Алт олборлолтыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ
Алт
2015.03.12

Алт олборлолтыг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцлээ

Засгийн газрын ээлжит бус хуралдаан өчигдөр болж Алт олборлолтыг нэмэгдүүлж, эдийн засгийг эрчимжүүлэх тухай тогтоолын төслийг хэлэлцлээ.

Эдийн засгийн өсөлтийг хангах, бодит салбарын хөгжлийг дэмжих, улсын валютын нөөцийг нэмэгдүүлэх зорилгоор алт олборлох үйлдвэрлэлийг дэмжиж, олборлолтод бэлтгэгдсэн алтны ордны хөрөнгө оруулалтыг судалж, санхүүжүүлэх аж. Дээрх арга хэмжээ авах, хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрийг шийдвэрлэхийг Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид нарт тус тус даалгажээ. Харин зохих журмын дагуу хянаж, санхүүжүүлэхийг Хөгжлийн банкны гүйцэтгэх захирал Н.Мөнхбатад зөвшөөрөн, санхүүжилтийн оновчтой схемийг боловсруулахад дэмжлэг үзүүлж ажиллахыг Монголбанкны ерөнхийлөгч Б.Золжаргалд зөвлөлөө.

Алтны олборлолтын үйл ажиллагааг Гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн хүрээнд цаашид үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжтой аж ахуйн нэгжүүдээс гэрээ байгуулсан тохиолдолд шаардлагатай санхүүгийн эх үүсвэрийг арилжааны банкуудаар дамжуулан санхүүжүүлэх юм.

"Урт нэртэй" хууль батлагдсантай холбогдон гарах журам, гэрээний загварыг 2015 оны нэгдүгээр улиралд багтаан батлуулах, усан сан бүхий газрын энгийн болон онцгой хамгаалалттай бүсийн хийлийн заагийг холбогдох хуулийн хүрээнд тогтоох, нөөцийн тодотгол, техник-эдийн засгийн үндэслэл, байгаль орчны нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээг бүртгэх, батлах, хүлээн авах ажлыг шуурхай зохион байгуулахыг Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхайн сайд Р.Жигжид нарт хариуцууллаа.

Улсын хилийн зурвас болон тусгай хэрэгцээний газар нутагт байрлах хууль бус олборлолтод өртсөн алтны орд, илрэлүүдийг хамгаалалтад авах, шаардлагатай гэж үзвэл зарим ордыг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг судалж, санал боловсруулан танилцуулах аж. Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайд Д.Оюунхорол, Уул уурхайн сайд Р.Жигжид, Хууль зүйн сайд Д.Дорлигжав, Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон нарт үүнийг даалгаад байна.

Алтны олборлолтыг нэмэгдүүлэхтэй холбогдуулан Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвийн Сорьцын хяналтын албыг бэхжүүлэх, бүрдүүлэлтийн системийг боловсронгуй болгох санал боловсруулж, энэ оны нэгдүгээр улиралд багтаан танилцуулахыг Шадар сайд У.Хүрэлсүх, Сангийн сайд Ж.Эрдэнэбат, Уул уурхайн сайд Р.Жигжид нарт тус тус даалгажээ.