40 гаруй сая төгрөгөөр амины орон сууцтай болов
Төв аймгийн Цагдаагийн 12 албан хаагч хөнгөлөлттэй зээлээр орон сууцтай боллоо. Үнийн хувьд 104 м2 талбай бүхий орон сууц нь 43.6 сая төгрөг, 101.1 м2 талбайтай орон сууц нь 42.4 сая төгрөгийн өртөгтэй бөгөөд 20 жилийн хугацаатай, жилийн найман хувийн хүүтэй ажээ."Хуульчдын хотхон" хорооллын эхний ээлжийн эдгээр амины орон сууцыг нийт 515.5 сая төгрөгийн төсөвт өртөгөөр ашиглалтад оруулж байгаа ба 1м2 -ын үнэ 419 894 төгрөг юм байна. Барилгыг хүлээн авах ёслол Зуунмод суманд болж, УИХ хурлын гишүүн, шадар сайд М.Энхболд, Орон сууцны санхүүжилтийн корпорацийн гүйцэтгэх захирал Ж.Авдаржавхлан, Нийслэлийн засаг даргын орлогч, ОССК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Б.Мөнхбаатар, аймгийн Засаг дарга Ц.Энхбат, уг барилгыг гүйцэтгэгч "Цома" ХХК-ийн хамт олон, аймгийн цагдаагийн бие бүрэлдэхүүн болон тэдний гэр бүлийнхэн оролцлоо.
Шадар сайд М.Энхболд: -Монгол Улсын Засгийн газар 2006 онд Засгийн газрын санхүүжилтээр төрийн албан хаагчдыг орон сууцжуулах зорилгоор Орон сууц санхүүжилтын корпорацийг байгуулсан. Энэ компани анх байгуулагдсаны дараа Tөв аймагт хүрэлцэн ирж, 20 айлын орон сууц барих барилгын шавыг тавьж байснаас хойш 20 айлын болон 38 айлын орон сууц барьж, төрийн албан хаагчдыг оруулаад байна. Өнөөдөр "Хуульчдын хотхон"-ы эхний ээлжийн 12 орон сууцыг эздэд нь хүлээлгэж өглөө. Цаашдаа энд 47 орон сууц бүхий том хотхон бий болно" гэлээ.
Аймгийн Засаг дарга Ц.Энхбат: Орон сууцны санхүүжилтийн корпорацитай хамтарч ажилласнаас хойш манай аймагт нийт 70 айлын орон сууц баригдаж, аймгийн иргэд орон сууцны урт хугацаат хөнгөлөлттэй зээлд хамрагдаж, олон өрх айл ая тухтай амьдрах орон сууцтай болж байгаад талархаж, цаашид ч хамтын ажиллагааг улам өргөжүүлнэ гэдгээ илэрхийллээ. Мөн орон нутагт хийж буй бүтээн байгуулалтын ажилд талархан Орон сууцны санхүүжилтийн корпорацийн хамт олонд "Хүндэт өргөмжлөл", гүйцэтгэх захирал Ж.Алдаржавхланд аймгийн "Хүндэт тэмдэг" гардууллаа.