Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр салбарынхан чууллаа
БСШУ-ы сайд Л.Гантөмөр
2015.05.21

Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхээр салбарынхан чууллаа

Соёлын салбарын үр нөлөө, ач холбогдол, эдийн засгийн ашиг их ч өнгөрсөн зууны турш Монголын соёлын салбар төрөөс хараат, татаастай хэлбэрээр хөгжиж ирсэн нь 1990 оноос хойш ардчиллын салхинд ганхаж, зах зээлийн эдийн засагтай хөл нийлүүлэн алхаж чадахгүй бүдэрснээр нотлогдсон юм.

Тэгвэл гарц хайж, хандлагаа өөрчилж, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлж, нэгдсэн чиг баримжаатай болж, хөтөлбөр боловсруулах зорилгоор өчигдөр болон өнөөдөр тус салбарын төлөөллүүд, уран бүтээлч, судлаач, эрдэмтэд цуглан “Соёлын бүтээлч үйлдвэрлэл 2015” олон улсын чуулган хийлээ. Эл чуулганд Монголын 200 гаруй төлөөлөгчөөс гадна Их Британи, АНУ, Франц, БНСУ, БНХАУ, Дани улсын эрдэмтэн судлаачид оролцож буй. Тэр дундаа “Соёлын бүтээлч үйлдвэрлэл 2015” чуулганы нэгд- сэн хуралдаанд илтгэл тавьсан Том Флемингийн дэвшүүлсэн санаа болон Монголын соёлын салбарт хийсэн ажиглалт, судалгаа олны анхаарлыг татав.

Чуулганы үеэр БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр соёлын салбарыг хөгжүүлэх үндсэн хоёр гаргалгаа бийг дурдаж, нийтлэг хэв шинжийг дагах уу эсвэл онцгой давтагдашгүй шинж чанараа тодруулах уу гэсэн асуултыг нээлттэй үлдээсэн бол доктор Том Флеминг “Монголчуудын өв соёл давтагдашгүй онцгой учраас үнэ цэнийг нь алдагдуулахгүйгээр зөв тодруулж, эдийн засгийн эргэлтэд оруулах нь зүй” хэмээн ощолсон юм. Тэрбээр соёлын бодлого, бүтээлч үйлдвэрлэл, инновацийн чиглэлийн тэргүүлэх зэргийн судлаач, бодлого боловсруулагч, салбарын тоймч юм.

Түүнчлэн Хойд Португал, Дубай, Ливан, Бразил, Орос, Египетэд соёлын үйлдвэрлэлийн боддого боловсруулж байжээ. Түүнээс гадна Том Флеминг Дэлхийн банк, ЮНЕСКО, Британийн зөвлөл, Английн урлагийн зөвлөл, Дизайны зөвлөл, Киноны зөвлөлийн зөвлөхөөр ажилладаг юм билээ. Хоёр өдрийн чуулганы үеэр эрдэмтэн, судлаач нарын илтгэлийг сонсож, хэлэлцэхийн зэрэгцээ Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөтөлбөр боловсруулах нь нэн тэргүүний чухал ажлын нэг бөгөөд гадаадын туршлагатай судлаач нарын үг ч жинтэй байр суурь эзлэх биз ээ.

“Соёлын бүтээлч үйлдвэрлэл 2015” олон улсын чуулганы нээлтэд БСШУ-ы сайд Л.Гантөмөр оролцож, энэ салбарт ажиллаж байгаа уран бүтээлчдийн сүүлийн үеийн амжилтыг тодруулан яриад “Цаашид салбарын бүтээлч үйлдвэрлэл, эдийн засгийн эргэлтийг нэмэгдүүлэх үр дүнтэй санал энэ чуулганаас гарна гэдэгт итгэлтэй байна” хэмээв.

БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга Д.Гантөмөр нэгдсэн хуралдааны үеэр, “Соёлын үйлдвэрлэл хөгжүүлэх бодлого, түүний хэрэгцээ шаардлага” сэдвээр илтгэл тавихдаа соёлын бүтээлч үйлдвэрлэлийг “Оюуны өмчөөр хамгаалагдсан соёлын агуулга бүхий бараа, үйлчилгээний уран бүтээл үйлдвэрлэлт бүтээмж, хуваарилалт, нийлүүлэлтийн тогтолцоог хангасан хөгжлийн чиглэл юм” хэмээн тодорхойллоо.

Түүнчлэн 2050 он гэхэд дэлхийд Азийн соёл болон эдийн засаг хүчтэй байр суурь эзлэх урьдчилсан төлөвийг бодолцон Монгол контентын онцлогийг тодруулах шаардлагатай байгааг дурдсан.

МҮОНРТ-ийн захирал Ц.Оюундарийн илтгэл мөн олны анхаарлыг татав. Тэр- бээр “Бүтээлч үйлдвэрлэлийн бөөн буюу кластер, түүнд хүрэх практик алхам” сэдвээр илтгэл тавьсан юм. “Бүтээлч үйлдвэрлэлийн салбар гэдэг бол үүсгэсэн агуулгыг хууль ёсны зохиогчийн эрхтэй болгож, түүнийг цааш нь үйлдвэрлэлийн бусад салбаруудтай холбон, олон төрлийн бүтээгдэхүүн бий болгож, тэдгээрийг масс үйлдвэрлэлд оруулж, баялаг бүтээдгээрээ урлагийн салбараас ялгаатай.

Өөрөөр хэлбэл, энэ нь урлагийн бүтээл, санаа, зохиогчийн эрх, үйлдвэрлэл, борлуулалтын нийлбэр юм” гэв. Энэ тодорхойлолтоос харахад манайд урлагийн бүтээл бий ч зохиогчийн эрх, үйлдвэрлэл, борлуулалт нь хоцрогдмол байгаа учраас салбарын үйл ажиллагаа доголдолтой, эдийн засгаас хараат бай- дал бий болсон гэлтэй. Угтаа бол нийгмийн сэтгэлгээг эрүүлжүүлж, тэжээдэг зүйл нь соёл, урлаг. Уран бүтээлийн санаа монгол хүний оюун ухаанаас ундар- даг. Харин үүнийг чанартай бүтээгдэхүүн болгох аргыг л бүтээлч үйлдвэрлэл хэмээн ойлгож болох аж.

Өчигдөр “Дизайны хөгжил, өнөөгийн тулгамдсан асуудлууд”, “Кино үйлдвэрлэлийн хөгжил, өнөөгийн тулгамдсан асуудлууд” салбар хуралдаан болсон бол өнөөдөр 09.30 цагт нэгдсэн хуралдаанаа үргэлжлүүлж, төгсгөлд нь хэлэлцүүлэг хийх аж.

Чуулганы нээлт, хаалтын үйл ажиллагаанд медиа урлагийн үзүүлбэрийг онцгойлон сонгосон нь анхаарал татав. Шинэ тутам хөгжиж байгаа ч цогцоороо урлагийн бүтээл болдог энэ төрөл аль ч салбарт хөлбөрч болох давуу талтайг СУИС-ийн Бүжгийн урлагийн сургууль, Радио, телевиз, медиа урлагийн сургуулийн хамтарсан “Дөрвөн улирал”, Хөгжмийн урлагийн сургуулийн үндэсний их найрал хөгжмийн үзүүлсэн “Гайхамшигт аялгуу” үзүүлэх тоглолт баталлаа.