С.Эрдэнэ сайд Говьсүмбэр аймагт томилолтоор ажиллаа
Хүн амын хөгжил нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ болон албаны бусад төлөөлөгчид энэ сарын 5-нд Говьсүмбэр аймагт албан томилолтоор ажиллаж, салбар хэлтсийн үйл ажиллагаатай танилцлаа.
Энэ хүрээнд тус аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн шинэ байрны нээлтэнд оролцсон. Говьсүмбэр аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс өнгөрсөн хугацаанд орон сууцны нэг давхарт үйл ажиллагаа явуулж байсан бол шинэ байртай болсоноор ажилчид тав тухай орчинд ажиллах, үйлчлүүлэгчдэд түргэн шуурхай үйлчлэх боломж бүрдэж байгаа юм.
Мөн аймгийн хэмжээнд байгаа 5000 гаруй даатгуулагч болон даатгалд хамрагдах иргэдийн идэвхийг нэмэгдүүлж ажиллах, нэг цонхны системээр үйл ажиллагаа явуулах боломжтой болж байна.
Түүнчлэн ХАХНХ-ын сайд С.Эрдэнэ, Монгол Улсын 3 сая дахь иргэнтэй хамгийн ойр мэндэлсэн Говьсүмбэр аймгийн чацуутанд хүндэтгэл үзүүллээ. Аймгийхаа нэгдсэн эмнэлэгийн төрхөд эцэг Хүрэлхуягийн Цэвэгням, эх Гантөмөрийн Отгончимэгийн гэр бүлд төрсөн Баясгалан охин Монгол улсын 3 сая дахь иргэний чацуутанаар тодорчээ. Говьсүмбэр аймгаас тодорсон үе чацуутан 1 сарын 23-ны өдөр 17 цаг 31 минутад мэндэлсэн байна.
Гурван сая дахь иргэний үе чацуутанд хүндэтгэл үзүүлэх үеэр, аймгийн Засаг дарга Л.Одсэр 70 сая төгрөгийн үнэ бүхий орон сууц олгож, нийтэд алдаршуулах, аймгийн 3 сая дахь иргэн гэсэн батламж гэрчилгээг нь гардуулсан юм.