Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр “Хуягт тэрэгний суман”- гаар зочлов
2012.04.03

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр “Хуягт тэрэгний суман”- гаар зочлов

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр өнгөрсөн долоо хоногт Зэвсэгт хүчний зарим анги салбарын үйл ажиллагаатай танилцав. Түүнийг БХ-ийн сайдын зөвлөх Д.Мягмар, БХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Ч.Тогоо, ЗХЖШ-ын дэд дарга, Б.Баярмагнай нарын генералууд болон албаны бусад хүн дагалдлаа. Сайдын очсон анхны анги Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт орших Зэвсэгт хүчний 016 дугаар анги байв. Эгнээнээсээ арван баатар төрүүлсэн анги Монголд "016"-гаас өөр байхгүй. Л.Аюуш, Т.Дүүдэй, Д.Хаянхярваа,  Д.Данзанваанчиг, Л.Гэлэгбаатар, М.Жанчив нарын сурах бичиг, ном, кино дэлгэцээр хэдийнэ бидэнтэй эчнээ танил болсон БНМАУ-ын баатрууд энэ л ангиас төржээ. Ангийн хашаанд хөл тавьсан цагаас домог түүх "үнэртсэн" аргагүй л арван баатрын өлгий аж. Энэ ангийг байгуулсан түүх нь ч их сонирхолтой юм билээ. Сэргэлэн сумын уугуул Ж.Цог генерал нэгэнтээ үүгээр дайрч өнгөрөхдөө "Уулсын дунд орших сайхан хөндий байна. Газрын байрлал нь ч цэргийн анги байгуулахад тохиромжтой юм. Энд "Хуягт бригад"-ыг байгуулъя" гэсэн гэдэг. Харин нутгийн иргэд энэ хөндийгөө "Хүйтний хөндий" гэж нэрлэдэг аж. Аргагүй л эр цэргийн тэсвэр, тэвчээрийг шалгасан яггүй хүйтэн хөндий байна билээ. Сонирхолтой нь энэ ангийн боловсон хүчний 30 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг гэсэн.

 

Батлан хамгаалахын сайдыг ангийн үйл ажиллагаа, бэлэн байдалтай танилцахаар ирэхэд тус ангийнхан хүндэт харуулаа жагсааж, Төрийн дуулал эгшиглүүлэн угтсан юм. Дараа нь ангийн захирагч хурандаа Д.Батбаатар ангиа танилцууллаа. Түүний яриаг товчлон хүргэе. Тэрээр "Нийслэлээс 40 гаруй км-ийн зайд орших Зэвсэгт хүчний 016 дугаар анги нь Сүхбаатарын болон байлдааны гавьяаны Улаан тугийн   одонт маршал Хорлоогийн Чойбалсангийн нэрэмжит бөгөөд 1923 оны гуравдугаар сарын 1-нд Засгийн газрын гуравдугаар тогтоолоор "Хуягт тэрэгний суман" нэртэй байгуулагдсан түүхтэй. 1925 онд Хуягт тээврийн дивизионы анги болж байсан бол хамгийн сүүлд 2002 оноос одоог хүртэл Мото буудлагын тусгай хороо болон өргөжсөн. Манай анги нь Монгол улсын дархан хил, эрх чөлөө, тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг батлан хамгаалах ариун үйлсэд 1932, 1936,1939,1945 онд дайн, байлдааны ажиллагаанд оролцож байсан. Бидний эгнээнээс арван БНМАУ-ын баатар төрснөөр бахархдаг. Энэ түүхэн уламжлалыг нь сэвтээлгүй авч явах нь бидний үүрэг" гэлээ.

 

