван сая дахь иргэнд гэрэгэ гардуулна гэлээ?
Үндэсний бахархал, монголчуудын хүндэтгэлийн баталгаа, түүнийг гэрчлэх дурсамж гэрэгэ байх болов уу. Тиймээс гурван сая дахь иргэн бүрт гардуулна. Бэлтгэл ажлын хүрээнд гурван сая дахь иргэнд зориулсан лого, тэмдгийн загварыг үндэсний үйлдвэрлэгчдэд хүргүүлээд байна.
Хүүхдийн эрх ба бизнесийн зарчимд нийгмийн хариуцлагаа ухамсарлаж байгууллагууд бидний саналыг дэмжиж, гурван сая дахь иргэнийг тодорхой хугацаанд, насанд хүртэл нь ч юм уу өөрийн нэрийн бүтээгдэхүүнээр хангах, мөн Монгол Улс гурван сая хүн амтай болсон түүхэн үйл явдлыг бэлэгшээн олон нийтэд таниулах, сурталчлах, санал санаачлага өрнөх болно. Удахгүй мэндлэх хүүхдүүд маань насан туршдаа гурван сая дахь иргэн гэдгээрээ бахархаж яваасай. Ингэж бахархах, баярлах нөхцөл боломжийг л бид бүрдүүлж өгөх үүрэгтэй.
-Гурван сая дахь иргэн төрөх сургаар хоёр сая дахь иргэд маань ил гарч эхэллээ. Хоёр сая дахь иргэнд улсаас хоёр өрөө байр амлаж байсан ч тухайн үедээ авч чадаагүй, бас нэг нь онгоцоор нисэх эрх хүртсэн ч түүнийгээ ашиглаж чадаагүй гэж ярьж байсан. Тэгэхээр удахгүй мэндлэх бяцхан үрсэд насан туршийнх нь бахархлыг бий болгоно гэдэг сайхан санаа байна.
Хүн ам өсч олуулаа болох нь улс орны хөгжлийн бодлогод хамгийн чухал асуудал шүү дээ. Нэг сая дахь, хоёр сая дахь иргэн төрж байсан тэр он жилүүдэд нийгмийн амьдрал, цаг үе ямар байснаас шалтгаалан иргэндээ үзүүлэх хүндэтгэл, урамшуулал өөр өөр байсан байх.
Монгол Улсад 1961 онд нэг сая дахь иргэн, 1988 онд хоёр сая дахь иргэн төрж, тухай бүрд нь төрийн зүгээс хүндэтгэл үзүүлэн түүхэн үйл явдал болгон тэмдэглэж үлдээсэн байдаг. Харин гурван сая дахь иргэн маань Монгол Улсад хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн үүсч хөгжсөний түүхт 90 жилийн ой тохиож буй жилд мэндэлж байгаагаараа онцлог гэж хэлж болно.
Монгол Улсад 1961 онд нэг сая дахь иргэн, 1988 онд хоёр сая дахь иргэн төрж
Нэг, хоёр, гурван сая дахь иргэд маань бүгдээрээ л төрж мэндэлсэн тухайн цаг үедээ нийгэмд ард түмнээ баярлуулж, олуулаа болохын бэлгэдэл нь болсон Монгол түмний маань бахархал юм.
-Цэдэнбал Филатоваг дурсан санах зүйл монголчуудад олон. Нэгэн цагт таныг ч бас дурсан санах сайн үйлсийн нэг нь гурван сая дахь иргэнээ тодруулж хүндэтгэсэн энэ түүхэн үйл явдал болох нь...
Гурван сая дахь иргэн мэндлэх энэ цаг үед Хүүхдийн төлөө үндэсний газрыг удирдаж байгаа нь үнэхээр сайхан хэрэг. Тиймээс хожим хойно бахархаж үлдэхүйцээр энэ ажлаа зохион байгуулчих юмсан гэж хичээж байна. Бизнесийнхэн маань мундаг болжээ. Өчигдөрхөн гурван сая дахь иргэний нялх ахуйн зургаар цомог хийх санал манайд ирлээ.
