Монголын зураг төсөлчид 25 давхар барилгыг "Ам бардам"хийж чадна
Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч, МУ-ын зөвлөх инженер Н.Дорж
2015.04.10

Монголын зураг төсөлчид 25 давхар барилгыг "Ам бардам"хийж чадна

  • Бид зөвхөн дөрвөн уулан дундаа стресстэж амьдрах шаардлага байхгүй

Барилгын зураг төсөл зохиогчдын холбооны ерөнхийлөгч, МУ-ын зөвлөх инженер Н.Доржтой барилгын салбарын асуудлаар ярилцлаа. Тэр дундаа хот төлөвлөлтийн талаар ярив. Учир нь тэрээр 2020 он хүртэл УБ хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг боловсруулахад гар бие оролцсон хүний нэг юм.

-Улаанбаатар хотын байшин барилгууд мэргэжлийн хүний нүдээр харахад танд таалагддаг уу?

Үгүй. Яг үнэнийг хэлэхэд 2002 оноос өмнө УБ хот харьцангүй цэгцтэй байлаа.

Хотыг хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөө байдаг ч түүнийг хэрэгжүүлэхгүй байгаад л бүх учир бий. Одоогоос 16 жилийн өмнө анх удаа Монгол инженерүүд Нийслэл хотын захиалгаар 2020 он хүртэлх УБ хотын ерөнхий төлөвлөгөөг хийж эхлэн гурван жилийн дараа хүлээлгэн өгсөн.

Ингээд 2002 онд ерөнхий төлөвлөгөөг баталж, сайн оролцсон хүмүүсийг нийслэлийн засаг дарга шагнаж бид ч хотын хөгжилд хувь нэмрээ оруулсандаа сэтгэл хангалуун байсан.

Харамсалтай нь газар олголт яг төлөвлөгөөний эсрэгээр явагдаж, өнөөдрийн энэ их стресс бухимдал, байшин хоорондын зай, замын хажууд, зогсоолгүй, хүүхдийн тоглоомын газаргүй гэх асуудлууд үүсчихсэн.

-Тухайн үеийн та нарын төлөвлөгөөгөөр өнөөдрийн УБ хот ямар байх байсан бол. Яагаад төлөвлөгөөний дагуу яваагүй юм бэ?

УБ хотын хотын үе үеийн дарга нар ерөнхий төлөвлөгөөг зөрчиж ажиллан хотыг замбараагүй болгосон.

Газар олголтыг замбараагүй явуулаад эхлэнгүүт бидний төлөвлөгөө худлаа болсон учраас 2005 онд дахин тодотголыг Японы ЖАЙКА-гийн тусламжтайгаар хийсэн. Тэд бидний төлөвлөгөөг сайн болсон, гол нь хэрэгжүүлээгүйд л бүх алдаа байгааг хэлсэн.

Тэгээд дахиж тодотгол хийгээд 2030 он хүртэлх төлөвлөөг гаргаж, Хотын ерөнхий төлөвлөгөөний хуулийг батлуулсан. Бүр сүүлдээ төлөвлөгөөг зөрчөөд байхаар нь хууль болгож, хариуцлага хүлээлгэх механизмыг бүрдүүлсэн нь тэр. Гэхдээ л өнөөдөр хот ямар байдалтай байгааг бүх хүн мэднэ.  

2020 оны ерөнхий төлөвлөгөөний үндсэн концепци нь Улаанбаатар хотыг баруун тал руу буюу Баянголын ам, Тахилтын ам тал руугаа тэлж хотын төвөөр нягтруулж хөгжүүлэх байсан. Учир нь зүүн талдаа ундны усны эх үүсвэртэй, хойд урд талаараа уулаар хүрээлэгдсэн болохоор тэлэх боломжгүй.

Тухайн үед 2015 он гэхэд хотын хүн ам нэг саяд хүрнэ гэж тооцоод дотроо нягтруулахаар төлөвлөж, зам харилцаа, орон сууц, машины зогсоол, сургууль цэцэрлэгийг бүгдийг нь бодолцоод хийсэн. Нэгэнт төлөвлөгөөний дагуу яваагүй учраас мэргэжлийн хүмүүсийн хотоо хөгжүүлье гэсэн хүсэл эрмэлзлэл унтарсан.

