“Эрүүл элэг-эрүүл чийрэг монгол хүн” сэдэвт хэлэлцүүлэг боллоо
Улсын Их Хурлын Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооноос “Эрүүл элэг-эрүүл чийрэг монгол хүн” сэдэвт хэлэлцүүлгийг өнөөдөр /2015.01.27/ зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг нээж Улсын Их Хурлын гишүүн, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны дарга Д.Батцогт үг хэлэв.
Тэрээр хэлсэн үгэндээ, Өнөөдрийн байдлаар зүрх судасны өвчний дараа буюу нийт нас баралтын хоёрдугаарт элэгний өвчлөл орж байна. Элэгний вируст гепатит өвчнийг эрт илрүүлэх үүднээс иргэн бүрийг вируст гепатитын шинжилгээнд хамруулах, энэ төрлийн халдвартай хүмүүсийг улсын хэмжээнд бүртгэн цаг алдалгүй эмчилгээ хийх, таргалалт, бодисын солилцооны эмгэг, архи буюу эмийн хэрэглээтэй холбоотойгоор үүсэх элэгний өөрчлөлтөөс урьдчилан сэргийлэх сургалт, сурталчилгааг цаашид улам илүү эрчимжүүлэх шаардлагатай байна
.Элэгний В, С вирусын халдвар нь цус цусан бүтээгдэхүүний ариун чанар болон эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийн ариутгал бүрэн хангагдаагүй байдалтай шууд холбоотой тул халдвар дамжих замыг таслан зогсооход бид бүхний анхаарал чиглэх ёстой. Иймээс өнөөдөр Та бүхэнтэй “Эрүүл элэг-эрүүл чийрэг монгол хүн” сэдвийн хүрээнд элэгний өвчлөлийг бууруулах арга зам, урьдчилан сэргийлэх ажлыг хэрхэн оновчтой зохион байгуулах тухай, цаашид авах арга хэмжээний талаар харилцан ярилцахаар энэхүү хэлэлцүүлгийг зохион байгуулж байна гэв.
Өнөөдрийн байдлаар манай улсад 750 мянган хүн /300 мянган хүн “В” вирусын халдвартай, 450 мянган хүн “С” вирустэй/ архаг вируст гепатитын халдвартай байна гэсэн статистик үзүүлэлт байгаа бөгөөд энэ нь элэгний хавдраар нас барсан иргэдийнхээ тоогоор Лаос, Египет, Вьетнам зэрэг улсаас 2-3 дахин их буюу дэлхийн дунджаас найм дахин их гэсэн үзүүлэлтээр дэлхийд тэргүүлж байгаа аж.
Хэлэлцүүлэгт Эрүүл мэнд, спортын сайд Г.Шийлэгдамба Шинэчлэлийн Засгийн газрын “Эрүүл чийрэг монгол хүн” мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд элэгний өвчлөлийг бууруулах, урьдчилан сэргийлэх талаар авч хэрэгжүүлж байгаа үйл ажиллагаа, цаашид авах арга хэмжээний талаар танилцуулав.
элхийн эрүүл мэндийн байгууллагын Монгол дахь Суурин төлөөлөгч Су Нюунт-У Вируст гепатиттай тэмцэхэд Монгол Улс дэлхий нийтийг манлайлан оролцож буй энэ үеэр онцлов. Түүнчлэн Халдварт өвчин судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Нямхүү “Вируст гепатиттай тэмцэх, сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ”, Хавдар судлалын үндэсний төвийн ерөнхий захирал Д.Төмөрбаатар “Элэгний хавдартай тэмцэх, сэргийлэх талаар авч хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашдын зорилт” сэдвүүдээр тус тус илтгэл тавьсан юм.
Хэлэлцүүлэгт Улсын Их Хурлын гишүүн Г.Баярсайхан, С.Одонтуяа болон холбогдох эрүүл мэндийн байгууллагуудын төлөөлөл оролцов хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.