Ж.Энхбаяр: Засгийн газарт 300 сая ам.долларын зээл авах боломж бий
Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр
2015.02.27

Ж.Энхбаяр: Засгийн газарт 300 сая ам.долларын зээл авах боломж бий

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо намрын чуулганаар хийсэн ажлаа тайлагналаа. Тус байнгын хороо энэ хугацаанд давхардсан тоогоор 40 гаруй асуудал буюу 13 хуулийн төсөл, 11 УИХ-ын тогтоолын төсөл, 12 олон улсын гэрээ, хэлэлцээрийг зөвшилцөх асуудлаар яам, агентлаг, харьяа байгууллагын танилцуулга мэдээллийг хэлэлцжээ.

Монгол Улсын Ерөнхий сайд бүрэн эрхийнхээ хүрээнд Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүний тухай хууль болон Цөмийн энергийн тухай хууль нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийг өргөн мэдүүлснийг байнгын хороо болон УИХ-ын чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэн батлуулсан тухай тус байнгын хорооны дарга Ж.Энхбаяр мэдээллээ.

Тус байнгын хороо Монгол Улсын гадаад өр, зээл, тусламж, төсөл хөтөлбөрийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл авчээ. Өнөөдрийн байдлаар улсын өр ДНБ-ий 55.2 хувьтай тэнцүү  байна. Өрийн дээд хэмжээг ДНБ-ий 58.3 байхаар хуульчилсан. Тэгэхээр манай улс 600 орчим тэрбум төгрөг буюу 300 сая долларын зээл авах бололцоотой гэж тэрбээр тайлбар өгсөн.

Тус байнгын хороо улсын өр зээлийн менежментэд онцгой анхаарч ажиллана гэв. Байнгын хорооны дарга Ж.Энхбаяр ажлаа товч танилцуулсны дараа сэтгүүлчдийн асуултад хариулт өгсөн юм.

-2015 оны Төсвийн тодотголыг хийснээс хойш Засгийн газар хэдий хэрийн зээл авсан бэ?

Засгийн газар гадаадаас ямар ч зээлийг УИХ-аар хэлэлцүүлэлгүй авах эрхгүй болсон. Азийн хөгжлийн банкны “Хөдөлмөр эрхлэх ур чадвар” төслийн 25 сая долларын хөнгөлөлттэй зээл авсан. Энэ нь урт хугацаатай, эхний арван жилд зээлээ төлөхгүй, хоёр дахь арван жилээс төлж эхлэх хөнгөлөлттэй нөхцөлтэй зээл.

Ийм зээл манай улсад үр дүнтэй. Мөн Дарханы дулааны шугам сүлжээг сайжруулах, Нисэх буудлыг барихад шаардлагатай хөнгөлөлттэй зээл авсан гэв. Хөшигийн хөндийд барьж буй зээлийн санхүүжилтийн зарцуулалтад аудитын шалгалт хийхээр ажиллаж эхэлснийг мөн үеэр дурдав.

-Таван толгойн гэрээ ҮАБЗ-ын зөвлөлөөр хэлэлцээд ямар шийдвэр гаргасан бэ? 

Би УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргын хувьд ҮАБЗ-ийн хурлаар Тавантолгойн асуудлыг хэлэлцэхэд орсон. Монгол Улсад мөрдөж буй хууль тогтоомжийн хүрээнд гэрээ байгуулахыг Засгийн газарт үүрэг болгосон.

-Засгийн газар анх хөрөнгө оруулалтын гэрээний тендер зарлахад тавьсан шаардлагуудаасаа буцаж эхэлсэн гэх мэдээлэл байна? 

Тавантолгойн гэрээ хэлэлцээрийн шатандаа байгаа учир энэ талаар илүү мэдээлэл алга.

-Монгол Улсын гадаад нэр хүнд маш их унаж байна. Улс орныхоо нэр хүндийг сэргээх талаар танай байнгын хороо ямар нэг санаачилга гарган ажиллах уу? 

Төрийн тогтворгүй бодлогын улмаас хөрөнгө оруулагчдын итгэл буурч, манай улсын гадаад нэр хүнд унасан нь үнэн. Энэ асуудлаар холбогдох байгууллагуудад үүрэг өгсөн.

Мөн гадаадад байгаа монголчууд бүлэглэж улс дамжин хулгай хийх, тухайн улсынхаа хууль дүрмийг зөрчих явдал газар авсан нь мөн Монгол Улсын нэр хүндэд сөргөөр нөлөөлж байна. Ийм байдалд дүгнэлт хийж, цаашид зөрчил гаргасан хүнийг тодорхой хугацаанд хилээр гарахыг хязгаарлах зэргээр хариуцлагыг нэмэгдүүлэх чиглэлээр ажиллана гэв.