Цагаа олоогүй ч ирээдүйгээ батжуулсан хууль
Намрын чуулганы төгсгөлд хамгийн их шуугиан тарьсан гэж болохоор батлагдсан хууль бол Монгол хэлний тухай хууль.
УИХ-ын гишүүн Д. Ганбат чуулганы үеэр “Эдийн засаг хүндэрсэн, ард түмэн бухимдалтай байхад цаг үеэ олоогүй хуулийн төслөө эргүүлж тат” хэмээн хүчтэй байр сууриа илэрхийлээд амжсан. Зарим гишүүдийн хувьд ч чухал биш хуулийг заавал батлах нь зөв үү гэдгийг хэлж байлаа. Тэгсэн ч монгол хэлний тухай хууль батлагдсан.
Хуулийг кирил бичгийг үгүйсгэх, халах, монгол бичигт шилжиж байгаа мэтээр шүүмжилж байсан ч хуулинд тийм ямар ч заалт байхгүй. Харин үндэсний бичгийнхээ хэрэглээг нэмэгдүүлэх заалт бий. Харин бүх бэлтгэл хангагдсны дараа буюу 2025 оноос зөвхөн төрийн байгууллагууд албан хэрэгтээ монгол бичгийг давхар хэрэглэх заалт туссан.
Гэхдээ энэ нь цаг хугацааны хувьд болоогүй юм. Өнөөгийн байдлаар Ерөнхийлөгчийн зарлигаар төрсний гэрчилгээ, гэрлэлтийн гэрчилгээ, бүх шатны боловсролын үнэмлэх, диплом, гэрчилгээ, төрийн гурван өндөрлөгийн гадаад улсын адил түвшний албан тушаалтанд илгээх албан бичиг, захидалд монгол бичгийг хэрэглэж байна.
Түүнчлэн ЮНЕСКО-оос үндэсний монгол бичгийг монголчуудын хүн төрөлхтний соёлын санд оруулсан их өв хэмээн бүртгэж, хамгаалалтад авахгүй бол мөхөх эрсдэл байгааг сануулсан тул мянга шахам жилийн үүх түүхээ тэмдэглэсэн бичиг үсгээ өргөнөөр хэрэглэж, хойч үедээ мөхөөлгүй уламжлуулах хариуцлага оногдсоныг ухамсарлах хэрэгтэй хууль санаачлагчид хэлсэн.
Зарим хүмүүс уг хуулийг гадаад хэл болон түүгээр сургалт явуулдаг сургуулиудыг хавчсан хууль гэсэн. Гэтэл хуулинд даяаршлыг эсэргүүцэх, гадаад хэлийг хязгаарлах зорилго огт тавиагүй, заалт ч байхгүй.
Монгол хэлний тухай хуулинд гадаад хэлний сургалттай холбоотой хоёр гол агуулга тусгагдсан.
Харин улам бүр эрчимжиж байгаа англи хэл, латин үсгийн түрэлт, гадны соёлын нөлөөн дунд үндэсний бичиг үсгээ хадгалж, хөгжүүлэхийг эрмэлзсэн гэдгийг хууль санаачлагч УИХ-ын гишүүн М.Батчимэг хэвлэлд өгсөн ярилцлагандаа хэлсэн.
Монгол хэлний тухай хуулинд гадаад хэлний сургалттай холбоотой хоёр гол агуулга тусгагдсан. Эхнийнх нь гадаад хэлээр сургалт явуулдаг хувийн сургуулиудад монгол хүүхдэд монгол хэл, уран зохиол, монгол бичгийн хичээлийг нэгдүгээр ангиас төгсөх хүртэл батлагдсан хөтөлбөрөөр заахаар хуульчилсан.
Дараагийнх нь төрөөс бүх нийтэд үнэ төлбөргүй боловсрол олгодог ЕБС-иудад гадаад хэлийг тавдугаар ангиас эхлэн заахаар тусгажсан. Ер нь албан сургалтаараа дамжуулж хүүхдүүд төрөлх хэлээ сайн сурсны дараа 10-11 наснаас гадаад хэл заах бодлогыг дэлхийн олон оронд баримталдаг.
