Соёл урлаг бол эдийн засгийн бүтээмж ихтэй салбар
БСШУЯ-ны Соёл урлагийн бодлого зохицуулалтын газрын дарга, доктор Д.Гантөмөртэй соёлын бүтээлч үйлдвэрлэл сэдвээр ярилцлаа.
-Бүтээлч үйлдвэрлэл гэж сүүлийн үед нэлээд ярих боллоо. Манайд ямар төвшинд байна вэ?
Манайхан соёл урлагийг хүмүүсийг баясгагч төдийгөөр ойлгож, үлдэгдлийн зарчим дээр суурилсан маягтай бодлоготой явж ирсэн. Уг нь хөгжил хүнээр дамждаг юм бол хүний хөгжил соёл урлагийн үйл ажиллагаагаар дамждаг. Ялангуяа соёл урлагийн салбарыг зах зээлийн энэ үед яаж авч явах ёстой юм бэ, Монголын хөгжил уул уурхайгаас гадна солонгорсон хөлтэй байна гэдэг яг юуг хэлээд байгаа юм бэ гэх мэтээр үндэсний хөгжлийн цогц бодлого дээр авч үзэхэд мэдлэг шингэсэн бүтээмжийг гаргаж ирэх зайлшгүй шаардлагатай байгаа юм.
Соёл гэдгийг ухамсарт хүнтэй холбоотой үйлдлүүд гэж үзэх юм бол соёлын бүтээлч үйлдвэрлэл дотор маш олон чиглэлийг хамааруулж болно. Гар урлалаас эхлээд кино үйлдвэрлэл, музей, аялал жуулчлал, уран зураг, загвар зэргийг XXI зууны үндсэн үйлдвэрлэл гэж үзэж байгаа. Энэ хүрээнд СУИС-тай хамтран энэ сарын 20,21- нд олон улсын чуулганыг зохион байгуулах гэж байна. 10-аад орноос энэ чиглэлийн эрдэмтэн судлаачид болон бизнес эрхлэгчид ирж, хоёр дэд хэсэгтэй хуралдаан хийх юм. Үүний нэг нь кино, нөгөө нь загвар. Загварын хувьд энэ чиглэлд монгол брэндийг бий болгох гэж байгаа хүмүүсийн дуу хоолойг сонсох, үүнд ?мар бодлого барьж байгаа талаар ярилцах юм.
-Үүнтэй холбогдуулж асуухад хоёр жилийн өмнөх “Соёл ба хөгжил” чуулганы үр дүн ямар байв. Түүний үргэлжлэл маягаар зохиож байна уу?
Үргэлжлэл нь гэж ойлгож болно. Тэр форумын үндсэн санаа нь урлаг соёлыг найрал дууны хэмжээнд ойлгохоо больё. Соёл» бол хөгжлийн асуудлыг агуулж явдаг юм байна гэсэн санаа, мессежийг өгсөн. Тэгвэл одоо соёлын үйлдвэрлэл бий болох үе шат гэж байна. Жишээ нь, зураач зургаа зурна. Зургийг нь зах зээлд нийлүүлэгч дистрибютерүүд бөөний буюу тохирсон үнээр авна. Тэгээд тэр зураачийн бүтээл зах зээлд гарна гэсэн шат дараалал бий.
Манайд бүтээл гаргагч нь байна. Харин дистрбьютерүүдэд нь менежмент алга. Үүнд төр, хувиин хэвшлиин оролцоог хангах эрхзүйн зохицуулалт хэрэгтэй. Урлагийг дэмждэг байгууллагыг төрөөс урамшуулдаг ч юм уу. Түүнчлэн тухайн бүтээл зохиогчийн эрх, оюуны өмчөөр баталгаажсан байх, тэгээд түүнийг зах зээлд нийлүүлэх менежмент, бодлоготой байснаараа эдийн засгийн өртөг шингэсэн үйлдвэрлэл бий болох юм.
-Шийдвэр гаргагчид болоод олон нийтийн төвшинд урлаг соёлыг үнэлэх үнэлэмж хэр байдаг юм бэ. Үнэлэмж муу байгаа учраас үнэлгээ муу хэвээр байгаа юм биш үү. Тэгэхээр энэ хандлагыг өөрчлөхийн тулд яах ёстой вэ?
Үнэлэмж муу байгаа нь үнэн. Түүнийг өөрчлөхийн тулд л энэ ажлуудыг хийж байна. Зөвхөн чуулган биш, цуврал олон лекцийг зохион байгуулж байгаа. Мөн чуулганы үеэр үзэсгэлэн гаргана. Юу яриад байгаа юм бэ гэдгээ бодитойгоор гаргаж тавина гэсэн үг. Жишээ нь, “Чонон сүлд” гэдэг киног хэдийгээр Хятадад хийсэн боловч долоо хоногийн дотор манай кинотеатруудад орсон орлого нь “Гацуурт”- ын ордын орлоготой тэнцэж байна гэдэг ч юм уу. Үүгээрээ соёлын бүтээлч үйлдвэрлэл өөрөө ямар хэмжээний багтаамжтай вэ гэдгийг харуулж байгаа юм.
