УИХ-ын гишүүд Зуунмод суманд ажиллалаа
УИХ дахь Ардчилсан намын бүлгийн дэд дарга С.Одонтуяа, УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Ардчилсан намын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр, ҮЗХ-ны гишүүн н.Доржпүрэв нар өчигдөр Төв аймгийн Зуунмод сумын иргэдтэй уулзалт хийлээ.
Уулзалтын эхэнд С.Одонтуяа дарга Татварын багц хууль, Улс төрийн намуудын тухай, Сонгуулийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Гэр бүлийн тухай, Гэр бүлийн хүчирхийллийн тухай, Хамтын тэтгэврийн тухай гэхчлэн нийгэмд хамгийн их хүлээлт үүсгэж буй хуулийн төслүүдийн талаар мэдээлэл өглөө. Тэрээр тэтгэврийн тухай хуулийн талаар хэлэхдээ “Хамтын тэтгэврийн тухай хууль батлагдсанаар гэр бүлийн хоёр гишүүний нэг нь нас барах юм бол нөгөө нь түүний тэтгэврийн тодорхой хувийг авч байх боломжтой болно. Ахмад настны тэтгэврийн тал дээр төрөөс баримтлах бодлогыг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн.
Тэтгэврийн насыг нэмэх, эсвэл хасах зэрэг янз бүрийн саналууд яригдаж байгаа. Тухайлбал, МАН-ын бүлгийн гишүүдээс малчдын тэтгэврийн насыг наашлуулах санал гаргасан. Харин иргэдтэй уулзахад тэтгэврийн насыг наашлуулах асуудлыг төдийлөн дэмждэггүй. Тэгэхээр малчны хөдөлмөрийг хүнд нөхцөлд тооцоод, мал малладаггүй иргэнээс ажилласан жилийг нь хоёр дахин эсвэл 1,5 дахин ихээр тооцдог байх зохицуулалт хийхээр бэлтгэж байгаа. Ер нь тэтгэврийн тогтолцоог олон давхаргад оруулахаар төлөвлөж байна. Одоогийн байдлаар ахмадууд ганцхан төрлийн тэтгэвэр авдаг. Тэгвэл уул уурхайн орлогоос нийт тэтгэвэр авагчдад суурь тэтгэвэр гэж бий болгоод дээрээс нь ажилласан жилээсээ хамаарч авдаг тэтгэвэр, мөн хувийн хэвшлийн тэтгэврийн тогтолцоог бий болгох асуудлыг бид ярьж байгаа.” гэлээ.
Тэрээр мөн Гэр бүлийн тухай хуулийг онцолж “Гэр бүлийн тухай хуульд өрх толгойлсон эмэгтэйчүүдийн асуудлыг онцгойлон оруулахаар төлөвлөж байгаа. Гэр бүл салж, нөхөр нь орхиод явахад эмэгтэйчүүдийн нуруун дээр амьдралын хамаг ачаа ирдэг. Иймд энэ хуулиар “Хүүхдийн тэтгэмжийн эрсдэлийн сан” гэдэг зүйлийг бий болгохоор зорьж байна. Хүүхдийнхээ тэтгэмжийг өгөөгүй иргэний хилээр гарах эрхийг хязгаарлах заалт хүртэл оруулж байгаа гэв.