-Нэгэнт хэрэгжээгүй төлөвлөгөөг дахиж ярихад хэцүү байгаа биз ээ. Одоогийн нөхцөл байдлыг ярилцья. Хотын төвд газаргүй болсон учир гэр хорооллын газар луу орж эхэлж байна. Дагуул хотуудын тухай ч олон жил ярилаа?

Гэр хорооллын дахин төлөвлөлт хийж байгааг дэмжиж байгаа. Гэхдээ урт хугацаанд УБ хот хөгжлөө дагаад татах цэг болсон учир хотоос хүнийг хурдан гаргадаг гарцуудыг бодож олж, тийшээ хөрөнгө оруулалт хийх хэрэгтэй.

Миний бодлоор шинэ нисэх онгоцны буудал баригдаж байгаа Төв аймгийг хот болгон хөгжүүлэх боломжтой. Дөрвөн уулан дундаа шахцалдаж, хордож байхын оронд уулаа давж гараад, бие биентэйгээ муудалцахгүй амьдарч болно шүү дээ. Яг үнэндээ ийм том газар нутагтай байж дөрвөн уулан дундаа стресстээд амьдарч байгаа бид их инээдтэй санагддаг.

Хот дотроо метро, рейлбус явуулж тэр их мөнгийг дэмий үрж байхын оронд Төв аймаг руугаа, хөдөө рүүгээ тавих хэрэгтэй. Хотод өдөржингөө ажиллаж ядарсан, хордсон хүнд хотоос аль болох богино хугацаанд гарах боломжийг бүрдүүлж, зам, метро, рейлбусаа явуулах хэрэгтэй.

Хэрвээ ийм боломж нээгдвэл би лав хотод амьдармааргүй байна. Шууд Майдар төслийн ойролцоо очиж амьдарна. Эрүүл агаарт амьдармаар байна шүү дээ.

Э.Бат-Үүл дарга хотын захиргааны байгууллагыг СХД рүү шилжүүлэхээр шийдсэн нь маш зөв. Хэрвээ засгийн газар мөн хотоос гараад Төв аймаг явчихвал хотын бүх ачаалал хөнгөрөөд л ирнэ.

БНСУ-ын Засгийн газар Сөүлээс урагш 130 км-т шинээр байгуулагдсан Sejong хот руу өнгөрсөн жил нүүсэн. Уг хотыг жинхэнэ ногоон хот болгон төлөвлөж, хэрэгжүүлж байгааг нүдээрээ үзэж цагаан атаархал төрж байлаа.

-Та инженер, дулаан хангамжийн чиглэлээр олон жил ажилласан хүний хувьд шинэ тутам нэмэгдэж байгаа орон сууцны хороолол, хотхоны асуудлыг хэрхэн шийдэх ёстой гэж боддог вэ. Учир нь Ургах наран хорооллын бохир өвөлдөө холдоод Налайх руу явах замд халиад хүндхэн нөхцөл үүссэн байсан?

Ургах наран хорооллын хувьд ерөөсөө техникийн шийдэл нь буруудсан. Цэвэрлэх байгууламж тавих ёстой байтал тавилгүй, бохирыг зөөж тээвэрлэхээр шийдсэн. Энэ бол Ц.Батбаярын үед дэмжигдээд гарсан төсөл. Одоо байр авсан хүмүүс л хохирч байна.

2020 оны Хотын ерөнхий төлөвлөгөөнд би дулаан хангамжийн хэсгийг нь хариуцаж ажилласан.

Хотын төвийн барилгууд нэгдсэн дулаан шугам сүлжээгээр дулаанаа авдаг байсан учир  шинээр барилгыг тухайн газарт буй дулааны шугамд холбохоос өөр аргагүй байсан. Би дүгнэхдээ ерөөсөө эрчим хүчний хэмнэлтийн бодлогыг явуулж, байшин барилгуудаа дулаалах санал гаргасан.

Одоо байр авсан хүмүүс л хохирч байна.

10 угсармал байшинг дулаалчихвал хоёр дахин бага дулаан зарцуулж, дулааныг хэмнэж дахиад таван байшинд нэмэлт дулаан өгөх боломж бүрддэг. Энэ нь манайд болон бусад орнуудад батлагдсан зүйл. Хэрвээ хэмнэлтийн бодлого явуулж, байшин барилгуудыг дулаалчихвал шинэ дулааны цахилгаан станц баригдахаас өмнө асуудлаа шийдэх боломжтой гэж харж байсан.

