УИХ-д интернэт эрх чөлөөг дэмжих бүлэг байгуулагдлаа
УИХ дахь Интернет эрх чөлөөг дэмжих парламентын бүлэг байгуулагдлаа
2015.01.29

УИХ-д интернэт эрх чөлөөг дэмжих бүлэг байгуулагдлаа

Мэдээлэл хайх, хэвлэн нийтлэх эрх бол хүний салшгүй эрх, эрх чөлөө мөн болохыг Хүний эрхийн түгээмэл тунхагт заасан байдаг бөгөөд технологи өндөр хөгжсөн орчин үед интернетэд чөлөөтэй, аюулгүй, ялгаваргүй нэвтрэхгүйгээр хүний энэ эрх, эрх чөлөөг хангах тухай ярих боломж огт үгүй юм.

Дэлхий дахины дарангуй дэглэмтэй улсад интернетийг хязгаарлах, цензурдэх замаар мэдээлэл хайх, хэвлэн нийтлэх иргэний эрхийг зөрчих, боомилох оролдлого түгээмэл хийж байгааг дэлхийн ардчилсан улсууд буруушааж Онлайн эрх чөлөө эвсэл байгуулсан билээ.

Энэ үзэл санааг УИХ-ын нэр бүхий гишүүд дэмжиж хүний салшгүй эрх, эрх чөлөө болсон интернет эрх чөлөөг дэмжих парламентын бүлгийг байгуулжээ. Тодруулбал, УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Энх-Амгалан, С.Оюун, Д.Ганбат, Ц.Оюунгэрэл, Г.Баярсайхан нарын гишүүд УИХ дахь Интернет эрх чөлөөг дэмжих парламентын бүлгийг санаачилсан байна. Тус бүлэг нь технологи өндөр хөгжсөн орчин үед Монголын ардчиллыг хамгаалах, бэхжүүлэх, хөгжүүлэх эрх зүйн орчин бүрдүүлэх, энэ чиглэлээр Засгийн газрын үйл ажиллагааг дэмжихэд бүлгийн үйл ажиллагаа чиглэх юм байна.

Дашрамд дурдахад Онлайн эрх чөлөө олон улсын эвслийн Сайд нарын хурал 2014 оны 5 дугаар сард Бүгд Найрамдах Эстон Улсын нийслэл Таллин хотноо хуралдаж, тус эвслийг даргалах буухиаг Монгол Улсыг сонгон шилжүүлсэн билээ. Дэлхийн олон ардчилсан улсаас үзүүлсэн энэ итгэл найдварыг нэр төртэй биелүүлэх үүрэг манай улс хүлээж, 2015 оны 5 дугаар сарын 5-нд энэ эвслийн Сайд нарын ээлжит хурлыг Улаанбаатар хотноо зохион байгуулах их ажил хүлээж байна.

2013 онд зохион байгуулсан Ардчилсан орнуудын хамтын нийгэмлэгийн Сайд нарын хурлаас дутуугүй ач холбогдолтой энэ үйл явдалд онц анхаарч, энэ чиглэлд явуулж буй Засгийн газрын үйл ажиллагааг дэмжих, чиглүүлэх явдал чухал болоод байгаа юм.

Хүний салшгүй эрх, эрх чөлөөг технологи өндөр хөгжсөн орчин үед хамгаалан бэхжүүлэх итгэл үнэмшил дээр нэгдэн УИХ-ын гишүүн Л.Болд, Л.Энх-Амгалан, С.Оюун, Д.Ганбат, Ц.Оюунгэрэл, Г.Баярсайхан бид энэ чиглэлээр идэвхтэй ажиллахаар шийдэн УИХ дахь Интернет эрх чөлөөг дэмжих парламентын бүлэг байгуулж байна.