Иргэд Зуунмодын газрыг тэлж, Хөшгийн хөндийн нисэх буудлыг Зуунмодоор “овоглох”-ыг хүслээ
Нутагт нь зорьж очсон Ардчилсан намын гишүүдэд хандаж иргэд УИХ-аар хэлэлцэж буй хуулийн төслүүдийн талаар санал бодлоо хуваалцаж, орон нутагтаа тулгамдаад буй асуудлуудын талаар үзэл бодлоо илэрхийлж, гишүүдээс сонирхсон асуултдаа хариулт авсан юм. Тухайлбал:
5-р багийн Засаг дарга Т.Ганчимэг “Ахуйн хүрээнд архидалт их байна. Иймд архины хяналтын тухай хуулийг яаралтай батлах хэрэгтэй байна” гэсэн бол 1-р багийн иргэн, өндөр настан н.Дорждэрэм “Монголчууд ядуу биш, залхуу нь дэндэж байна. Сүүлийн хэдэн жил ган, зуд гэх мэт байгалийн гамшиг үзээгүй. Бид хөдөлмөрлөх хэрэгтэй, хүнээ хөгжүүлж, хөгжсөн хүнээ ажиллуулах хэрэгтэй байна” гэсэн юм. Мөн 1-р багийн иргэн, өндөр настан Н.Тойвгоо “60 сая малтай болчихоод байгаа хэрнээ махны үнэ буурахгүй байна. 1965 онд улсад малаа нийгэмчилсэн хүмүүсийн мал өдгөө ийн өсч үржсэн тул тэр хүмүүсийг харж үзэх хэрэгтэй. Хамгийн залуу нь 80 гарсан хүмүүс байгаа” гэдгийг сануулав. Харин 2-р багийн иргэн Г.Дунгарчагнаадорж “Улс орны эдийн засаг хүнд үед Заамарынхан орон нутгаа авч явсан. Газар нутгийнх нь гуравны нэг нь хөндөгдсөн. Бэлчээрийн доройтолд орсон. Газар тариалан, уул уурхайд мал аж ахуй шахагдсан. Хүн ам өссөөр 6000 давсан. Иймд бичил уурхайг дэмжиж өгөөч” хэмээн хүслээ.
Зуунмод сумын иргэдийн хувьд тулгамдаад буй асуудлын нэг нь өмчлөлийн газар юм. Тус сум нь Сэргэлэн сумын нутаг дээр оршдог бөгөөд 17 мянган хүн амтай суурин газарт Газар өмчлүүлэх хуулийн дагуу олгох газар хүрэлцэхгүй байна. Иймд газар нэмж өгөөч гэдэг хүсэлтийг иргэд тавьж байлаа. Мөн тус сумын нутаг дээр буюу Хөшгийн хөндийд баригдах гэж буй нисэх буудлыг нийслэлээр овоглож байгааг буруушаан, Зуунмодынхон Хөшгийн хөндийн онгоцны буудлаар дэлхийн газрын зурган дээр тэмдэглэгдэх хүсэлтэй байгаагаа хэлж байсан юм.
Түүнчлэн иргэд намууд талцаж, бие биеэ үгүйсгэж харлуулаад байхын оронд хамтраад улс орноо хөгжүүлэх хэрэгтэй хэмээн захиж, Хамтын тэтгэврийн тухай хуулийг дэмжиж байгаагаа илэрхийлж байлаа. Мөн нийслэлд очихоор аж ахуйн нэгж, байгууллагууд хаягаа гадаад хэл дээр бичсэн байдаг нь ихээхэн хүндрэл учруулдаг. Монгол хэл, соёлоо дээдэлж, монголоороо бичиж байгаач гэсэн гомдлын үгийг гишүүдээр нийслэлчүүдэд дайлгав.
Иргэд мөн сонгуулийн тухай хуульд ямар өөрчлөлт оруулах гэж байгаа талаар гишүүдээс лавлаж, зарим нь пропорциональ тогтолцоонд шүүмжлэлтэй хандаж байгаагаа илэрхийлж байлаа. Энэ талаар АН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Л.Эрхэмбаяр байр сууриа илэрхийлэхдээ “Аливаа улсын хөгжилд нам маш чухал үүрэг гүйцэтгэдэг. Тиймээс нам төлөвших ёстой. Монгол улсад олон намын тогтолцоо бий болоод хорь гаруйхан жилийн нүүрийг үзэж байна. Намууд хангалттай төлөвшиж чадаагүй болохоор иргэдийн итгэл буурч байгаа тал бий. Гэхдээ ардчиллын 400 жилийн түүхтэй Англи, Франц, 250 жилийн түүхтэй Америкт ч иргэдийн нам, төр засагтаа итгэх итгэл бага байдаг. Гэсэн хэдий ч улс орны хөгжлийн бодлогыг нам тодорхойлсоор ирсэн. 76 бие даагч гараад ирвэл нэгдсэн бодлогогүй, нэгдмэл баг болж ажиллаж чадахгүй. Тиймээс холимог тогтолцоо зайлшгүй шаардлагатай” гэсэн юм.