Хэмнэлтийн бодлого нь хамаагүй хямд зардалтай. Германы төслөөр Гэсэр сүмийн урд талын Чингэлтэй дүүргийн АН-ын байр байгаа угсрамал орон сууцыг дулаалж, дулаан алдагдлыг 50 хувь бууруулж болохыг нотолсон.

-Өнгөрсөн онд Эрчим хүчний хэмнэлтийн хуулийн төсөл УИХ дээр орж ирсэн ч буцаагдсан. Ер нь энэ бодлого яагаад дэмжигддэггүй юм бэ?

Миний л мэдэхийн 1995 оноос хойш 20 жил буцаагдаж байна. Герман улсад бүр Барилгад эрчим хүч хэмнэх хууль гэж байдаг. Барилга бүрт тусгайлан заасан стандарттай. Би энэ асуудлаар анх хөөцөлдөж, Германы хуулийг орчуулаад Эрчим хүчний яаманд өгч байсан. Тухайн үед эрчим хүчнийхэн энэ бол барилгын асуудал тул бидэнд хамаагүй гэж үздэг байсан. Харин барилгынхан энэ бол эрчим хүчний асуудал гэж үздэг байсан.

Төв аймаг дахь Хөшигтийн хөндийн нисэх онгоцны буудлын зураг төсөл

Уг нь энэ талаар Засгийн газрын хөтөлбөр гаргаж, намууд нь бодлогоо дэвшүүлж өрсөлдөх хэрэгтэй байна.

Одоо хуучин байшингууд, шинэ байшингууд нь дулаанаа булаацалдаад, хуучин барилгуудын халаалт муудсан тохиолдол их байдаг.

-Хэмнэлтийн хууль яагаад батлагдаж, олны анхаарлын төвд очдоггүй юм бол оо. Хорин жил буцаагдсан гэдэг чинь?

Манай Улсын их хурал дээр ардаа эзэнтэй хууль л батлагддаг. Мөнгөтэй холбоотой хууль маш амархан гардаг хэрнээ нийгэмд хэрэгтэй эрчим хүчний хэмнэлт шиг хууль аль нэг улс төрчид шууд ашиг өгөхгүй учир батлагддаггүй.

Тавантолгой гэвэл бүгдийнх нь идэвхи сэргээд бөөн мөнгө зүүдэлдэг юм шиг байгаа юм.

-Та бид хоёр хот төлөвлөлт, дэд бүтцийн асуудлаар нэлээдгүй ярилаа. Зураг төслийн тухай яривал ямар бэ. Ялангуяа хотын төлөвлөгөө, норм стандарт илт зөрчсөн барилгын зураг төслийн захиалга орж ирвэл зургийнхан хэрхэн хүлээж авдаг вэ. Зураг хийхгүй гэх ёс зүй хэр байдаг бол?

Сүүлийн хоёр жилийн хугацаанд эдийн засагтай холбоотойгоор ажил багасч байна. Ёс зүйтэй байх эсэх нь тухайн компани, хүнээс шалтгаална. Амьдрал дээр захиалагч нь хариуцлагыг би хүлээнэ, чи зураад л өг гэдэг байхгүй юу. Зураг төслийн хүнд цалинтай байх уу, цалингүй байх уу гэдэг хоёр л сонголт үлддэг.

Тэднийг буруутгахад хэцүү. Тийм учраас манай Барилгын зураг төсөл зохиогчдын холбоо өнгөрсөн жил ёс зүйн дүрмийг баталсан. Тус дүрмийг холбооны гишүүн 150-иад компани мөрдөж байгаа. Ухамсарын л асуудал. Улайн цайм хууль зөрчсөн зураг төсөл хийлгэх гээд байвал татгалзах ёстой.

-Ер нь барилгын зураг төслийн хичнээн компани байна вэ. Тэдгээрт ямар шаардлага тавигддаг вэ?

Тусгай зөвшөөрлийг тоолвол  300 лав гарсан байх. Барилгын салбар 2000 оноос өмнө ажилгүй байж байгаад 2000 оноос хойш идэвхжиж тэр хэрээр барилгын зураг төслийн лицензийг замбараагүй олгосон.

