Л.Гантөмөр сайд Орхон аймагт ажиллаа
Орхон аймаг
2015.05.14

Л.Гантөмөр сайд Орхон аймагт ажиллаа

Боловсрол соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр өнгөрөгч даваа, мягмар гаригт Орхон аймагт ажиллаж, салбарынхаа үйл ажиллагаатай танилцсан юм.

Орхон аймгийн хувьд ерөнхий боловсролын сургуулиас гадна МУИС-ийн харьяа Орхон сургууль, ШУТИС- ийн харьяа Технологийн сургуультай гэдгээрээ онцлогтой.

Тус аймгийн хувьд есөн хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа бөгөөд сүүлийн гурван жилд 5.4 тэрбум төгрөгийг боловсрол, соёлын салбарт зарцуулаад байгаа аж. 840 хүүхдийн дөрвөн цэцэрлэг ашиглалтад оруулахад 1.7 тэрбум төгрөг зарцуулсан бөгөөд “Зөв монгол хүүхэд" хөтөлбөрийн хүрээнд нэг хүүхэд гурван удаа үнэгүй жүжиг үздэг болсон нь хүүхдүүдийг багаас нь соёл урлагийн мэдлэгтэй болоход ихээхэн дэмжлэг болж байгаа гэлээ.

БСШУ-ы сайд Л.Гантөмөрт хандан аймгийн удирдлагууд шинэ соёлын төвийн барилгын төсвийг дэмжиж өгнө үү хэмээн хүсэлтээ хэлж байлаа. Орхон аймаг Уурхайчин соёлын ордонтой боловч аймгийн нэр дээр бус Эрдэнэт үйлдвэрийн харьяанд байдаг тул соёлын ордонтой болох зайлшгүй шаардлага байгааг хэлж байсан юм. Орхон аймгийн Тамгын газар боловсролд ээлтэй Тамгын газраар шалгарч байсан гэнэ.

Л.Гантөмөр сайд “Эрдэнэт” сургуулийн үйл ажиллагаатай танилцсан бөгөөд тус сургуулийн өргөтгөлийн барилгын шав тавих ёслолд оролцсон юм. Тус сургуулийн ачаалал их тул гурван ээлжээр хичээллэж байсан гэнэ. Тиймээс “Их залуу’’ багт шинээр сургууль барьж хоёр ээлжээр хичээллэх боломжийг бүрдүүлжээ. Шинээр баригдсан 640 хүүхдийн хүчин чадал бүхий 10 дугаар сургуулийн нээлт болж Л.Гантөмөр сайд оролцлоо.

Түүнчлэн аравдугаар цэцэрлэг, “Оюу’’ цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцлаа. Сайдын хувьд төгсөх ангийн сурагчидтай УИХ-ын гишүүн М.Батчимэгийн хамт уулзалт хийж “Дэлхийд өрсөлдөх Монгол хүн” лекцээ тавьсан юм. Хүн аз жаргалтай амьдрах туйлын хүсэлтэй байдаг. Тиймээс өмнөө холын бус ойрын зорилго тавьж түүндээ хүрэхийн тулд мэдлэгтэй болох ёстой. Өнөөдөр монголчууд гурван сая хүний нэг нь би гэж бодох бус дэлхийн долоон тэрбум хүний нэг.

Долоон тэрбум хүний сэтгээгүй зүйлийг сэдэж дэлхийд брэнд болгох ёстойг хэлсэн юм. Хүн сайхан амьдрахын тулд зорилготой, биеэ даасан байх хэрэгтэй гэсэн. Түүнчлэн тархиа юугаар гоёх вэ гэдгээ байнга бодож, тархины дасгал хийж байх ёстойг санууллаа. Мөн мэргэжлээ хэрхэн зөв сонгох тухай сонирхолтой лекц тавьсан юм. Өнөөгийн нийгэмд чадвартай л хүн байвал хязгааргүйг бүтээх хангалттай боломж байгааг онцолсон юм. Уг лекцийн дараа аймгийн төвийн багш нарт уг лекцээ тавьсанд багш нар талархаж буйгаа илэрхийллээ.

Орхон аймагт ажилласан хоёр дахь өдрөө лаборатори наймдугаар сургуулийн үйл ажиллагаатай танилцан сурагчдын хийж бүтээс^н бүтээлийн үзэсгэлэнтэй танилцсан юм. Мөн герман хэлний сургалтын хөтөлбөрийг хэрэгжүүлж буй 14 дүгээр сургуулиар орж үйл ажиллагаатай нь танилцав. Л.Гантөмөр сайд ерөнхий боловсролын сургууль болон цэцэрлэгийн үйл ажиллагаатай танилцахдаа боловсролын шинэчлэлийн хөтөлбөр хэрхэн хэрэгжиж байгааг шалган бусад аймгуудад ямар байгаа тухай мэдээлсэн юм.

Салбарын сайд МУИС-ийн Орхон сургууль болон ШУТИС-ийн харьяа Технологийн сургуулийн үйл ажиллагаатай танилцан оюутнуудтай уулзан санал солилцлоо.Орхон аймгийн хувьд боловсрол, соёлын салбарт хийгдэж байгаа ажил олон боловч болохгүй бүтэхгүй ажлууд байгаагаа сайжруулан ажиллахыг захисан юм.

Түүнчлэн “Эрдэм” ахлах сургууль болон Хүүхэд залуучуудын театрын үйл ажиллагаатай танилцсанаар албан томилолт өндөрлөлөө. Л.Гантөмөр сайдыг Орхон аймагт ажиллахад МУИС- ийн захирал Р.Бат-Эрдэнэ, ШУТИС-ийн захирал Б.Очирбат, МУБИС-ийн дэд захирал Х.Тамир тэргүүтэй албан хүмүүс оролцсон юм.