М.Энхболд: Монголын уул уурхайн салбарт Хятадын компаниудыг түлхүү оруулахад анхаараач гэдэг санал тавьсан
БНХАУ-ын “Хөгжлийн банк”-наас манай улсын Засгийн газарт гурван тэрбум ам.долларын зээл өгөхөөр болжээ. Энэ талаар Монгол Улсын Шадар сайд М.Энхболдтой ярилцлаа.
-Саяхан таныг Хятад улсад айлчлах үеэрээ зээлийн асуудлыг шийдэх хэмжээнд хүрсэн гэж сонслоо. Энэ талаараа тодруулахгүй юу?
-Тиймээ, Засгийн газар хоорондын комиссын хурлын үеэр таван баримт бичигт гарын үсэг зурах түвшинд хүрлээ. Уг баримт бичгүүдэд Монгол Улсын Ерөнхий сайд С.Баяр БНХАУ-д айлчлах үеэрээ гарын үсэг эцэспэн зурж, баримт бичиг манай хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны хүрээнд хэрэгжих боломжтой болох юм.
-Тухайлбал, ямар баримт бичгийг гарын үсэг зурахад бэлэн болгов. Зээлийн асуудал яригдаад байгаа, үнэн үү?
-Хятадын “Хөгжлийн банк”-наас авах зээлийн ерөнхий хэлэлцээр, Эрдэс баялаг, эрчим хүчний салбарт хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурах асуудлыг шийдвэрлэлээ. Мөн тээврийн хэлэлцээрт хоёр талын ачаа, бараа тээвэрлэх асуудал харилцан адилгүй байсныг нэг мөр болголоо. Өмнө нь Хятадын талын машин монголын нутагт 300 километр гүн орох эрхтэй. Гэтэл манай машинууд хятадын хилээр нэвтрэх ямар ч боломжгүй байсан. Үүнийг ярьж хэлэлцээд хоёр тал адил хэмжээнд тээвэрлэлт явуулах нь зөв гэсэн саналд нэгдлээ.
-Хятадын “Хөгжлийн банк”-наас авах зээлийн ерөнхий хэлэлцээрийг шийдлээ гэж байна. Манай улсын Засгийн газраас хүссэн гурван тэрбум ам.долларыг ямар болзолтойгоор олгох гэж байгаа юм бэ?
-Монгол Улсын Засгийн газар өнгөрсөн 11 дүгээр сард шийдвэр гаргаж, гурван тэрбум ам.долларын хэмжээтэй зээлийг БНХАУ-ын Засгийн газраас хүссэн. Хүсэлтийг Хятадын Засгийн газар нухацтай авч үзээд, “Хөгжлийн банк”-даа зээл олгох асуудлыг судлах, шийдвэрлэх чиглэл өгсөн юм билээ. Бид ч “Хөгжлийн банк”-ны удирдлагуудтай удаа дараа уулзаад ерөнхий хэлэлцээрийг байгуулах түвшинд хүрсэн. Гэхдээ бидний анх тавьсан гурван тэрбум ам.долларын хэмжээ зайлшгүй өөрчлөгдөх шаардлагатай болж байгаа.
-Зээл хэдэн хувийн хүүтэй, ямар хугацаатай олгогдох бол?
-Ерөнхий хэлэлцээр байгуулагдсаны дараа арилжааны банкнууд, бизнесийн байгууллагууд тодорхой төслүүд санал болгоно. Төслийг хоёр тал хэлэлцээд зөвшөөрсөн тохиолдолд санхүүжүүлэх зорилгоор зээлийг олгох юм. Өнөөдрийн байдлаар зээлийн хүү, хугацааны талаар тодорхой ярилцаж, тохиролцсон зүйл байхгүй. Гэхдээ манай тал 10 жилээс цааш хугацаанд эргэн төлөгдөх саналыг хятадын талд тавьж байгаа. Нөгөөтэйгүүр, Хятадын “Хөгжлийн банк”-наас бусад
улс орнуудад олгож байгаа зээлийг бодвол хугацаа нь харьцангуй урт, хүү багатай юм билээ. Тиймээс бид энэ зээлийн эх үүсвэрээр дотоодын зарим асуудлыг шийдвэрлэнэ.
