Улаан.Ч 2015.01.20 | Сонин: Үндэсний Шуудан

Ч.Улаан: Би биш УИХ буруутай

Ч.Улаан: Би биш УИХ буруутай
УИХ-ын гишүүн Ч.Улаан

УИХ-ын гишүүн Ч.Улаанаас дараахь тодруулгыг авлаа.

-Таныг Сангийн сайд байхдаа дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээний талаар УИХ-д худлаа мэдээлэл өгч байсан байна гэх шүүмжлэл гарсан. Та үүнд ямар тайлбар хэлэх вэ?

Хэрэв үнэхээр тэгж буруу ярьсан бол протоколд үлдсэн л байгаа. Тиймээс энэ бол шал худлаа яриа. Би хуулийн дагуу өнгөрсөн оны есдүгээр сарын 30-нд УИХ-д 2015 оны төсвийн төслийг өргөн барьсан. Мөн Монгол Улсын өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 48 хувьтай тэнцүү байна.

Тиймээс өрийн хязгаарыг 2015 онд 70 хувь болгож өсгөе гэдэг саналыг өргөн барьсан. Би аравдугаар сарын 16-нд Сангийн сайдын ажлаа өгсөн. Түүнээс хойш УИХ- аар 2015 оны төсвийн төслийг Сангийн сайдгүйгээр хэлэлцсэн. Ингэхдээ анхны хэлэлцүүлэг дээр Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах саналыг УИХ хүлээж аваагүй.

УИХ хуулийн төслийг унагачихаад Засгийн газарт чиглэл өгсөн. Ямар чиглэл өгсөн гэхээр “Өрийн хэмжээг хуульд заасан 40 хувиас нь хэтрүүлэхгүй бай. Хоёрдугаарт эдийн засгийн өсөлтийг долоон хувь гэж тооцсон чинь буруу байна. 12 хувь гэж төлөвлөсөн хэмжээгээрээ тооцож төсвийн төслөө өргөн барь" гэсэн.

Үүнийх нь дагуу Засгийн газар арваннэгдүгээр сарын 4-нд хоёр дахь төслөө өргөн барьсан. Түүнд нь УИХ-аас өгсөн чиглэлийн дагуу өрийн хэмжээг дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьд нь барина гэсэн тооцоог хийсэн.

УИХ хуулийн төслийг унагачихаад Засгийн газарт чиглэл өгсөн. 

Тийм учраас намайг Сангийн сайд байхад өр дотоодын нийт бүтээгдэхүүний 40 хувьтай тэнцүү байсан гэж байгаа нь УИХ-ын гишүүд өөрсдөө чиглэл өгч боловсруулуулсан асуудлаа мартчихсан байгаагийн шинж. Хоёрдугаарт, эдийн засгийн үзүүлэлтүүдийг уялдаа холбоотой, бланстай боловсруулдаг зарчмаас гажуудуулж,      өөрсдийнхөө санаанд тааруулсан чиглэл өгчихөөд одоо түүнийгээ эзэнтэй болгох гэж бусдад наах гэж байгаа нь явуургүй үйлдэл.

Шинэ Сангийн сайд арванхоёрдугаар сарын 10-нд томилогдсон. Өөрөөр хэлбэл, 2015 оны төсвийг Сангийн сайдгүйгээр баталсан. Анх оруулж ирсэн бодлогыг нэлээд өөрчилсөн. Үзүүлэлтүүдийг нь уялдаа зохицолгүй байдалд хүргэсэн.

-Та Сангийн сайдаар ажиллаж байхдаа өрийн хэмжээг хуулийнх нь хязгаарт барьж чадаагүй гэсэн үг үү?

2013 оны хувьд өрийн хэмжээг хуулийн хязгаарт нь  барьсан. Тухайн үед хязгаар нь дотоодын нийт бүтээгдэхүүний 50 хувь байсан юм. Би 50 хувьд нь барьсан. Харин 2014 онд хуулийн хязгаар 40 хувь болоход энэ хэмжээнд барьж чадаагүй.

40 хувь болгоно гэдэг нь эдийн засгаа автоматаар 10 хувиар агшаагаарай гэсэн үг. Ийм боломж алга гэдгийг тухайн үед нь хэлж байсан. Хөгжлийнхөө хэрэгцээ шаардлагыг харгалзан үзээд хуулиа эргэн харж үзэх ёстой гэдэг санааг олон удаа хэлж байсан. Дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх өрийн хэмжээ буурахад зөвхөн ханш нөлөөлдөг юм биш.

Зөвхөн дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлт нөлөөлдөг. Эдийн засгаа өсгөж чадвал энэ харьцаа аяндаа буурна. Гэтэл эдийн засагт өсөлт гарахгүй байна. Үүн дээр эдийн засгийн ямар ч онол хэрэггүй. Харин УИХ асуудалд бүтээлч хандах хэрэгтэй.

Ингэхгүйгээр Засгийн газарт боломжгүй, уялдаагүй чиглэл өгч будилуулж буруу тоо гаргуулчихаад түүнийгээ хэн нэгэн хэлсэн болгох гэж байгаа бол тэр хурлынхаа протколыг гаргаад ирээрэй.

-Энэ онд өрийн хэмжээ дотоодын нийт бүтээгдэхүүний 58.3 хувьтай байна гэдэг хэр бодитой тоо вэ?

Оны эцэст 58.3 хувь байна гэдгийг зөв, буруу гэж хэлэх боломжгүй. Яагаад гэвэл, амьдрал өдөр тутамд өөрчлөгдөж байна. Тодорхой байгаа ганц үнэн зүйл бол одоогийнхоо хуулийн хязгаарт багтахгүй гэдэг нь л үнэн. Үүнийг бүгдээрээ хүлээн зөвшөөрөх ёстой.

Оны эцэст 58.3 хувь байна гэдгийг зөв, буруу гэж хэлэх боломжгүй. 
-УИХ таван тэрбум ам.долларын хөрөнгө босгох эрхийг Засгийн газарт өгсөн. Тэгсэн хэрнээ одоо УИХ нь Засгийн газарт хөрөнгө босгох боломж олгохгүй байна. Энэ хоёр зөрчлийг юу гэж ойлгох вэ?

Үүнийг ойлгоход эдийн засгийн том онол хэрэггүй. Асуудалд бүтээлч хандах нь л чухал байгаа юм. Анх УИХ Засгийн газарт чиглэл өгөхдөө эдийн засагтаа хөрөнгө оруулалт хийгээрэй, гаднаас хөрөнгө оруулалт татаарай гэж таван тэрбум ам.долларын хөрөнгө босгох чиглэл өгсөн.

Үүнийх нь дагуу Засгийн газар эхний ээлжид 1.5 тэрбум ам.долларын хөрөнгө босгосон. Гэтэл нэг жилийн дараа энэ үйл ажиллагаа цаашаа үргэлжлэхгүйгээр зогссон. Төсвийн тогтвортой байдлын тухай хуульд заасан төсвийн алдагдал дотоодын нийт бүтээгдэхүүний хоёр, өөрийн хэмжээ 40 хувиас хэтрэхгүй байх ёстой гэж шахаж байгаад энэ хөрөнгө оруулалтыг зогсоосон.