Ч.Улаан, С.Эрдэнэ, Д.Оюунхорол нарын саналыг бусад нь дэмжив
Өчигдөр Төсвийн болон Хууль зүйн байнгын хорооны хамтарсан хуралдаанаар Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Ажлын хэсгээс Ч.Улаан, С.Эрдэнэ, Д.Оюунхорол, нарын гишүүд Засгийн газрын тусгай сангийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төсөлд гэмт хэргийн хохирогчдын нөхөн төлбөрийг гэмт этгээдээс буцаан төлүүлэх талаарх зохицуулалт тусгагдаагүй байгаа тул уг төсөлтэй холбогдуулан Засгийн газраас боловсруулсан журмын 7 дугаар зүйлд заасан зохицуулалтыг хуулинд тусгах, мөн төслийн 26.8 дахь хэсгийг төслөөс хасах нь зүйтэй гэсэн санал гаргасныг хамтарсан хуралдааны үеэр дуулгасан юм. Харин хуралдаанд оролцсон гишүүдийн олонхи нь эл саналыг дэмжсэн юм.
Харин Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт оруулах тухай, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийн хувьд зарчмын зөрүүтэй санал гараагүй тул төслүүдийг өргөн баригдсан хувилбараар нь батлуулах нь зүйтэй гэж үзлээ.