Тусгай зөвшөөрлийн анилалаар зургийн компаниудын ур чадварын ялгааг гаргах гээд бүтээгүй.

Энэ олон тусгай зөвшөөрөлтэй компаниуд зах зээлээ хуваагаад, бие биенийхээ үнийг унагаж, зураг төслийн үнэлгээг улам хямдруулсаар, мэргэжлийн өрсөлдөөн байхгүй болж муудсан.

Ялангуяа төсвийн хөрөнгөөр баригдсан барилгууд тааруу байдаг нь хамгийн муу зургаар, хамгийн муу барилгын материалаар, бариулдаг төрийн худалдан авалт, тендерийн тогтолцоотой холбоотой.

Тиймээс тусгай зөвшөөрлийг цэгцлэх хэрэгтэй. Би улсын төсвөөр хийж байгаа барилгын ажилд оролцохоос татгалздаг. Их бага хэмжээгээр авилгатай холбогдчих гээд байдаг юм. Тиймээс зөвхөн хувийн хөрөнгө оруулагчтай төслүүд дээр ажилладаг.

-Гадны зураг төслийн компаниуд нэлээдгүй орж ирж байна. Дотоодынхон өрсөлдөж, бас туршлага хуримтлуулж байгаа байх. Монгол зураг төсөлчид юуг хамгийн сайн хийж чадах вэ?

Ер нь монголын зураг төсөлчид 25 давхар хүртэл барилгын зураг төслийг  хийж чадна.

Франц, Герман, Швейцарь, Сингапур, Хонгконг, Хятад гээд олон улсын зураг төслийн компаниуд орж ирсэн. Зах зээлийнхээ зарчмаар л явж, өрсөлдөж байгаа.

Томоохон хөрөнгө оруулагчид дэлхийн олон улс орноор явж ирчихээд биднээр дэлхийн түвшний барилга бариулья гээд хүсэлт гаргахад бид үнэндээ сул байгаа учир биелүүлж чадахгүй байна. Манай зураг төслийнхөн бэлэн биш. Хэтэрхий олон жижигхэн компани болсон тул өөрсдийгөө хөгжүүлж чадахаа байчихсан гэж үзэж болно.

Тийм учраас гадны зураг төслийнхөн биднээс хэд дахин өндөр үнэтэй ч захиалга аваад зураг хийж байна. Тэгэхээр дотоодын зураг төслийн компаниуд өөрсдөө хурдан нэгдэж хөгжих хэрэгтэй.

-Танай барилгын зураг төслийн салбарт болж бүтэж байгаа, эерэг зүйл байна уу?

Барилгын тухай хуулинд Барилгын асуудал хариуцсан төрийн захиргааны төв байгууллага өөрийнхөө тодорхой үүрэг харуицлагыг ТББ-д шилжүүлж болно гэсэн заалтын дагуу барилгын тусгай зөвшөөрөл, сургалт хийх эрхийг ТББ-д өгөхөөр болсон.

Тус ажилд барилгын чиглэлийн 11 ТББ нэгдээд “Барилгын хөгжлийн үндэсний төв” ТББ-г байгуулж, тун удахгүй тусгай зөвшөөрөл, сургалтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл шатандаа ажиллаж байна. Яамны зүгээс бидэнд менежментийн эрхийг хоёр жилийн хугацаатайгаар өгөхөөр ярилцаж байна. Бид одоо тусгай зөвшөөрөл олгох журмыг шинэчлээд яамаар хянуулж байна.

ТББ гэдэг гишүүдийнхээ том хяналтанд байдаг учраас шударга бус ажиллах боломжгүй. Ингэхээр олон замбараагүй асуудал цэгцэрнэ.

Бидний ажиллах дүрмийг яам баталж өгнө.

-Барилгын стандарт норм дүрэм орчин үеийн шаардлагад хэр нийцэж байгаа вэ?

Огт нийцэхгүй байгаа. Нийцүүлье гэхээр барилгын салбарт үүнийг судлаад, хийгээд сууж байдаг эрдэм шинжилгээний байгууллага байхгүй.

Уг нь өнгөрсөн намар Засгийн газар байгуулагдаад зураг төслийн эрдэм шинжилгээний төвийг байгуулсан ч оны өмнө татан буулгаад Барилгын хөгжлийн төв рүү нийлүүлсэн. Ийм л ажил хийж байна шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.