Уран бүтээлчдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулан баялаг бүтээх боломж байна
БСШУ-ны сайд Л.Гантөмөр
2015.05.21

Уран бүтээлчдийн бүтээлийг эдийн засгийн эргэлтэд оруулан баялаг бүтээх боломж байна

"Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын чуулган" өнөөдөр Улаанбаатар хотод эхэллээ.

 БСШУЯ, СУИС-тай хамтран зохион байгуулж буй тус чуулганд Их Британи, АНУ, Франц, БНСУ, БНХАУ, Дани  орны судлаач шинжээчид, боловсрол, соёл урлагийн салбарын төлөөлөл, судлаачид, бизнесийн салбарынхан, үйлдвэрлэл эрхлэгчид, иргэний нийгмийн төлөөлөл зэрэг 200 гаруй төлөөлөгчид оролцож байна. 

Тэд  соёлын эдийн засгийн өнөөгийн чиг хандлага, Монгол улсын өмнө нээгдэж буй боломж, соёлын үйлдвэрлэлийн оюуны өмчийн асуудал, Ази Европын кино үйлдвэрлэлийн хөгжлийн чиг хандлага зэрэг соёлын салбарын бүх л чухал асуудлуудыг хөндсөн илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байгаа юм. 

Чуулганы нээлтийн үеэр БСШУ-ны сайд Л.Гантөмөр "Өнөөдөр бид  3 саяуулаа ч олон сая хүн амтай орнуудтай  урлаг соёлын олон төрлөөр  өрсөлдөж гайхамшигтай амжилтыг үзүүлсээр байна. Хамгийн сүүлд "Авьяаслаг азичууд" шоунд амжилттай оролцсон Хөсөгтөн хамтлагтаа баяр хүргэе. Глиникийн нэрэмжит олон улсын уралдаан,  олон улсын театрын наадам, олон улсын циркчдийн наадам Пусаны кино наадам, олон улсын "Манга" уралдаанд амжилт үзүүлсэн уран бүтээлчдэдээ баяр хүргэе.  

 Мөн  "Чонон сүлд", "Марко поло", "Алсын удирдлага", "Ану хатан" зэрэг авьяаслаг  монголчуудын оролцсон, авьяаслаг монголчуудын  уран бүтээлийг  бахархан дурдахад таатай байна. Бид  Монгол угсаатны нүүдэлчдийн үнэт зүйл, түүх, соёлын өвийг хадгалах, бүрдүүлэх, сурталчлах, өв соёлоо хайрлан хамгаалж,  дэлхий нийтийн хүртээл болгох хэрэгтэй. Дээр дурдсан уран бүтээлүүдийг  эдийн засгийн эргэлтэд оруулан баялаг бүтээх боломж байна.  

Өв соёлын бүтээл  үйлдвэрлэл үйлчилгээнд  орчин үеийн технологи нэвтрүүлэх, инновацийг хөгжүүлэх, соёлын аялал жуулчлалийг хөгжүүлэх, монгол үндэсний соёлын агуулгатай шилдэг бүтээгдэхүүнийг  олон улсад сурталчлан дэлхийн зах зээлд гаргах шаардлага бий  боллоо.

Соёл урлагийн салбарт менежментийн цоо шинэ уур амьсгалыг оруулж ирэх  олон шаардалагуудыг гүйцэлдүүлэхэд өнөөдрийн энэ  чуулган үр дүнгээ өгнө гэдэгт  итгэж байна" гэлээ.