Хөгжлийн төлөө түншлэлийн тунхагт гарын үсэг зурлаа
"Улаанбаатар хөрөнгө оруулалт-2015" чуулга уулзалтын үеэр Тунхаг бичигт гарын үсэг зурах ёслол боллоо.
Нийслэлийн Засаг дарга Э.Бат-Үүл, Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч Ж.Од нар Тунхаг бичигт гарын үсэг зурсан юм.
Хөгжлийн төлөө түншлэлийн тунхагийг бүрэн эхээр нь хүргэж байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн төв нийслэл Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ч их хотын өмнө тулгамдаж буй хүн амын хэт төвлөрөл, агаарын болон орчны бохирдол, орон сууц, нийтийн тээвэр, дэд бүтцийн дутагдал, авто замын бөглөрөл зэрэг олон асуудал шийдлээ хүлээсээр байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засаг, бизнесийн төв нийслэл Улаанбаатар хот сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа ч их хотын өмнө тулгамдаж буй хүн амын хэт төвлөрөл, агаарын болон орчны бохирдол, орон сууц, нийтийн тээвэр, дэд бүтцийн дутагдал, авто замын бөглөрөл зэрэг олон асуудал шийдлээ хүлээсээр байна.
Гэвч эдгээр асуудлыг төр засаг, хотын захиргаа зөвхөн улс, нийслэлийн төсвөөр шийдвэрлэх боломжгүй гэдгийг өнгөрсөн цаг хугацаа бидэнд харуулж байна.
Хотынхоо бэрхшээлтэй асуудлыг даван гэтэлж, хөгжил дэвшлийг авчрахад хотын иргэн-үндэсний аж ахуйн нэгж бүрийн идэвхтэй оролцоо нэн чухал бөгөөд цаашдын хөгжлийнхөө төлөө бид түншлэх цаг нэгэнт иржээ.
Үүнийг үндэслэн нэг талаас, Нийслэлийн нутгийн захиргааны бүх байгууллагууд, түүнийг төлөөлж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, нөгөө талаас, Нийслэлийн бизнес эрхлэгч, баялаг бүтээгч, татвар төлөгч иргэд, түүнийг төлөөлж Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгч Ж.Од нар Улаанбаатарын хөгжлийн төлөө түншлэлийн тунхагийг батлан өөрсдийн нэгдмэл байр суурийг дараахь зорилго, чиглэлээр илэрхийлж байна.
Үүнд:
1. Бидний зорилго
Төр, хувийн хэвшлийн түншлэлд тулгуурлан Улаанбаатар хотыг бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчин бүхий эрүүл, аюулгүй амьдрах нөхцөл нь бүрдсэн, байгальд ээлтэй, бүс нутгийн бизнес, санхүү, аялал жуулчлалын төв Ухаалаг, Найрсаг, Авлигагүй хот болгон хөгжүүлэх явдал хэмээн тодорхойлж байна.
2. Бидний хамтын үйл ажиллагааны чиглэл
- Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний тодотгол, 2030 он хүртэлх хөгжпийн чиг хандлагын дагуу ерөнхий төлөвлөгөөг төр, хувийн хэвшлийн түншлэлийн арга замаар хэрэгжүүлж, энэ талаарх хувийн хэвшлийн бүхий л санал санаачилга, үйл ажиллагааг хөхүүлэн дэмжих,
- Улаанбаатар хотыг бизнес, хөрөнгө оруулалтын таатай орчинтой, баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгчдийн хууль ёсны эрх ашгийг дээдлэн хамгаалсан бүс нутаг болгох,
- Хотын хөгжпийн төсөл хөтөлбөр, хөрөнгө оруулалт, худалдан авалтын бүхий л мэдээлэл, үйл ажиллагааг ил тод нээлттэй болгож, авлигагүй орчинг бүрдүүлэх,
- Төрийн үйлчилгээг цахимжуулан чанар, хүртээмжийг дээшлүүлж, төрийн зарим чиг үүргийг гэрээний үндсэн дээр хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, төрийн бус байгууллагаар гүйцэтгүүлдэг тогтолцоог бодитойгоор бүрдүүлэх,
- "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийг хэрэгжүүлж, хотоо бүс нутгийн аялал жуулчлалын төв болгох зорилтод чиглэсэн төсөл, хөтөлбөрийг хамтран хэрэгжүүлэх,
- "Ухаалаг Улаанбаатар" хөтөлбөрийг хэрэгжүүлснээр бүхий л мэдээ, мэдээлэл чөлөөтэй эргэж, цаг хугацаа хэмнэн орчин үеийн техник, технологид суурилсан хотын удирдлага, зохицуулалтын тогтолцоог бүрдүүлж, холбогдох бүхий л шийдвэрт хувийн хэвшлийн оролцоог баталгаажуулах,
- Улаанбаатар хотын ногоон хөгжпийн бодлогыг тодорхойлж, ус, эрчим хүч, түлш хэмнэсэн байгальд ээлтэй үйлдвэрлэлийг тэргүүлэх ач холбогдол өгч хэрэгжүүлэх,
- Нийслэлийн гудамж талбай, хөшөө дурсгалын цогцолбор,сургууль, эмнэлгийн барилга байгууламжийг барьж байгуулах тохижилтийн ажилд хувь нэмрээ оруулж нийгмийн хариуцлагаа биелүүлсэн иргэн, хуулийн этгээдийг алдаршуулах,
- Улаанбаатарчууд төрөлх хотдоо эрүүл аюулгүй, ажил орлоготой, сэтгэл дүүрэн, аз жаргалтай амьдрах нөхцөлийг бүрдүүлэхийн төлөө хамтран зүтгэх.
Бидний гаргаж буй энэхүү Тунхаг, үйл ажиллагааг дэмжин ажиллахыг нийт иргэд, аж ахуйн нэгж байгууллага, төрийн болон төрийн бус байгууллагад хандан уриалж байна.
Сайн үйлс дэлгэртүгэй
Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч ЭРДЭНИЙН БАТ-ҮҮЛ
Улаанбаатар хотын худалдааны танхимын ерөнхийлөгч ЖАМБАЛЖАМЦЫН ОД