АНУ-ын Холливуд шиг том хүрээг хамарсан үйлдвэрлэл бол өөр л дөө. Манай соёл урлагийн бүтээлч үйлдвэрлэлийг хэмжээгээр нь ярих юм бол жижиг дунд үйлдвэрлэлийн төвшинд л харагддаг. Учир нь Монгол өөрөө гурван сая хүн амтай зах зээл шүү дээ. Ийм хэмжээний хүнтэй зах зээлд том үйлдвэрлэл явуулах боломжгүй юм. Зах зээлийн багтаамж гурван сая байгаа тохиолдолд гадаад зах зээлд ороход төр яаж бодлогоор зохицуулж өгөх вэ гэдэг асуудал байгаа юм. Зах зээлийн хувьд дотоодын, монгол туургатны, дэлхийн гэсэн гурван үе шат бий. Соёлын бүтээлч үйлдвэрлэл гэж ямар салбарт, хэн орж байгаа юм бэ.
Тэр нь оюуны ямар өмчөөр баталгаажиж явагдах вэ. Гуравдугаарт, нэг уран бүтээлчээс гарсан бүтээгдэхүүний эдийн засгийн үе шат буюу өртгийн сүлжээ нь ямар байх юм бэ. Энэ нь олон улсын зах зээл дээр яаж гарах вэ гэсэн механизмуудыг гаргаж ирж тавих хэрэгтэй байгаа юм. Энэ нь бүхэлдээ соёл урлагийн байгууллагуудын менежментийг өөрчлөхөөс өөр аргагүй байдал руу оруулж байгаа гэсэн үг. Театр чуулгууд, музейнууд ч үүндээ анхаарах шаардлагатай. Одоо бол голдуу захиргааны болон уран сайхны зөвлөлтэй байдаг. Нэмээд менежментийн зөвлөл ч гэж байх ёстой.
Урлагийн байгууллагыг урлагийн хүн удирдах нь гол биш. Хөгжлийн байгууллага гэдэг утгаараа нэг талдаа бизнес сэтгэхүйтэй, нөгөө талдаа чанартай уран бүтээл гарч байх нөхцөлийг бүрдүүлж чаддаг хүн байх. Зах зээл дээр өрсөлдөхүйц бүтээл бий болгох, нөгөө талдаа тэр бүтээл нь өөрөө урлаг соёлын хөгжлийг урагш нь явуулж байхыг хангахад оршино. Түүнээс биш бүтээлч үйлдвэрлэл гэдэг маань зөвхөн зах зээл нь ханасан арилжааны зүйл яваад байна гэсэн үг биш.
-Манай урлаг соёлын салбарт менежмент орхигдсон байдаг байх аа?
Манайх зах зээлийн нийгэмд шилжсэн гэсэн мөртлөө соёл урлагийн байгууллагууд нь социалист хэлбэрээрээ явдаг. Тулгарч байгаа гурван асуудал бий гэж үздэг. Нэгдүгээрт, байшин сав гээд үл хөдлөхтэй холбоотой асуудал. Бүгд л социализмын үеийн барилгуудад байгаа. Орон нутагт ч ялгаагүй. Хоёр дахь нь мэргэжлийн боловсон хүчин, хүний нөөцтэй холбоотой асуудал.
Дээр нь нийгмийн асуудал. Энд нэг чөдөр болж байгаа зүйл нь соёл урлагийн байгууллагаас олсон орлогыг нь улсаас шууд авчихдаг. Төлөвлөгөө өгөөд, тэрнээс давуулсан жаахан хэсгийг нь л буцаан олгодог. Жишээ нь, Үндэсний түүхийн музей энэ жил 65 сая төгрөгийн төсөвтэй байлаа гэхэд тэд маш сайн менежмент хийж ажиллаад 170 сая төгрөг төвлөрүүлбэл дараа жил нь төлөвлөгөөг нь шууд 175 сая төгрөгөөр тавьчихдаг.
Тэгэхээр нөгөөдүүл чинь нуруугаа авахуулсан морь шиг хийхээ больчихно шүү дээ. Ер нь үүнд яаж хандах ёстой юм бэ. Соёлын урлагийн салбар жилд дөрөв орчим тэрбум төгрөгийн л орлого хийж байгаа. Бага байгаа нь менежмент буруу байгаатай холбоотой. Гуравдугаарт нь соёл урлагийн салбарт хандах хандлагын асуудал. Төрийн хамаг л арга хэмжээнд энэ хэд маань дайчлагд даг.. Харин эргээд тэдэнд ямар бодлого үйлчилж байгаа юм бэ.
