Төрснөөсөө үхэх хүртэл нь шоронд суулгах эрхзүйн орчин бүрдэж байна
УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин
2015.05.18

Төрснөөсөө үхэх хүртэл нь шоронд суулгах эрхзүйн орчин бүрдэж байна

Тахарын алба үлдэх үү, эс үлдэх үү гэдэг асуудал сүүлийн үед хүчтэй хөндөгдөж байна.

Өнгөрсөн удаад Засгийн газраас боловсруулсан Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай, Гэрч хохирогчийг хамгаалах тухай хуулиудад нэмэлт өөрчлөлт оруулах тухай, Тахрын албаны тухай хуулийг хүчингүй болгох тухай болон холбогдох бусад хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг  УИХ-ын нэгдсэн чуулганаар хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар  дэмжсэн. Тахрын албаны тухай хуулийг УИХ өнгөрөгч 2013 онд баталж, 2014 оноос Засгийн газар уг хуулийг хэрэгжүүлж эхэлснээр шүүх, прокурорын байгууллагын аюулгүй байдлыг хангах, гэрч, хохирогчийг хамгаалах, хорих байгууллагаас оргосон хоригдол ялтанг эрэн хайх, хуяглан хүргэх чиг үүрэг бүхий Тахарын албыг байгуулсан юм.

Хэрвээ УИХ эдгээр хуулийн төслүүдийг энэ хэвээр нь баталбал байгуулагдаад жил хагас болоогүй Тахарын албыг татан буулгаж, тус байгууллагад хуулиар хүлээлгэсэн бүх чиг үүрэг ШШГЕГ-т шилжих юм.

Тэгвэл Тахарын албаны хуулийг санаачилж, Тахарын албыг бий болгохоор шулуудаж байсан Хууль зүйн экс сайд Х.Тэмүүжин УИХ-ын чуулганы үеэр хэдэн үг чулуудаад авав.

Тэрбээр, "Шүүх, прокурор аюулгүй байдлаа хамгаалуулж, шүүхийн байгууллага харуул хамгаалалтаа хариуцуулдаг байсан Тахарын албыг татан буулгаад ШШГЕГ-т өгч байгаа юм байна.Шүүгч, прокурорууд шоронгийн харгалзагчдаар өөрсдийгөө харгалзуулах ийм хуультай болж байгаагаа мэдээгүй юм байна лээ.  Тэднээс энэ асуудлаар санал ч аваагүй. Өөрсдийнх нь таслан шийдвэрлээд, ял өгөөд явуулсан хоригдол, ялтанг харгалздаг хүмүүсээр буцаагаад шүүх, прокурорын байгууллагын харуул хамгаалалтыг шийдүүлэх гэж байгаад би харамсаж байна. Манай шүүх, прокурорын нэр хүнд ийм болтлоо уначихсан гэж итгэдэг Хууль зүйн сайдтай байгаадаа харамсаж байна.

 Бид өмнө нь “Гэмт хэргийн хохирогчтой, гэмт хэрэг хийсэн эсэх нь тодорхойгүй, зөвхөн шалгагдаж байгаа иргэдтэй цагдаагийн байгууллага гэмт хэрэгтэнтэй адилхан харьцаад байна. Хүнлэг биш байна, хүний эрхийг үл тоомсорлож байна, арга барил, соёл нь болохгүй байна” гэж хэлээд энэ Тахарын албыг байгуулсан. Харамсалтай нь одоо ялтан, хоригдолтой харьцдаг байгууллага гэрч, хохирогчийг хамгаалахаар болж байгаа юм байна.

Тахрын албыг шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай нийлүүлснээс болоод хорих байгууллагын хашаанаас гараагүй байсан гүйцэтгэх ажлыг Монгол Улсын хэмжээнд шүүхийн шийдвэргүйгээр явуулах эрх хэмжээ, хуулийн зохицуулалтыг бий болгож байна. Аль ч улс оронд хорих байгууллагын дотор зөрчил тэмцэл гарах вий, хоригдлууд дотроо гэмт хэрэг үйлдэх вий, орголт зохион байгуулах вий гэдэг үндэслэлээр хорих дотроо гүйцэтгэх ажил явуулдаг. Гэтэл үүн дээр Тахрын албыг нийлүүлж өгснөөрөө бид Монгол Улсын хэмжээнд гүйцэтгэх ажил хийдэг АТГ-тай тэнцэх хэмжээний бас нэг байгууллагыг бий болгож байна. Хорих байгууллага дотор зөрчилдсөн хоригдлыг насаар нь шоронд хийх, гаднаас буцаагаад татаад оруулаад ирэх хэмжээний хуулийн хүч, хуулийн бодлоготой болох гэж байна. Хатуухан хэлэхэд төрснөөсөө үхэх хүртэл нь шоронд суулгах, хяналтанд байлгах, айдаст автуулах хууль, эрх зүйн орчинг бий болгож байна. АН олонхи байхдаа, Засгийн газрын бодлогыг тодорхойлж байхдаа хуулийн ийм орчинг бий болгож байгаад би харамсаж байна" гэж хатуухан мэдэгдэв.