Ж.Энхбаяр сайд цэргүүдтэй тун ч энгийн, офицеруудтай зарчимч хатуухан уулзав
2012.03.26

Ж.Энхбаяр сайд цэргүүдтэй тун ч энгийн, офицеруудтай зарчимч хатуухан уулзав

УИХ-ын гишүүн, Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяр Зэвсэгт хүчний 150 болон холбооны 013 дугаар ангиудаар айлчилж байдалтай танилцлаа. Үүний зэрэгцээ тэрбээр ирэх долоо хоногт Суданд энхийг сахиулах гэж буй цэргийн багийн зэвсэг техникийн бүрэн байдлыг шалгасан юм. Түүний айлчилсан эхний анги бол элитийн батальон болох Зэвсэгт хүчний 150 дугаар анги байлаа. Зэвсэгт хүчний 150 дугаар анги нь Батлан хамгаалах сайдын 1972 оны 26 тоот тушаалаар ардын армийн сургуулийн тусгай батальон нэртэйгээр байгуулагдсан юм. Түүнээс хойш 1997 онд Батлан хамгаалахын сайдын 07 тоот тушаалаар Мото буудлагын мэргэжлийн тусгай батальон болж зохион байгуулагдан өнөөдрийг хүртэл өмнөө тавьсан зорилго, зорилтоо амжилттай биелүүлсээр иржээ. Тус ангийн захирагч Л.Гансэлэм “Тус анги нь бие дааж болон цэргийн бүлэглэлийн бүрэлдэхүүнд опертивийн болон тактикийн үүрэг гүйцэтгэх, стратегийн бүх чиглэлд хамгаалах гэсэн байлдааны хоёр үүрэгтэй. 

Харин олон талт үүргийн хувьд байгалийн осол гамшиг, түүний голомт төвд аврах, сэргээн босгох үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэх үүрэгтэй” болохыг танилцуулгын үеэр онцоллоо. Элитийн батальонд шашны зан үйлийн өргөө байсан нь анхаарал татсан юм. Энэ өрөөнд энхийг сахиулахаар явах гэж буй албан хаагчдаас эхлээд дарга нар ирж мөргөл үйлддэг байна. Дашрамд дурьдахад, монгол цэргүүд эртнээс цэргийн ламтай байсан бөгөөд энэхүү албан бус мэргэжил их хэлмэгдүүлэлтийн үед үгүй болжээ. Харин арваад жилийн өмнөөс шашны зан үйлийн өргөөг Зэвсэгт хүчний анги бүрт байгуулсан байна. Зэвсэгт хүчний 150 дугаар анги байгуулагдсан цагаасаа эхлэн зэвсэг, техникийн шинэчлэлийг хийхийн зэрэгцээ ажилтан, албан хаагчдын боловсролд анхаарч иржээ. Үүнийгээ салбарын сайдад танилцуулж нэг бүрчлэн тайлбарласан. Тус ангид англи хэл болон бусад мэргэжлийн хичээлийг сүүлийн үеийн техник хэрэгсэл дээр заадаг байна. Сайд энэ үеэр ажилчин, албан хаагчдын цалин, хангамж, боловсролд хэрхэн анхаарч байгааг сонирхон дундаж цалин хэд болж нэмэгдсэнийг сонирхлоо. Элитийн батальоны ажилчин албан хаагчдын хэлж байгаагаар өмнө нь 250,000-380,000 төгрөгний цалин авдаг байсан бол сүүлд цалин болон шатлал нэмэгдээд дунджаар 500,000-600,000 төгрөгийн цалин авдаг болсныг хэллээ. Сайд тус ангийн эмнэлгээр орж дутагдаж гачигдаж байгаа зүйл болон санал хүсэлтийг нь эмч нэг бүрээс асуусан. Зэвсэгт хүчний 150 дугаар ангийн эмнэлгийн ажилчдын хэлж байгаагаар төсвийн мөнгө хүрэлцдэггүй, мөн эмчилгээний дадлага хийх хиймэл эрхтэн хэрэгтэй байгааг хэллээ. Үүний дараа хошууч генерал Р.Гаваа агсны нэрэмжит Зэвсэгт хүчний 013 дугаар ангид хүрэлцэн ирсэн юм.

Тус анги 20 гэрээт цэрэг, 200 гаруй байлдагчтай. Ангийн нийт бие бүрэлдэхүүн 800 гаруй бөгөөд энд “Тусгай салаа” киноны зураг авалт хийгдэж байсан ажээ. 83 жилийн түүхтэй Монголын ууган холбооны анги болох Зэвсэгт хүчний 013 дугаар анги нь Бүх цэргийн зөвлөлийн гишүүдийн 1929 оны 14 дүгээр хурлын шийдвэрээр буюу цэргийн зөвлөлийн 45 дугаар тушаалаар 9 дүгээр сарын 20-ны өдөр Цэргийн яамны холбооны тусгай суман нэртэйгээр байгуулагдсан. 1939 онд “Алтан гадас” одонгоор шагнуулж байжээ. Холбооны 013 дугаар ангийн байлдагчидтай Батлан хамгаалын сайд уулзан байрлаж буй байрын дулаан, ариун цэвэр, хангалтыг нэг бүрчлэн шалгаж, тэдний санал хүсэлтийг асууж, сурсан мэдсэнийг нь тодрууллаа. Тус ангийн байлдагчид долоо хоногт нэг удаа усанд ордог гэнэ.