Монгол хүн гэсэн бахархалт байдал бол үнэндээ соёл урлагийн бодлогоор илэрч байх ёстой. Тэгэхээр гурван төвшний менежмент явж байгаа биз. Нэгдүгээрт, соёл урлагийн хөгжлийн менежмент. Хоёрдугаарт эдийн засгийн болон урлагийн бодлогыг хослуулах менежмент. Гуравдугаарт, соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд шаардлагатай орчин нөхцөлийг хэрхэн тавих тухай асуудал байгаа.
Урлагийг ойлгох төвшин муу байгаа нь менежмент байхгүй байсантай холбоотой юу, эсвэл шууд боловсролтой нь холбож ойлгох ёстой юу?
Аль аль талдаа. Менежмент байгаагүй биш байсан. ГЛАВЛИТ гэж хяналтын байгууллага чинь нэг төрлийн менежмент байхгүй юу. Одоо аль ч үгүй байгаад байх юм уу гэдэг асуудал. Соёлын асуудлыг Боловсролын яам хариуцаж байгаа учраас бүх нийтийн соёл урлагийн боловсролыг хавсаргаж явуулах чиглэлтэй байгаа.
Ерөнхий боловсролын сургуульд “Ном”, “Авьяас” хөтөлбөр хэрэгжиж байна. Тэнд давхар соёл урлагийн боловсрол олгох бодлого явж байгаа. Түүнчлэн театр, музейг боловсрол олгох талбар болгож, олон нийтэд нээлттэй болгох, дотроо бичил аялал зохион байгуулдаг байх зэргийг тухайн урлаг соёлын байгууллага санаачлан хийдэг байх нь менежментийн нэг хэлбэр.
-Өмнөх чуулганаас хойш эрхзүйн орчны хувьд нааштай зүйл гарав уу?
Ямар нэг хууль бол батлагдаагүй. Тэгэхээр зүгээр нэт чуулган болоод гоё хүмүүс ярихдаа гол биш гэж үзээд “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний хөтөлбөр”-ийг боловсруулахаар ажлын хэсэг гаргасан. Нөгөө талаар Соёлын тухай хуулийг шинэчлэх, Киноны тухай, Музейн тухай хуулийг шинээр батлах тухай бэлтгэл ажлыг хийнэ.
-Гаднын томоохон төлөөлөгчид ирэх юм билээ. Тэдний илтгэл ямар хүрээнд болох вэ?
Бүтээлч үйлдвэрлэл бидний хувьд шинэ. Дэлхийн хувьд ч ялгаагүй. Тэгэхээр бид хоёр зүйлийг хүсч байгаа. Нэгдүгээрт, бүтээлч үйлдвэрлэл гэж юуг хэлээд байгаа юм бэ, яаж хөгждөг юм бэ гэдгийг өөрсдийн ажиллаж байсан бүс нутаг, улс орны хэмжээнд бидэнд хэлээч. Хоёрдугаарт, Монголын хувьд яаж хөгжүүлэх боломж байгааг өөрийнхөө нүдээр хэрхэн харж байгаа вэ гэдгийг хэлж ярих болно. Цаг бага байгаа учраас олон хүн илтгэл тавьж чадахгүй. Тиймээс дараа нь ном болгож гаргана.
-Ер нь бүтээлч үйлдвэрлэлийг бий болгоход бизнесийнхэн заавал оролцох ёстой юу, эсвэл энэ салбарынхан өөрсдөө менежментээ бий болгоод хөгжүүлэх ёстой юу?
Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх хамгийн гол загвар нь төр, бизнесийнхэн, соёл урлагийнхны нэгдэл. Манайд энэ гурвын дунд завсар гарсаар ирсэн. Соёл урлагийнхан ямар нэг зүйл санаачлаад хийдэг. Тэр нь бизнес болж чаддаггүй. Гэтэл бизнесийнхэнд өдөр тутамд ямар нэг бүтээлч зүйл бий болгох шаардлага гараад байдаг. Гэтэл соёл урлагийнхантайгаа холбогддоггүй.
Холбогдлоо гэхэд төрийн зохицуулалт сул байгаад байдаг. Хоёрдугаарт энэ гурвал ерөөсөө л кластер хэлбэрээр хөгждөг. Кластер гэхээр их том хотоор зүйрлэх хэрэггүй. Жишээ нь, кино үйлдвэр гэж байсан. Тэр чинь л кластер шүү дээ. Урчуудын эвлэлийн Б танхим гэдэг чинь нэг кластер. Үүн шиг орчин байх ёстой юм.