Р.Амаржаргал: Монгол Улсыг хариуцлагатай байдал л аварна
Уулзалтын үеэр зарим иргэн Оюутолгой, Тавантолгой зэрэг томоохон төслийн хэрэгжилт удаашралтай, үр дүн нь харагдахгүй байгаад шүүмжлэлтэй хандаж байсан бол нөгөө хэсэг нь уул уурхайг шүтэх биш мал аж ахуйгаа тэргүүлэх чиглэл болгон ажиллах нь зүйтэй хэмээж байсан юм. Энэ асуудалд УИХ-ын гишүүн Р.Амаржаргал байр сууриа илэрхийлэхдээ:
Өнөөдөр Монгол Улс өдий дайтай хөгжсөн гол шалтгаан нь Эрдэнэтийн үйлдвэр. Энэ үйлдвэр монголчуудыг 30 жил тэжээлээ. Тэгвэл Оюутолгой Эрдэнэтээс дөрөв дахин том. Харин тавантолгой нь Оюутолгойгоос даруй дөрөв дахин том. Манай улсын газрын хэвлийд нийт 2-3 триллион ам.доллар буюу 2-3 их наяд төгрөгийн ашигт малтмал бий гэсэн судалгаа байдаг. Нийт 6000 орд бий. Үүнээс хайгуул болон ашиглалтын лиценз олгосон 400 орд байгаагаас 200 нь үйл ажиллагаа явуулж байна. Энэ их баялаг уг нь Монгол Улсыг хөгжүүлэх ёстой. Гэтэл өнөөдөр монголчуудыг хооронд нь хэрэлдүүлж, бие биеэ өөрөөр харахад хүргэж байна. Тэгэхээр нэгэнт шийдэж чадахгүй бол шийдэж чаддаг хүн гарч иртэл нь орхичих хэрэгтэй. Мэддэг, чаддаг дараагийн үе гарч ирээд шийдэг. Ер нь Монгол Улсыг хариуцлагатай байдал л аварна. Хариуцлагагүй ажилласан албан тушаалтнуудад төр төмөр нүрээ харуулдаг л байх хэрэгтэй гэлээ.
Төв аймгийн Засаг дарга Д.Баярбат: “Шинэ сум” төслийг хэд хэдэн суманд хэрэгжүүлэх шаардлагатай
Манай аймгийн хувьд эдийн засгийн хэд хэдэн тулгууртай. Дийлэнх хэсэг буюу 80 хувийг хөдөө аж ахуй, тэр дундаа мал аж ахуй эзэлдэг. Түүнчлэн аялал жуулчлалын салбар нэлээд хөгжих хандлагатай байгаа. Тухайлбал, Цонжинболдог дахь цогцолбор, тахиараа алдартай Хустайн нуруу гээд гадаад, дотоодын жуулчид зорин очих дуртай, үзэсгэлэнтэй сайхан газрууд бий. Гэхдээ Монгол Улсын дэд бүтцийн гол зангилаа дээр оршдог аймгийн хувьд, дээр нь хамгийн олон буюу 27 сумтай аймгийн хувьд “Шинэ сум” төслийг хэд хэдэн суманд зэрэг хэрэгжүүлэх шаардлагатай байгаа. Ялангуяа, зам дагуу сумдад нэгдсэн халаалтын системтэй, цэвэр бохир усыг нь шийдвэрлэсэн барилга байгууламжуудыг бүтээн байгуулах хэрэгтэй байгаа юм. Аймгийн төвийг дагасан үйлдвэрлэлийн бүс байгуулах төлөвлөгөө гаргасан. Энэ төлөвлөгөө хэрэгжсэнээр Төв аймгийн иргэд ажлын байраар хангагдах төдийгүй нийслэл орчмоос иргэд шилжин суурьших боломжтой болно. Мөн ирэх жил Хөшгийн хөндийд нисэх буудал ашиглалтад орсноор аймгийн иргэдийн ахуй амьдрал нэлээд дээшлэх болов уу гэж харж байна.