Тэд өөрсдөө нэгнийхээ үсийг засчихдаг гэж сайддаа “рапорт” өгөв. Тэднийг анх ирэхэд нь хоёр ээлжийн цагаан хэрэглэл өгчээ. Мөн хангалтаар Туркээс ирсэн тусламжийн гутал, улсын нөөцөөс орос малгай, эх орны үйлдвэрийн бүс, хувцас зэргээр хангадаг аж. Байлдагчдын хувьд чөлөөт цагаа бүх төрлийн ном бүхий номын сан, кабелийн суваг бүхий тохилог амралтын өрөөнд өнгөрөөх боломжтой. Энэ жилийн хувьд тус ангид бичиг үсэггүй хоёр байлдагч орон нутгаас иржээ. Тэдэнд “он жавууд” нь бичиг үсэг заажээ. Энэ ангид байлдагчид гадаад хэл, цэргийн ерөнхий хичээлээс гадна мэргэжил олгох сургалтын хичээлүүдэд хамрагддаг байна. Энэ үеэр сайд байлдагчдаас хуучин цэргүүд болон дарга нараас шахалт ирдэг эсэхийг тодруулав.

Манай ангид тийм зүйл огт байхгүй гэж байлдагчид мэдүүлж байна. Байнгын халуун устай энэ ангийн байлдагчаас сайд хүсэх, асуух зүйл байна уу гэхэд байхгүй хэмээсэн. Сайд асуултаа тойруу болон шууд утгаар нь энгийн байдлаар 3-4 удаа асуусан ч цэргүүд дутагдах гачигдах зүйлгүй байна гэлээ. Товчхондоо оны ялгаа гараад байдаггүй, хангалт нөхцөл товхийсэн хамт олон бололтой. Үүний дараа сайд цэргүүдтэй хамт цэргийн хоол идсэн юм. Энэ үеэр Батлан хамгаалахын сайд Ж.Энхбаяраас тодруулга авлаа. “Улс төрч, сайд хүн зэвсэгт хүчинд хяналт тавих иргэний үүрэгтэй. Үүний дагуу хяналтаа хийж байна. Татвар төлөгчдийн мөнгө зөв зарцуулагдаж байна уу. Цэргийн ангиуд үндсэн болон олон талт үүргээ биелүүлэх чадавхи, хугацаат болон гэрээт цэргийн ахуй амьдрал ямар байгаатай танилцлаа. Өнөөдрийн гол анхаарч байгаа зүйл бол ирэх долоо хоногоос Монгол Улс Африкийн Судан улсад НҮБ-ын мандатан доор энхийг дэмжих том бүлэглэлд үүрэг гүйцэтгэхээр явах гэж байна. Энэ бол Монгол Улсын зэвсэгт хүчний түүхэнд орох хилийн чанад дахь хамгийн том цэргийн үйл ажиллагаа болох гэж байна.

Үүний хүрээнд манай бие бүрэлдэхүүн бэлэн байдлыг шалгахаар ажиллаж байна. Энхийг дэмжих ажиллагаа гэдэг маань тийм ч амар зүйл биш. Тухайн улсын төр улс нь хямарсан, иргэний дайны зөрчилд орсон, өөрийгөө авч явах чадавхаа алдсан учраас олон улсын цэргийн хүчин оролцож, хүчээр зохицуулж, энх тайван болгох л үйл ажиллагаа шүү дээ. Хугацаат цэргийн албан хаагчид маань өнгөтэй, цэргийн албандаа сэтгэл хангалуун байна. Тэдний хангалтад олон дэвшил гарсан. Тухайлбал, шинэ гутал, хувцсаар хангаж байна. Бээлий, оймс гээд нэг бүрийн хангалт өөрчлөгдсөн. Тэдгээрийн ариун цэврээс эхлээд хангалтыг үзлээ. Ангиудад хангалт хийгдсэн байна. Зохих түвшинд үйл ажиллагаа явагдаж байна” гэлээ. Батлан хамгаалахын сайд цэргүүдтэй тун ч энгийн, харин дарга нартай нь албаны зарчимч бөгөөд хатуухан “өнгөтэй” уулзсан. Бид маргаашийн дугаарт Суданд энхийг сахиулах үйл ажиллагааг оролцох 850 цэрэг дайчдыг үдэн гаргах ёслолын сурвалжлагыг хүргэх болно.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.