“Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах” нь үндэсний чуулга болж байна
“Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг хангах нь” Үндэсний чуулга уулзалт өнөөдөр 09 цагт “The Blue Sky”-ын 3 давхарт байрлах Diamond танхимд боллоо.
Үндэсний чуулгыг Эрүүл мэнд Спортын сайд Г.Шийлэгдамба нээж үг хэлсэн. Тэрбээр “Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын аргачлалаар 2012 онд хийсэн судалгаагаар зах зээл дэх эмийн 19 хувь нь бүртгэлгүй 14 хувь нь стандартын шаардлага хангахгүй байна гэсэн дүн гарсан байна.
Эмч нар жор бичдэггүй, эмийн санч жоргүй эм олгодог нийтлэг дутагдал байсаар байгаа ч цаашид төр засгийн зүгээс тавих хяналт, зохицуулалтын талаар болон эм хангамжийн салбарынханд хийх ажил нилээдгүй байгаагийн нэг илрэл юм.
Иймд эмийн аюулгүй байдлын нэгдсэн цахим тогтолцоог нэвтрүүлж, улмаар хүн амыг аюулгүй, баталгаатай эмээр хангаж, эмийг жороор олгож түүний зохистой хэрэглээг төлөвшүүлэх үүднээс “Эмийн чанар, аюулгүй байдлын мэдээллийн тогтолцооны системийг нэвтрүүлэх асуудлыг Засгийн газар дэмжин, бэлтгэл ажил хангагдлаа.
Шийдлийн Засгийн газраас өндөр хөгжилтэй орнуудын шинэ дэвшилтэд технологи бүхий эм, эмнэлгийн хэрэгслийг эмнэлгийн тусламж үйлчилгээнд нэвтрүүлэх үүднээс эмийн бүртгэлийн үйл ажиллагааг хөнгөвчилж, эмийн хатуу зохицуулалттай орнуудад бүртгэсэн эмийг богино хугацаанд, чирэгдэлгүй бүртгэж, бизнесийн таатай орчныг бүрдүүлэхээр анхаарал хандуулан ажиллаж байна.
Эм хангамжийн салбарын ажилтан, ажиллагсад та бүхэн мэргэжилдээ үнэнч байж, төр засгаас авч хэрэгжүүлж буй бодлогыг ойлгож, дэмжин ажилладагт талархаж байгаагаа илэрхийлье” хэмээгээд чуулганы ажиллагаанд амжилт хүссэн юм.
Энэ удаагийн үндэсний чуулга уулзалтад Эрүүл мэнд спортын дэд сайд Д.Атармаа, УИХ-ын ахлах зөвлөх С.Ламбаа, УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл, МХЕГ-ын дарга Д.Батмөнх, Азийн хөгжлийн банкны Эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх төслийн багийн ахлагч В.Банненберг, Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга Ш.Энхбат нар болон албаны бусад хүмүүс оролцож байна. Мөн эм зүйн салбарын, төрийн болон төрийн бус байгууллагын нийт 300 төлөөлөгчийн бүрэлдэхүүнтэйгээр эмзүйн салбарынхан чуулж байна.
Эрүүл мэнд, спортын дэд сайд Д.Атармаа “Төрөөс эмийн талаар баримтлах бодлого, Эм эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар илтгэл тавьсан бол АХБ-ны Эмийн аюулгүй байдлыг бэхжүүлэх төслийн багийн ахлагч В.Банненберг “эхийн зохицуулалт, засаглалын олон улсын чиг хандлага сэдвээр илтгэл тавьсан.
Монгол Улсын эмийн үндэсний бодлогын тулгуур зарчмыг 1993 онд хуралдсан эмийн үндэсний бодлогын анхдугаар бага хурлаас томъёолсон байдаг. Энэ нь ДЭМБ 1970-аад оны дунд үеэс хүн амынхаа эмийн үндсэн хэрэгцээг хангах, хүн амд үзүүлэх эрүүл мэндийн тусламжийн хүрээнд үйлчилгээний өндөр идэвхтэй, хор аюул багатай, боломжийн үнэтэй эмээр хангах бодлогыг дэвшүүлэн тавьсныг Монгол Улс хэрэгжүүлж эхэлсний гол илрэл болсон юм.