Мэндчилгээ
МоАХ-ны дарга Х.Баттулга
Улстөрийн ганцхан нам төрийн эрхийг дангаар барьж, улс орны амьдралыг бүхэлд нь хянан захирч байсан үед Монголын Ардчилсан холбоо гэдэг төрийн бус байгууллага МАХН-ын Төв Хорооны ямар ч зөвшөөрөлгүйгээр жинхэнэ олон түмний үүсгэл санаачилга, цаг үеийн шаардлагаар байгуулагдан Анхдугаар Их хурлаа хийж байснаас хойш яг 25 жил өнгөрч байна.
Тухайн үед тогтсон коммунист хэв заншлын халан, хэн нэгэн том дарга, албан тушаалтан бус жирийн нэгэн жүжигчин Д.Сосорбарамын тавьсан МоАХ-ны Анхдугаар Их хурлын улс төрийн илтгэлийн нэгдүгээр бүлгийн долоод дурдсанчлан "Бид өөрчлөн байгуулалтыг ардчилсан хувьсгал хэмээн тодорхойлж байна" гэсний дагуу ардчиллын төлөөх мянга мянган зоригтнууд эрх барьж байсан МАХН /өнөөгийн МАН/ -ын хүнд суртал, дарамт шахалт, НАХЯ-ны мөрдлөг хавчилгаас айлгүй, цагаан морин жилийн өвлийн хүйтэн жавар сөрөн тэмцэж явсны үр дүнд Монгол орны улс төр, нийгмийн бүхий л амьдралыг орвонгоор нь өөрчилж чадсан юм.
Тус Их хурлаас баталсан МоАХ-ны мөрийн хөтөлбөрт "МоАХ нь нийгмийн амьдралын бүх хүрээг гүнзгий хямралаас гаргаж цэвэршүүлэхийн төлөө, улмаар улс орноо мандуулан хөгжүүлэхдээ ард түмний засагт ёс, тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлын төлөө, улс төрийн олон ургальч үзэл, үндэсний соёл, уламжлалаа хөгжүүлэх, хүн бүрийн айл өрх бүрийн сайн сайхан амьдралыг хангахын төлөө тууштай ажиллах болно" гэсэн нь чухам өнөөдөр биеллээ олж Монгол Улс өдрөөс өдөрт улам бүр ардчилагдаж, хүмүүний эрхийг дээдэлж байгаа дэлхий ертөнцийн бүрэн эрхт нэг гишүүн улс болж ардчиллыг тайван замаар хийсэн үлгэр жишээ орон хэмээгдэн олон улс дахинд дууриалал болж байна.
МоАХ-ны Анхдугаар Их хурал ард түмэндээ хандсан уриалга гарган, МоАХ-ны мөрийн хөтөлбөр, дүрэм, Сүсэг бишрэлийн эрх чөлөөг хангах, Монголын тулгар төр байгуулагдсаны 80 жилийн ойн тухай зэрэг түүхэн баримт бичгүүдийг баталсны дотор "Хуулийн шинэчлэл хийх нь манай хувьсгалын амжилт ялалтын баталгаа мөн" гэсэн баримт бичгийг улс төрийн илтгэлийн хавсралтаар баталсан юм.
Илтгэлд БНМАУ-ын Үндсэн хуулийн 83 зүйлтэй төсөл, БНМАУ-ын Улс төрийн намуудын тухай хууль, БНМАУ-ын Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийн төслийг тус тус анхны хувилбараар боловсруулан гаргаснаа МоАХ-ны их хуралдаа илтгэхэд таатай байна" гэжээ.
Чухам МоАХ-ны Их хурал дээр яригдаж байсан энэ хуулиуд 1990-ээд оны эхээр ар араасаа мэндэлж Монгол Улсад засгийн бүх эрх ард түмний гарт байж, улс орон хүмүүнлэг ардчилсан замаар хөгжих, иргэд нь үг хэлж хэвлэн нийтлэх, үзэл бодлоороо эвлэлдэн нэгдэж олон ургальч үзэл уралдуулан улс орныхоо нийгэм эдийн засгийн хөгжлийн замыг шийдвэрлэх боломжтой болсонд Монголын ардчилсан холбооны Анхдугаар Их хурлын түүхэн ач холбогдол оршино.
МоАХ-ны Анхдугаар Их хурал хуралдсанаас хойш зууны дөрөвний нэг хугацаа өнгөрч, тэр л өдөр, тэр л хавар төрж байсан хүүхдүүд эрийн цээнд хүрсэн ч коммунизм байгуулах гэж хийрхэн, нэг намын заасан бүдэг бараг замаар бэдрэн 70 жилийн турш ертөнцөөс тусгаарлагдаж байсан улс орныг шинэ зам руу хөтөлж, олон түмний нүдийг нээж байсан.
МоАХ-ны Анхдугаар Их хурлын индэр дээрээс дэвшүүлж байсан зорилт, хэлж байсан үг, гаргасан шийдвэрүүд нь өнөө ч гэсэн түүхэн ач холбогдлоо алдалгүй монголоо гэсэн зүрх цээжинд нь цохилж яваа иргэн хүн бүрийн төдийгүй дэлхийд ганцхан Монгол Улсын хөгжлийн чиг хандлага болсон хэвээр байна. Цагаан морин жил Монгол орноо өрнөсөн ардчилсан хувьсгалын мөрийн хөтөлбөрийг .боловсруулан, онолын үндсийг нь баталгаажуулсан.
МоАХ-ны түүхт Анхдугаар Их хурлын 25 жилийн ойн баярын мэндчилгээг энэ их хурлын төлөөлөгчөөр сонгогдон, оюун ухаанаа уралдуулан хэлэлцэж, гар өргөн баталж байсан журмын нөхөддөө дэвшүүлэхийн ялдамд та бүхний баталсан баримт бичгүүд өнөө ч түүхэн ач холбогдлоо алдаагүй Монгол Улсын хэтийн чиг хандлагыгтодорхойлсоор байгааг тэмдэглэн хэлэхэд таатай байна.
Ардчилсан хувьсгал гэдэг зөвхөн 1980-аад оны 'сүүлЧ, 1990-ээд оны эхэн үеийн тэр "халуун” өдрүүдийн үйл хэрэг биш, харин эцсийн зорилгодоо хүрэхийн тулд цаг мөч бүрийд улам идэвхжиж, эд эс бүрийг нь тордон шинэчилж байх ёстой мөнхийн тасралтгүй үргэлжлэх уйл явц учраас МоАХ-ны Анхдугаар Их хурлаас дэвшүүлж байсан зорилтыг бурэн хэрэгжүүлэх явц өнөө ч үргэлжилсээр байна.