Ард түмнээс ирсэн санал бүрийг шийдэх болно
МАХН-аас зохион байгуулж буй “Нийгмийн ардчиллын аян”-ы хоёрдугаар үе шат болох “Ард түмнээ сонсъё” аян өнгөрсөн пүрэв гарагт Баянгол дүүрэгт үргэлжилсэн билээ. Энэхүү аян нь ард түмнийхээ санал бодол, тулгамдаж байгаа асуудлуудыг сонсч, хэрхэн шийдвэрлэх талаар ярилцдагаараа онцлог юм. Баянгол дүүргийн салбар бүрийн үйл ажиллагаатай танилцсан МАХН-ын удирдлагууд дүүргийн иргэдийн санаа бодлыг сонсохоор энэ өдөр бүгд цугларав. Ард түмнийхээ үгийг сонсохоор УИХ-ын дарга Д.Дэмбэрэл, Шадар сайд М.Энхболд, УИХ-ын гишүүн Х.Бадамсүрэн, Б.Бат-Эрдэнэ, Н.Ганбямба, Ц.Мөнх-Оргил, Д.Очирбат, Д.Оюунхорол, Р.Раш болон БСШУ-ны сайд Ё.Отгонбаяр, МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар, У.Барсболд, нийслэлийн МАХН-ын хорооны дарга Б.Мөнхбаатар, ЭБЭХ-ний дэд сайд Т.Энхтайван, Сангийн дэд сайд Т.Очирхүү, нийслэлийн Засаг дарга Г.Мөнхбаяр, Баянгол дүүргийн Засаг дарга Л.Амгалан нар байлаа.
Уулзалтын эхэнд МАХН-ын нарийн бичгийн дарга Ц.Сүхбаатар “Энэхүү аяны маань гол зорилго ард түмнийхээ санаа бодлыг сонсоход оршиж байгаа юм. Уг аяныг өрнүүлээд хоёр жил болж байна. Аяны хүрээнд ирсэн саналыг нэгтгэж шийдвэрлэх арга хэмжээ авахаар ажлын 33 хэсэг байгуулсан. Удахгүй болох намын XXVI их хурлаар иргэдээс гарсан саналыг бодлогын хэмжээнд авч үзэх, ирэх 20 жилийн ажлын төлөвлөгөөнд оруулах хэрэгтэй байгаа. Иргэдийн хамгийн их хөндөж байгаа асуудал бол ажилгүйдэл, ядуурал юм. Эдгээрийг бид боловсролын салбар, нийгмийн халамж, эдийн засгийн хөтөлбөрүүдтэй уялдуулж шийдэх ёстой юм. Үүний дагуу ажиллахаар бэлтгэл хангаж байна. Тиймээс Баянгол дүүргийн иргэдээ сонсох гэж байгаа нь их чухал” гэв. УИХ-ын гишүүд, МАХН-ын удирдлагуудтай уулзаж байгаадаа иргэд баяртай байсан бөгөөд өөрсдийн санаа бодлыг чөлөөтэй илэрхийлсэн юм. Иргэд хувийн чанартай болон нийтийг хамарсан саналуудыг хэлж байлаа. Энэ үеэр иргэд ажилгүйдэл, ядуурал, тэр дундаа ажлын байр бий болгохыг төрийн түшээдээс хүсч байв. Мөн уулзалтад хүрэлцэн ирсэн оюутнуудаас боловсролын салбарт илүү анхаарах, залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар дутмаг байна, цагийн ажил хийх боломжийг бүрдүүлж өгөөч гэсэн саналууд гарсан. Иргэдэд олгох нэг сая 500 мянган төгрөгийн сая төгрөгийг нь ах дүүсээрээ хамтарч жижиг, дунд үйлдвэрлэл явуулах гэж буй хүмүүст өгвөл зүгээр байна гэдгийг хэлж байлаа. Нийслэлийн удирдлагууд болон холбогдох байгууллагууд түүхий нүүрсний хэрэглээг багасгах аргаар агаарын бохирдлыг бууруулахаар ажиллаж байгаа билээ. Чухам нүүрсний дутуу шаталтаас болж агаар бохирддог аж. Харин бүрэн шатаадаг техник санаачилсан Баянгол дүүргийн иргэн уг техникийнхээ талаар гишүүдэд танилцуулсан юм. МАХН-ынхан их хурлаасаа урьтаж, намынхаа шинэчлэлийн талаар санал солилцож байгаа. Намын гишүүд, дэмжигч иргэд “Намаа шинэчлэх хэрэгтэй. Намын ажлын дадлага, туршлагатай ахмад үеийнхнийг намд ажиллуулах, ирэх сонгуульд одооноос бэлтгэх хэрэгтэй гэдгийг сануулж байлаа. Тэдний асуусан асуулт, санал хүсэлтийг гишүүд, МАХН-ын удирдлагууд хүлээн авч хариулт өгөв.