Ээжийн, аавын үр, эх орны иргэн болж энэ хорвоод дуу хадааж мэндлэх нь хүний амьдралд ганц л тохиох торгон агшин. Эхийн хэвлийгээс мэндэлж, эх орондоо түүх нэмэх тэр л алтан агшныг гэрэл зурагт мөнхлөөд үлдээчихвэл 80 насалсан хойно нь ч дурсгалтай шүү дээ. Хүнд заавал мөнгө төгрөг гэхээс илүү насан туршийн дурсамж бэлэглэх нь сайхан.
-Та гурван сая дахь иргэний тухай шинэхэн ач зээгээ тосч авах гэж байгаа эмээ шиг л ярьж байна. Ингэхэд та эмээ болж амжсан уу?
Бололгүй яах вэ, хоёр ачтай. Гурван сая дахь иргэнээ хүлээн авах бэлтгэл ажилд гар бие оролцож буй нь сэтгэлд их сайхан баяр баясал өгч байгаа шүү. Хүүхдийн байгууллага гэдэг зорилго, үйл хэрэг нь гэгээлэг боловч, хүүхдүүдэд тулгарч буй ядуурал, гэр бүлийн хүчирхийлэл гээд сэтгэл эмзэглүүлсэн олон асуудалтай нүүр тулдаг болохоор сэтгэл байнга зовинохоос өөр аргагүй болгодог.
Хүн бүр л хүүхэд насыг дайрч өнгөрсөн шүү дээ. Хүүхэд гэдэг тэр энхрий бяцхан үрс чинь хэн нэгэн том хүнээс хамааралгүйгээр биеэ дааж эрхээ эдэлж, үүргээ хариуцаж мэдэхгүй шүү дээ. Тийм болохоор хүүхдийн эрхийг хүндэтгэсэн, хүүхдийн язгуур эрхийг дээдэлсэн, хүүхдийн эрхийн зөрчилгүй нийгмийг бий болгохын төлөө чин сэтгэлээ зориулан, баг хамт олноо удирдан ажиллаж байна даа.
-Монголын хүн ам өсч л байвал танай байгууллагын ажил тэр хэрээр ихэснэ гэж ойлгож байна. Өнгөрсөн онд хууль эрх зүйн олон өөрчлөлтийг Хүүхдийн төлөө үндэсний газар хийсэн. Энэ ажил хэр ахицтай байв?
Гурван сая дахь иргэнээ хүлээн авах бэлтгэл ажилд гар бие оролцож буй нь сэтгэлд их сайхан баяр баясал өгч байгаа шүү
Өнгөрсөн 2,8 жилийн хугацаанд хүүхдийн төлөө олон асуудал дээр шийдвэр гаргалаа. Хүүхдийн хөгжил, оролцооноос гадна хүүхэд хамгааллын асуудлыг өмнөхөөс нь өндөрт тавьж ажилласан. 1996 онд батлагдсан Хүүхдийн эрхийг хамгаалах тухай нэг л хууль олон жилийн туршид хэрэгжиж байсан. Даяаршсан нийгмийн өрх гэрийн хөгжлийн хүрээг үндэслэн Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Хүүхдийн эрхийг хамгаалах тухай болон хүн амын бүлгүүд, хүүхэдтэй хамааралтай хуулиудыг эргэж харсан.
Хууль зүйн яам өнгөрсөн хоёр жил сайн ажилласан. Гэр бүлийн тухай хууль үндсэндээ өөрчлөгдсөн. Гэр бүлийн гишүүн бүрт рүү чиглэсэн хууль болсон. Хэн ямар үүрэгтэй вэ гэдгийг ч нарийн тусгасан. Хүүхдийн хуулийг “хүүхдийн эрхийн тухай”, “Хүүхэд хамгааллын тухай” хууль гэж хоёр салгасан. Ингэснээр хүүхдийн эрх зөрчигдөхөд хэн буруутайг нарийн ялгаж салгаж ялгамжтай авч үзэх боломжтой боллоо.
Хүүхдийн эрхтэй холбоотой асуудлуудын үндэслэлд анхаарал хандуулсан суурь судалгааг ч манай байгууллагаас сайн хийж, түүнийгээ хуульд оруулсан өөрчлөлтүүдэд тусгаж чадлаа. Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яамнаас хуулийн төслүүдэд онцгойлон анхаарч ажиллаж байна. УИХ-аас дэмжигдэх байх аа.