Япон улс гэхэд хүүхдэд 11 наснаас гадаад хэл заах бодлоготой байдаг. Манай улс 1990 оноос өмнө хүүхдэд 4 дүгээр ангиас буюу 11 наснаас гадаад хэлийг зааж ирсэн бодлого өнөөг хүртэл үргэлжилсэн. Гэхдээ боловсролын хуулиар хүүхэд 6 настай ЕБС-д орж, 5 дугаар ангиас буюу 10-11 наснаас гадаад хэл үзэж байгаа бол монгол хэлний тухай хуулиар энэ насанд нь монгол бичгийг заана.
УИХ-аар хэлэлцэх үеэр эдийн засаг хүндрэлтэй үед уг хуулийг батлах хэрэгтэй юу, үгүй юу гэдгийг олон гишүүд хэлж байсан. Гэсэнч Үндэсний хэл соёлоо хамгаалах асуудал бол аль ч улсын үндэсний эрх ашиг, үндэсний аюулгүй байдлын суурь асуудал юм.
Улс үндэстний хувь заяа зөвхөн эдийн засаг, мөнгөн дээр тогтдоггүй.
Үүнийг хоёр хөрш орны бодлогоос эхлээд сүүлийн үед эрчимтэй нэмэгдэж байгаа Европ, Азийн олон орнуудын хэлний хуулиуд төдийгүй НҮБ, ЮНЕСКО-гоос хөхиүлэн дэмжиж байгаа дэлхийн улс үндэстнүүдийн хэл, соёлын олон янз байдлыг хамгаалах томоохон бодлогуудаас харж болно хэмээн хууль санаачлагчид няцаалт өгч байлаа.
Үнэхээр өндөр хөгжилтэй орнуудыг харвал үндэсний өв соёлоо хамгаалах бодлого нь маш нарийн зохион байгуулалттай байдаг. Ингэж даяаршлын өнөө үед өөрсдийн өвийг авч үлдэж чаддаг. Үүний хамгийн том жишээ бол БНХАУ. Тэд хэдхэн жилийн өмнө Өвөрмонголоор дамжуулж морин хуурийг авахыг оролдож байсан нь үүний нэг том илэрхийлэл.
Төслийг боловсруулахдаа сүүлийн хорь гаруй жилд эрх зүйн зохицуулалт дутагдсанаас монгол хэлтэй холбоотой асуудлуудыг шийдвэрлэх шинэ хууль хэрэгтэй гэж үзэн, салбарын эрдэмтэн судчаачидтай хамтран ажиллаж, багагүй хэмжээний судалгааны ажил хийн, хэлэлцүүлэг өрнүүлсэн хоёр жил гаруйн ажлын үр дүнд Монгол хэлний тухай хууль батлагдсан байна.
Хууль батлагдсанаар төрийн эдийн засгийн бодлого үйл ажиллагаа, улс орны хөгжлийг хойш татах, эдийн засагт болон иргэдийн амьдралд томоохон дарамт, хүндрэл үүсгэх сөрөг үр дагавар гарахгүй юм. Эдийн засгийн хямралаас хоёроос гурван жилд гарч болдог харин хэл, соёлын ухралтыг буцаахад гучин жил ч багаддаг гашуун түүх бидэнд бий.
Улс үндэстний хувь заяа зөвхөн эдийн засаг, мөнгөн дээр тогтдоггүй. Монголчууд бид даяаршилтай хөл нийлүүлэн алхаж, улс орноо хөгжүүлэхийн зэрэгцээ үндэсний хэл соёлоо хүндлэх, хадгалж, хамгаалах оюуны дархлаагаа сэргээх хэрэгтэй. Үнэхээр сайн хууль болсон бол дэлхийд ганц босоо монгол бичгээ хамгаалан үлдэж чадна биз ээ. Гэхдээ зөвхөн хуулийн хэрэгжилт хэрхэн байх болон цаг хугацаа л харуулна.