Монголын баячууд ба ядуус
Монголын баячууд маш хурдан хугацаанд хөрөнгөтэй болсон байдаг
2015.05.14

Монголын баячууд ба ядуус

18 000 долларын үнэтэй оргилуун дарс, нисдэг тэргээр Солонгосоос авчруулсан оройн хоол, худалдаж авсан их сургуулийн диплом. Энэ бол Монголын шинэ баячуудын амьдралд байдаг л зүйл. Германы сэтгүүлч Свен Цельнер Монголын баячуудын хэрхэн тансагладагийг гэрэл зургийн хальснаа буулгаж, харьцуулахын тулд траншейнд амьдардаг Монголын ядуусын амьдралыг сурвалжилжээ.  Энэхүү гэрэл зургийн сурвалжлага Германы  SPIEGEL сэтгүүлд нийтлэгджээ.

Сурвалжлагчтай хийсэн ярилцлагыг гэрэл зургийн хамт хүргэе.

Ноён Цельнер, та Монголын баялаг хаана байгааг хайсан гэсэн. Хаанаас олов?

Улаанбаатараас. Монголын нийслэл сүүлийн 10 жилд огцом өөрчлөгдсөн. Замын хөдөлгөөн ихэссэн.  Гэхдээ зүгээр ч нэг машинаар биш үнэтэй машин унаж давхидаг болсон. Газар сайгүй өндөр барилгууд баригдаж байна.

Тэнд хүмүүс яаж баяжиж байна вэ?

90-ээд онд ЗХУ задарсны дараа Монгол нь улс төрийн хувьд хараат бус болж төрийн өмчийг хувьчилсан. Цөөн хэдэн хүн улс орны ихэнх баялгийг хувааж авсан. Монголын элитүүд байгалийн баялгийн ач холбогдлыг эртнээс ойлгож, дэлхийн зах зээлд үнэ нь өсөхөөс олон жилийн өмнө уул уурхайн лиценз олноор нь авсан. 

Монголд маш хурдан баяжсан хүмүүс бий. Тэд хөрөнгөө хэрхэн зарцуулдаг вэ?

Уул уурхайн түүхий эдийн үнэ өссөнөөр Монголын эдийн засаг түргэн хугацаанд сэргэсэн. Капитализм газар сайгүй хөгжиж байгаа ч энгийн хүмүүс эргэн тойронд нь юу болоод байгааг ойлгодоггүй.  Өмнө нь Улаанбаатар бараг машингүй байсан бол 10-хан жилийн дотор санаанд багтамгүй өссөн.  Өөрөөр хэлбэл 10 жилийн дотор нүүдэлчин хотоос орчин үеийн мегаполис болсон гэсэн үг. Эргэн тойрон маш хурдан өөрчлөгдсөн учраас хүмүүс тэдний амьдралд чухам ямар асуудал тулгараад байгааг мэдээгүй байдаг. Тэд замын түгжрээ бол байдаг зүйл гэж боддог. Очих газартаа явганаар хурдан очихын оронд үнэтэй машиндаа түгжрээн дунд 3 цаг зогсохыг илүүд үзнэ. 

Та Монголын баячуудтай яаж тааралдав?

Би хэнтэй ч танил байгаагүй. Тиймээс эхлээд гудамжинд зүгээр л хүмүүсийн зургийн авахыг оролдсон.  Надад аз дайрч Монголын Хөдөлмөрийн сайд Парламентын ордны өмнө монгол инженерүүдийн авто машины төслийг танилцуулж байхтай таарсан. Монголын баячууд өөрт нь анхаарал хандуулахад дургүй. Тэд зөвхөн өөрийн тойрон хүрээлэлдээ торгонд хөлбөрдөг, хөндлөнгийн хүнд харагдахыг хүсдэггүй. 

Солонгосоос нисдэг тэргээр оройн хоол захиалсан монгол баяны тухай ярьж өгсөн. 

Би "Вельвет" гэдэг Улаанбаатарын хамгийн өвөрмөц, 18 000 долларын үнэтэй оргилуун дарс зардаг шөнийн клубын тухай сонссон юм. Гэхдээ тэнд зураг авч болохгүй. Би зураг авах гэсэн анхныхаа оролдлогоор тэндээс хөөгдөж гарсан. Нэг бие хамгаалагч намайг нэгжсэн, мөн хэн нэгэн этгээд намайг хэрвээ сурвалжлагаа зогсоохгүй бол ахиад Монголд ирэхгүй болгож чадна гэж сүрдүүлсэн. 

