УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ
Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар
2015.05.14

УИХ-ын гишүүн С.Ганбаатар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ

Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар өнөөдөр /2015.05.14/ сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Тэрээр Монгол Улсын хууль тогтоомж болон Хөрөнгө оруулалтын гэрээг санаатайгаар, урт хугацаанд удаа дараа зөрчсөн Рио Тинто группын ерөнхийлөгч Сэм Валшид албан шаардлага хүргүүлж байгаагаа мэдэгдлээ.

Мөн Рио Тинто компани Монгол Улсын хууль болон хөрөнгө оруулалтын гэрээгээр тогтоосон роялти, түүнийг тооцох аргачлалыг сүүлийн 2 жил гаруй хугацаанд ноцтойгоор зөрчин төсөвт төлөх байсан 50 тэрбум гаруй төгрөг төвлөрүүлээгүй хууль зөрчсөн.

Татварын орлогыг Рио Тинто компани дутуу төвлөрүүлэн санаатайгаар татвар төлөхөөс зайлсхийн, Монгол Улсын хуулийг зөрчсөөр ирсэн гэлээ.

Түүнчлэн роялти болон түүнийг тооцох татварын аргачлалыг Монгол Улсын Ашигт малтмалын тухай хууль болон холбогдох татварын журмаар маш тодорхой заасан байдаг.

1990 оноос хойш Монголын бүх компаниуд роялтиг Монгол Улсын хуулийн дагуу төлсөөр байхад,  Рио Тинто компани сүүлийн 2 жилийн турш Монгол төрийн хуулийг зөрчсөөр байна гэлээ.

Татварын энэ зөрчил болон бусад хууль зөрчсөн асуудлаар Рио Тинто группын ерөнхийлөгч Сэм Валшийг 48 цагийн дотор хариу өгөхийг хүсэж байгаагаа Улсын Их Хурлын гишүүн С.Ганбаатар мэдэгдлээ хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.