Хаврын чуулганаас юу хүлээх вэ
УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва, УИХ-ын гишүүн С.Бямбацогт
2015.04.07

Хаврын чуулганаас юу хүлээх вэ

УИХ-ын гишүүдийн байр суурь

С.Бямбацогт: УИХ-ын дарга “Хаврын чуулганаар нийгэм, эдийн засагт хэрэгтэй олон хуулийн төслийг хэлэлцэнэ” гэж хэлсэн. Үүнд, Ирээдүйн өв, сангуудийн тухай хууль, Тэтгэврийн шинэчлэл, Хүн амын бодлого зэрэг нийгмийн шинэчлэлтэй холбоотой томоохон хуулийн төслүүд багтаж байгаа. Төрийн албаны тухай хууль, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогын баримт бичиг, Улс төрийн намын тухай хууль зэргийг хэлэлцэнэ.

Мөн үүнээс гадна Аж, үйлдвэрийн салбарт төрөөс баримтлах бодлогын баримт бичиг, Худалдааны тухай хууль.Үйлдвэрлэлийн тухай хуулийг хэлэлцэнэ.Тавантолгой, Оюутолгой төслийн ажлыг эрчимжүүлнэ. Чуулганы завсарлагаанаар үүн дээр ард иргэдийнхээ санал бодлыг сонссон. Ялангуяа Сонгуулийн нэгдсэн хуулийн төсөлтэй холбогдуулж аймаг, сумдад амьдарч байгаа иргэдийн санаа бодлыг сонссон учраас тодорхой зарчмын байр суурьтай оролцоно.

Сонгуулийн тогголцоон дээр хоёр намын Засгийн газарт хамтарсан гэрээнд тодорхой заалтууд оруулсан. Тухайлбал, “Манай нам аль болох мажоритар тогтолцоо руу тэмүүлнэ. Мөн сонгуулийн саналыг хар машинаар биш гараар тоолно” гэж тусгасан. Тиймээс гэрээнд заасан заалтуудаа хэрэгжүүлнэ гэж бодож байна. Үндсэн хуулийн өөрчлөлтийн тухайд зайлшгүй өөрчлөх ёстой. 

Д.Тэрбишдагва : УИХ-ын энэ хаврын чуулган үр дүнтэй байх ёстой. Энэ чуулганаар олон асуудал хэлэлцэнэ. Хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлуудаа эхнээс нь шахуу хэлэлцээд явахгүй бол чуулганы төгсгөлд наадам дөхүүлээд шахаж болохгүй. Ялангуяа эдийн засгийн байдал сайнгүй байгаа энэ үед чуулганы эхний өдрөөс ачаалалтай ажиллах ёстой.

Эхний ээлжид Таван толгойн асуудлыг нухацтай хэлэлцэхгүй бол Оюутолгойтой адилхан, бүр тэрнээс ч дор болох магадлалтай. Тиймээс УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Оюутолгой дээр ч засч сайжруулах зүйл бий.