-НҮБ-ын Хүүхдийн эрхийн тухай конвенцид Монгол Улс нэгдэн орсны 25 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Энэ ойг баяр болгож тэмдэглэхээс илүү хийсэн ажлаа тайлагнаж өнгөрүүлсэн байх?
НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд, бид дөрвөн жил тутамд нэг удаа хэрэгжилтийн тайлангаа илтгэдэг. 2014 онд бид Хүүхдийн эрхийн конвенцийн хэрэгжилтийн тав дахь удаагийн үндэсний тайлан илгэлээ бичиж, НҮБ-ын Хүүхдийн Эрхийн Хороонд хүргүүлэхээр бэлтгэлээ. Намайг үүрэгт ажлаа гүйцэтгэж байх хугацаанд энэ хариуцлагатай үе тохиосон.
Монгол Улсад хүүхдийн эрхийн асуудал ямар түвшинд байгааг энэ тайлан илтгэлээс харж, цаашид яаж ажиллах, аль асуудалд түлхүү анхаарах талаар зөвлөмж ирүүлдэг, бид дараагийн дөрвөн жилд тухайн зөвлөмжийг үйл ажиллагаандаа тусган ажиллах үүрэгтэй байдаг. 2014 он манай байгууллагын хувьд хүүхдэд ээлтэй шийдвэр олныг гаргасан бүтээлч жил болж өнгөрлөө.
-Хүүхдийн байгууллагын 2015 онд хийж хэрэгжүүлэхээр төлөвлөсөн ажлын талаар хоёулаа ярилцъя?
2015 он бол Монгол Улсад хүүхдийн байгууллага, хүүхдийн хөдөлгөөн үүсч хөгжсөний 90 жилийн ой тохиох түүхэн жил болж байгаагаараа хүүхдийн байгууллагын хувьд онцлог бөгөөд энэ онд Монгол Улсын гурван сая дахь иргэн төрж мэндэлж байгаа нь бүр их бэлгэшээлтэй байна. 2015 онд хүүхдийн салбарт шинээр батлагдах Гэр бүл, хүүхдэд хамаарах хуулиудын хэрэгжилтийг хангах, хүүхдийн салбарт хэрэгжиж буй төрийн бодлого, үндэсний хөтөлбөрүүдэд бодлогын шинжилгээ хийх, хүүхдийн тухай статистик мэдээллийг боловсронгуй болгох зэрэг бодлогын асуудал руу анхаарал хандуулан ажиллана. Үйл ажиллагааг хэрэгжүүлэх, зохион байгуулах чиглэлд нийслэл орон нутгаа арга зүйгээр ханган ажиллана.
Гэр бүлийн тухай хууль батлагдсанаар манай байгууллагад гэр бүлийн асуудлыг эрхлэх шинэ чиг үүрэг нэмэгдэхээр байгаа. Хүүхдийг гэр бүлээс салангид авч үзэх ямар ч боломжгүй юм. Хүүхдийн хөгжил төлөвшил гэр бүлийн орчноос шууд хамааралтай, тийм болохоор хүүхэд төвтэй гэр бүлийн бодлогын хүрээнд үйл ажиллагаа маань явагдана. Хүүхдийн төлөөх нөр их ажил бидний өмнө байна. Хэдийгээр хүүхдийн асуудал салбар бүрт хамааралтай, зохицуулалт ихтэй байдаг ч цаанаа л гэгээн учраас бидэнд илүү их ажиллах урам өгдөг дөө.
-Цаг зав гарган бидэнтэй уулзаж чин сэтгэлээсээ ярилцсан танд баярлалаа. Ажлын амжилт хүсье.
Баярлалаа. Нэгэн цагт Монголын хүүхдийн хөдөлгөөнийг санаачлагч, үүсгэн байгуулагч их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн “Монголын үрс маш олон болтугай” гэж хэлсэн сайхан үгийн ерөөл оршиж бид олуулаа болж байна. Хүүхэд бүрийн сайн сайхны төлөө бидний үйл ажиллагаа улам өрнөнө гэдэгт итгэлтэй байна. Гурван сая дахь иргэн маань мэндэлсний дараа та бүхэнтэй дахин ярилцана гэж бодож байна. Танай сониноор дамжуулан Монголынхоо бүхий л гэр бүл, хүүхдүүдэд нь сайн сайхныг хүсэн ерөөе өө.