Тэгээд та тэр газарт яаж зураг авав?

Би "Вельвет" цэнгээний газрын эзэнтэй ярилцаж зөвшөөрөл авсан юм. Гэвч би зөвхөн зөвшөөрлөө өгсөн хүмүүсийн зургийг авсан. Гэтэл цэнгээний газар хүнээр дүүрээд ирэхэд камераа хураахаас өөр аргагүй болсон. Яагаад гэвэл тэр зааланд цэнгэж байсан нэгэн Их хурлын гишүүнд намайг саад боллоо гэж үзсэн.

Тэгээд цааш нь? 

Нэг залуу миний зураг авах гэж оролдож байгааг ажиглаж байсан. Түүнд миний оролдлогууд хөгжилтэй санагдсан бололтой. Ганган хүрэм өмсөж, загвар өмсөгчдийн дунд сууж байсан тэр залуу надад Монголын далбааг  дүрсэлсэн алтан цагаа гайхуулсан.  Бид ганц хоёр хундага тулгаж, намайг өөр нэгэн газар дагуулж очоод загвар өмсөгчид оролцсон шоугаа хийсэн.  Тэнд очоод би саадгүй зураг авсан. 

Монголын баячууд юунд дуртай вэ?

Тэд фирмийн брэнд, авто машинд дуртай.  Шанхай руу нисч дэлгүүр хэсдэгээ гайхуулсан хүмүүс ч бий.  Нэгэн танил маань надад Солонгосоос нисдэг тэргээр оройн хоол захиалсан баяны тухай ярьж өгсөн.  Тэндхийн баячууд сурахыг хүсдэггүй, зүгээр дипломаа худалдаад авчихдаг. 

Харин Монголын ядуус яаж амьдардаг вэ? 

Хүн амын гуравны хоёр нь эсгий гэрт амьдардаг.  Гэр болгонд нүүрсээр халаадаг зуух бий. Тиймдээ Улаанбаатар битүү утаатай. Монголчуудын амьдрал үндсэндээ ядуу. Асфальт, ус зайлуулах суваг гэх юм байхгүй. Туйлын ядуус нь гэр оронгүй, траншейнд амьдардаг, хоолны шавхруугаар хооллодог. 

Яагаад траншейнд гэж?

Өвлийг давахын тулд. – 40 хэмийн хүйтэнд амьд үлдэх ганц арга бол энэ.  Би газар доор амьдардаг хоёр хүнтэй таарсан.  Миний зургийн аппаратыг харангуутаа уурлах маягтай болсон. Тэгэхээр нь би өөрийгөө танилцуулж гар барихад их гайхсан.  Тэд намайг “гэртээ” урьж оруулсан.

Тэгээд газар дор амьдрал нь ямар байна?

Харанхуй ч гэсэн дулаахан.  Унтдаг газраас нь хамгийн хол байх буланг бие засах газар болгон ашигладаг. Миний уулзсан хоёр эрэгтэйн нэг өмнө таэквондогийн аварга байсан гэсэн.

Ярилцлага авсан SPIEGEL ONLINE-ийн сэтгүүлч Кристин Хауг.

Оригиналь эх

Баян монголчууд морин уралдаан зохион байгуулахын тулд Европ руу явах нь бий. Германы Хоппенгартен хот.

Гудамжинд бэлчиж буй үхрүүд. Ард нь Улаанбаатар

Хотын гэр хороололд цас ороод хоножээ. Охин сургууль руугаа явж байна.

Улаанбаатар нь дэлхийн хамгийн бохир хотуудын нэг

Монгол бөө

Барилгын бизнесмен ба түүний "Лексус".

Монголын моделиуд цэнгээний газарт

Хөдөлмөрийн сайд

Улаанбаатарын махны зах

Монголын бизнесмен - 20 хэмийн хүйтэнд усанд сэлж байгаа нь

Траншей бол хүйтэнд амьд үлдэх цорын ганц арга. 33 настай эрэгтэйн зураг.