Д.Оюунхорол гишүүнд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн талаар барьж буй төрийн бодлого болон эхчүүдийн одонгийн тухай асуулт тавьсан юм. Үүнд гишүүн хариулахдаа “Гэр бүлийн задрал их байгаагийн үр дагавар нь өрх толгойлсон эмэгтэйчүүд олширч байгаа явдал. Өрх толгойлсон эмэгтэйчүүд 87 мянгад хүрсэн. Тиймээс гэр бүл, хүүхдийн бие даасан байгууллагыг байгуулах хэрэгтэй байна. Бид Гэр бүлийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар судалгаа хийж байгаа. Одонгийн мөнгөний тухайд дөрвөн хүүхэд төрүүлсэн эх хоёрдугаар одон, зургаан хүүхэд төрүүлсэн эх нэгдүгээр одон авах юм. Энэ хууль ирэх оны нэгдүгээр сараас хүчин төгөлдөр хэрэгжинэ” хэмээлээ. Мөн ард түмнээс ирсэн саналын дийлэнх нь боловсролын салбар руу хандсан байсан. Ё.Отгонбаяр сайд хэлэхдээ “Цэцэрлэгийн хүрэлцээ, багшийн нийгмийн асуудал ихээр яригдаж байна. Ялангуяа цэцэрлэгийн хүрэлцээ нийслэлд хомс байгаа. Үүнийг шийдэхийн тулд бид Дэлхийн банкныхантай санал солилцож, хамтарч ажиллахаар ярилцаж байна. Хувийн сургуулиудын төлбөрийг хязгаарлаж болох уу гэсэн асуулт их ирлээ. Хувийн сургууль бол иргэн хүний хувийн сонголт. Тиймээс үүнийг төр хязгаарлах боломжгүй. Харин хяналт тавина. Бидний хувьд боловсролын хүрээнд хийж байгаа гол шинэчлэл бол ерөнхий боловсролын дунд сургуулийг дэлхийн жишигт хүргэхээр зорьж буй. Мөн Мэргэжлийн сургалт, үйлдвэрлэлийн төвд жилд 3300 хүнийг сургаж, Оюутолгойд ажиллуулах гэрээ байгуулсан. Гэхдээ сургуулиа сайн төгссөн хүмүүсийг Оюутолгойд ажилд авах юм” гэлээ.
Нийслэлд тулгамдаж байгаа асуудлын нэг болох төвлөрөлтийн талаар Г.Мөнхбаяр дарга хэлэхдээ “Нийслэлд хороодын ачаалал ихэссэн. Энэ нь хөдөө, орон нутгаас иргэд олноор шилжин ирж байгаагаас үүдэлтэй. Бид хороодын орон тоог нэмэх бус ачааллыг багасгах тал дээр анхаарч байна. Мөн “Агаарын бохирдлыг бууруулах тал дээр юу хийж байна” гэж их асуужээ. Агаарын бохирдлыг бууруулахын тулд түүхий нүүрсийг хэрэглэхгүй байх тал дээр анхаарна. Гэрт амьдарч байгаа айлыг шалнаас нь халаах төслийг дэмжсэн. Энэ төслийг хэрэгжүүлж байна. Уулзалтаас гарч буй үнэтэй саналуудыг дэмжиж, ажил хэрэг болгох болно” гэдгийг онцолсон юм.
УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ архи, согтууруулах ундааг хязгаарлах талаар ямар арга хэмжээ авч байна гэсэн асуултад “УИХ-ын Хууль зүйн байнгын хорооноос архидалт, нийгмийн сөрөг үзэгдлүүдээс тодорхой арга хэмжээ авахаар ажиллаж байгаа. Мөн улсын хэмжээнд цаазаар авах ялыг халах нь зөв үү гэдгийг ярьж буй. Чухам үүнийг халах орчин бүрдэж үү гэдгийг харах хэрэгтэй. Энэ талаар нухацтай авч үзэх шаардлага бий. Иргэд хуулийг хэрэгжүүлдэг, биелүүлдэг байх ёстой. Хүн эрхээ эдлэхдээ бусдын эрхийг хүндэтгэдэг байх нь чухал” гэдгийг Баянгол дүүргийн иргэдэд хэллээ. Энэхүү уулзалтад МАХН-ын удирдлага, гишүүд сэтгэл хангалуун байсан бөгөөд ирсэн санал бүрийг нухацтай авч үзэн шийдэх болно гэв. Харин энэ удаагийн уулзалтаар “Ард түмнээ сонсъё” аян өндөрлөхгүй, үргэлжлэх болно гэдгийг ч тэд илэрхийлсэн юм.