-Тухайлбал, ямар асуудлыг шийдвэрлэнэ гэж?
-Хөрөнгө дутагдаад, зогсонги байдалд орсон барилга, уул уурхайн салбарт хөрөнгө оруулалт хийнэ.
-ОУВС-гаас 200 сая ам.долларын арилжааны зээл авахыг сануулсан. Тэгэхээр хятадаас авах зээл үүнээс бага гэж ойлгож болох уу?
-Одоо хэрэгжүүлж байгаа хөтөлбөрийн хүрээнд 200 сая ам.долларын зээлтэй тэнцэх хэмжээний арилжааны зээлийг Монголын Засгийн газар авч болно гэж туссан. Хятадын “Хөгжлийн банк”-тай ярьж байгаа энэ асуудал бол Засгийн газрын зээл биш. Ерөнхий хэлэлцээрийн түвшинд Засгийн газар зохицуулах, уялдуулах үүрэгтэйгээр оролцох юм. Тэгэхээр Олон улсын валютын сангаас хэрэгжүүлж байгаа заалтуудтай зөрчилдөхгүй.
-Нэг улсаас их хэмжээний мөнгө зээлэхэд үндэсний аюулгүй байдалд нөлөөлөх вий гэсэн болгоомжлол байгаа. Та бүхэн энэ талаар бодолцож үзсэн үү?
-Дэлхийн улс орнууд эдийн засаг, санхүүгийн хямралтай холбогдуулан бүхий л орны Засгийн газар анхаарал тавьж, хагас цэрэгжилтийн байдалтай байна. Зөвхөн Монгол ч биш. Бусад улс орнууд БНХАУ-аас тодорхой мөнгө, санхүүгийн эх үүсвэр хүсэж, асуудлаа шийдэж байна. Монгол Улсын Засгийн газар ОХУ, Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Катар зэрэг улс орноос зээл авч, хямралтай үед бидэнд туслаач гэдэг хүсэлт тавьсан. ОХУ-тай хөдөө аж ахуйн салбарт хамтран ажиллахаар ярьж байгаа. БНХАУ-ын хувьд ийм байна. Бусад орнуудын хувьд тодорхой хариу ирүүлээгүй байгаа. Гэхдээ илүү хөнгөлөлттэй зээлийн эх үүсвэрүүд гарч ирвэл бид түүнийг сонирхож ярих боломжтой. Түүнээс биш зөвхөн нэг орноос ийм хэмжээний зээл авч байгаа гэж нэг талаас нь ойлгож болохгүй.
-Хятадаас авч байгаа зээлийн 50 хувь нь бараа бүтээгдэхүүн байна гэдэг яриа ч бас гараад байгаа?
-Өнөөдрийн байдлаар эцэслэн яриагүй байна. Ямар хөтөлбөр, төсөл хэрэгжүүлж байгаагаас шалтгаалж энэ зээл ямар байх нь тогтох байх.
-Хариутай бол бариутай гэдэг. Ийм их хэмжээний зээл өгөх гэж байгаа Хятадын тал манайхаас ямар нэг зүйл хүссэн үү?
-Монголын уул уурхайн салбарт хамтран ажиллах, Хятадын компаниудыг уул уурхайн салбарт түлхүү оруулах тал дээр анхаарал тавиач гэдэг саналыг бидэнд тавьсан. Бид зах зээлийн эдийн засгийн энэ нөхцөл байдалд нийцсэн, өрсөлдөөний зарчмаар хэнтэй яаж, хамтарч ажиллахаа шийднэ гэсэн хариуг өгсөн байгаа. Түүнээс биш нэг улс оронд зориулсан нөхцөл байдлыг бий болгож чадахгүй гэдгээ хуралдааны үеэр илэрхийлсэн.