Ийнхүү Зэвсэгт хүчний 016 дугаар ангийн түүхэн замналтай танилцсаны дараа салбарын сайд маань анги, цэргийн байр, гал тогоо, сургалтын танхим, зэвсэг техник, сум галт хэрэгслийн агуулахаар орлоо. Хугацаат цэргийн албан хаагчдын хичээлийн танхимд 'Артиллер бол тодорхой шинжлэх ухаан бөгөөд байнгын дадлага шаардана А.В.Суворов" гэсэн бичиг хадаастай байв. Үнэхээр байнгын бэлтгэл сургуулилт шаарддаг нарийн мэргэжил бол "Артиллерчин" юм билээ. Энэ мэргэжлийг сайн эзэмшсэн офицер, ахлагч нар хүртэл өдөр тутам бэлтгэлээ хийдэг гэсэн. Гэвч их буу, танк, зенит, артиллерийн сум, галт хэрэгсэл өртөг өндөр. Нэг жишээ хэлэхэд 016 дугаар ангийн зэвсэглэлд байдаг Т-72 танк байлдааны үүрэг гүйцэтгэх үедээ 100 километрт 450 литр түлш зарцуулдаг юм билээ. Тиймээс өдөр болгон бэлтгэлд гараад байвал түлшний зардал өсөх нь ойлгомжтой. Сум, галт хэрэгслийн үнэ ч гэсэн түлшнийхээс дутахгүй өндөр гэсэн. Олзуурхууштай нь орчин үеийн технологийн дэвшлийг армид ашигладаг болсноор дээрх зардлыг хэмнэж чаджээ.

 

Тухайлбал, Т-72 танкийн жолоодлого болон буудлагын бэлтгэлийг танкийн дотоод орчныг дууриалгаж хийсэн загвар дээр хийдэг болсон байна. Ийм тоног төхөөрөмж дээрх сургалт дадлагыг тусгай бэлтгэгдсэн офицерууд компьютерийн дэлгэц дээр хянаж, радио холбоогоор зааварладаг юм байна. Ж.Энхбаяр сайд уг тоног төхөөрөмжтэй биечлэн танилцаад Т-72 танкийн жолооны ард сууж танкчны үүрэг гүйцэтгэж  үзсэнийхээ дараа, сэтгүүлчид болон бусдыгаа ч хийж үзэхийг санал болгож байв. Үүний дараа ангийн зэвсэглэлд байдаг танк, хуягт техникийн байраар орлоо. Эдгээр зэвсэг, техникийг энх цагт тэр бүр ашиглаад байхгүй. "Кhan quest”, Дархан-1,2 зэрэг хээрийн сургуулилт болон шаардлага гарсан үед бэлэн байх ёстой тодорхой тооны техникийг л байнгын ашиглалтад байлгадаг аж. Бусад нь үүрэг гүйцэтгэх цагаа хүлээн хадгалагдаж байдаг аж. Сонирхуулахад, Орос, Беларусаас ирсэн цэргийн мэргэжилтнүүд техникүүдийг нь шалгаж үзээд "танайх техникүүдээ маш сайн хадгалж чадсан байна. Бид ч ийм сайн хадгалж чадахгүй моралийн элэгдэлд оруулаад байгаа" гэж онц гэсэн үнэлгээ өгчээ. Ингэж сайн хадгалахад манай орны хүйтэн, хуурай сэрүүн уур амьсгал ч нөлөөлсөн бололтой. Дээр нь тус анги бүх техник хэрэгслээ далдалж, зориулалтын гараажид хадгалдаг юм билээ. Ямартай ч хэрэгцээ нь гарахад үүргээ гүйцэтгэхэд бэлхэн шинэхэн танкуудыг харсандаа сайдын сэтгэл өег л байх шиг байна билээ.

Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр тус ангийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ тулгамдаж буй зарим асуудлыг шийдэж өгөхөөр болсон юм. Тухайлбал, ангийн байнгын бие бүрэлдэхүүний унааны асуудал, штабын байрны тавилгыг шинэчлэх, компьютер тоног төхөөрөмжөөр хангах, гэрээт болон хугацаат цэргийн  алба хаагчдын хичээлийн танхим зэргийг шинэчлэхэд өөрийн зүгээс анхаарахаа амлав. Мөн тус ангийг Зэвсэгт хүчний гурав дахь батальон болгон өргөжүүлэх боломж байгааг онцолж байлаа. Хэдийгээр сайд хоёр ч зэвсэгт хүчний ангиар орж олон газартай танилцсан ч цэргийн нууцад хамаарах мэдээ, мэдээлэл, обьект олон байсан. Тиймээс энэхүү сурвалжлагаа үүгээр өндөрлөе дөө. Бусад мэдээлэл нь цэргийн нууцад хамаарах газар зүйн болон тоон үзүүлэлтүүд учраас бидэнд дэлгэрэнгүй танилцуулаагүй юм.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.