МАН засгийн газраас гарах нь зөв үү
Үндэсний шуудан сонины "Асуулт булан"-д МАН-ын засгаас гарах нь зөв үү
АН өөрсдөө хариуцлагаа үүрээд явж болно
УИХ-ын гишүүн Г.БАЯРСАЙХАН: Засагт хамтарсан намууд хамтраад ажил хиймээр байгаа юм. Гэтэл МАН-ынханд тийм сонирхол алга. Ажиглаад байхад МАН-ынхан ажил урагшлуулахын төлөө биш байна. Харин аль болох хойш татаж чангаах ажлыг хийгээд байх юм. Уг нь томоохон төслүүдээ хөдөлгөмөөр байна шүү дээ. Гэвч МАН-ынхан сонгууль угтсан юмаар л ажлаа хийж байна. Мэдээж шүүмжлэл байх хэрэгтэй. Гэхдээ ажил хэрэгч шүүмжлэл байх ёстой. АН үлдэж байгаа хугацаанд хариуцлагаа даагаад бусадтай хамтраад явж болно.
Улс төрийн эгзэгтэй үед дүгнэлт өгөх цаг нь биш
УИХ-ын гишүүн З.БАЯНСЭЛЭНГЭ: Хүний намын асуудалд дүгнэлт хийгээд явах нь зохимжгүй байх. Уг нь одоогийн Засгийн газрын үйл ажиллагаа, МАН-ын талаар ярих юм байгаа. Гэхдээ Ерөнхий сайдыг огцруулахаар гарын үсэг цуглуулаад явж байгаа улс төрийн эгзэгтэй үед үнэлэлт, дүгнэлт өгөх цаг нь биш. Тэгээд ч урьдчилаад тэгнэ, ингэнэ гээд дүгнэлт хийвэл МАН-ыг засгаас гаргаад өөрсдийнхөө байр суурийг улам баталгаажуулах гэсэн оролдлого гэж харагдана. Тэгэхээр Ерөнхий сайдыг огцруулах асуудал нэг мөр болсны дараа ярьж болох юм.
Гарах байсан бол яах гэж хамтарсан юм
УИХ-ын гишүүн Д.БАТЦОГТ: Гарах байсан юм бол МАН- ынхан засагт яах гэж хамтарсан юм. Тэгэхээр Засгийн газар үлдсэн бүрэн эрхийнхээ хугацаанд хамтарч ажиллаад явах ёстой. Нэгэнт л хамтаръя гээд орсон бол ажлаа л хийх хэрэгтэй. Миний хувьд тэгж л харж байна.
Шийдэмгий бодлого гаргахгүй бол ман засагт байх шаардлагагүй
УИХ-ын гишүүн Ж.ЭНХБАЯР: МАН цаашид засагт байх эсэх талаар нам дотроо хангалттай ярьж байгаа. Эцсийн дүндээ хариуцлагын асуудлыг ярина. Засгийн газрын бодлогыг УИХ дээрээ дэмжихгүй бол хамтарч яах юм. Ер нь хамтарч засаг байгуулаад юу хийв. Макро төвшний бүх үзүүлэлтүүд уналаа шүү дээ. МАН тулдаа л ард түмнийхээ эрх ашгийг бодож засагт хамтарсан.
Өмнөх Засгийн газрын тарьсан балгийг цэвэрлэх гэж МАН хичээж байгаа. Хэрвээ Засгийн газрын бодлогыг дэмжихгүй, ажил цааш явахгүй бол МАН засагт байх шаардлагагүй. УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа АН Засгийн газраа дангаараа бүрдүүлээд асуудлаа шийдээд яваг л дээ. Эдийн засгийн хүнд нөхцөлөөс гарах эрс шийдэмгий бодлого гаргахгүй л бол МАН засагт байх шаардлагагүй.