Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн төслийн өөрчлөлтийг гишүүд дэмжсэнгүй
Улсын Их Хурлын чуулганы баасан гараг /2014-12-12/-ийн нэгдсэн хуралдаан Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг үргэлжлүүлэн хэлэлцэв.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Эрүүл мэндийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг хэлэлцлээ. Хуулийн төслийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү 2014.06.20-ны өдөр өргөн мэдүүлсэн юм.
Хууль санаачлагчийн илтгэлийг Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүү, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Д.Сарангэрэл нар танилцуулсан.
Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөл батлагдсанаар хуулийн хэрэгжилт сайжран, эм, эмнэлгийн хэрэгслийг худалдах, эмийн зохистой хэрэглээтэй холбогдон гарч байгаа зөрчил, дутагдал багасах эрх зүйн механизм бий болно хэмээн хууль санаачлагч үзэж байгаа юм. Гишүүдийн зүгээс гаднаас хяналтгүй, хуурамч эм ихээр орж ирж байгаа. Эм бол хор. Иргэд эмчийн жоргүй өөрсдийн дураар дуртай эмээ авч хэрэглэж байгаад ямар ч хяналт байдаггүй. Юуны өмнө Эмийн талаар төрөөс баримтлах бодлогын баримт бичигтээ өөрчлөлт оруулах шаардлагатай гэсэн байр сууринаас хандаж байсан юм
С.Эрдэнэ: Импортын бодлого дээр ямар бодлого барих юм бэ?
Импортоор ороод ирчихсэн эм, эмнэлэгийн хэрэгсэл, тоног төхөөрөмжийг ашиглах, худалдах, борлуулах гэсэн харилцааг зохицуулахаас гадна импортын бодлого дээр ямар бодлого барих юм бэ?. Тодорхой сүлжээний лоббигоор эм, тариа орж ирж байна. Ийм төрлийн бүтээгдэхүүн оруулж ирж байгаа байгууллагын шалгуур маш өндөр байх ёстой.
Д.Ганхуяг: Эмийн сангийн үйл ажиллагааг заавал төр хийгээд байх шаардлагагүй
Эмчин зөвшөөрлөөр авдаг эмийг л эмийн сангууд маань яг мөрдөөд явах ёстой юм л даа. Төрийн эмнэлэгүүдийн хажууд, төрийн өмчийн эмийн сан баригдах болох гээд байна. Өөрөөр хэлбэл энэ бүүр концепцийн чанартай асуудал шиг харагдаад байна. О.Баасанхүү гишүүн судалсан байх. Эмийн сангийн үйл ажиллагааг заавал төр хийгээд байх шаардлагагүй юм гэсэн концепцоор хууль өмнө нь батлагдаж байсан.
Г.Баярсайхан: Эмийн асуудалд ул сууриар нь хандах ёстой.
Энэ хөнгөн хуумгай хандаж болохгүй маш чухал асуудал шүү. Чанаргүй эмээс болж үхэж байгаа нь үхлийн шалтгааны тавдугаарт бичигддэг юм. Эмийн асуудалд ул сууриар нь хандах ёстой. Үндэс ул суурьгүй асуудлыг чуулган дээр оруулж ирж байна. Эмийн чанар монголын ард түмний амь настай шууд хамааралтай. Хямд эм ярьж байна. Хямд эм гэдэг бол дэлхийн хар зах зээл дээр байгаа чанаргүй, маш хямд эм шууд орж ирж иргэдийн амь насанд нөлөөлж байна. Эмийн чанар, үнэ хоёр холбоотой гэдгийг ойлгох хэрэгтэй. Монголд эм ханган нийлүүлэх систем тодорхой хуулийн хэмжээнд явагдаж байгаа. Энд засаж залруулах зүйл байгаа.
О.Баасанхүү: амгийн гол нь эмч, өвчтөн, эм гэсэн гурван субъектийн хоорондын зохистой харилцааг шийдэх шаардлага гараад байна
Төр эмийн бизнес хийх гээд байгаа зүйл байхгүй. Хамгийн гол нь эмч, өвчтөн, эм гэсэн гурван субъектийн хоорондын зохистой харилцааг шийдэх шаардлага гараад байна. Дэлхийн ихэнх орнуудад эмийн сангууд нь эмнэлгээ тойроод байрладаг. Сонгодоо ч гэдэг юмуу том эмнэлэгүүдийн эмийн сангуудаас хүн шууд очоод эм авах боломжгүй. Эмчид нь үзүүлээд, хэрэглэх ёстой зохистой эмээ л авдаг. Гэтэл бусад эмнэлэгүүд тийм зохистой эм хэрэглүүлэхгүй байна. Үүнийг заавал шийдэх ёстой. Өвчтөн өөртөө хэрэгтэй эмийг эмчээс л мэднэ. Гэтэл гуравдугаар шатлалын эмнэлэгт өвчтөн эмчийнхээ хяналтанд эмээ авч хэрэглэж чадахгүй байна. Энэ өрхийн эмнэлэгийн асуудал яриагүй шүү. Тодорхой хэмжээгээр үнэ буурна. Хүн хоёр гурван хайрцгаар биш хоёр гурван ширхгээр эм худалдан авч болох юм.
Д.Батцогт: Хуулиудыг хамт хэлэлцээд явах нь зүйтэй
Би дэмжихгүй байна.О.Баасанхүү гишүүний ярьж байгаа санаа нь их зөв. Гэхдээ томъёлол нь эсрэгээрээ болчхоод байна. Бид саяхан эмийн талаар төрөөс баримтлах бодлогыг баталсан. Одоо ЭМЯ-аас эм, эмнэлэгийн хэрэгслийн тухай хуулийн шинэчилсэн найруулга, Эрүүл мэндийн хуулийн шинэчилсэн найруулгыг шинэчлэн өргөн барихаар бэлтгэчихсэн байгаа. Эрүүл мэндийн яамны хурд хэтэрхий удаан, эрүүл мэндийн салбарт хууль эрхзүйн орчин нь дутагдалтай байгаа учраас гишүүд хуулийн төсөл өргөн бариад байна шүү дээ. Өнөөдөр гишүүний хууль хэлэлцэх гэж байхад сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга нар нь гээд бүгд байхгүй байдаг. Шүүмжлэлтэй хандмаар байна. Яам хуулиудаар хурдан өргөн бариа. Энэ хуулийг хамт хэлэлцээд явах нь зүйтэй.
Улсын Их Хурлын гишүүн О.Баасанхүүгийн Улсын Их Хуралд өргөн мэдүүлсэн дээрх хуулийн төслүүдийг гишүүдийн олонхи хэлэлцэхийг дэмжээгүй тул хууль санаачлагчид нь буцаах шийдвэр гаргалаа.