Урлаг бүтээлийг лицензжүүлье
БСШУЯ-наас санаачлан монгол хүний оюуны бүтээмжийг үнэлэх, түүнийг дэлхийн зах зээлд таниулах, урлагийн менежментийг хэрхэн зөв хийх тухай хөндсөн “Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн олон улсын чуулган” “Улаанбаатар” зочид буудалд хоёр өдрийн турш амжилттай болж өндөрлөв.
Чуулганы гол зорилго нь Монголд бүтээлч үйлдвэрлэлийг хөгжүүлэх, үүнд тулгамдаж буй асуудалболон шийдвэрлэх аргыг ярилцах, бүтээлч үйлдвэрлэлийн үндэсний хөтөлбөрийг олон улсын туршлагад тохируулан боловсруулахад оршиж байна.
Эдгээр сэдвээр ярилцаж гарцыг хайхаар төрийн байгууллага, боловсрол, соёл урлагийн салбарын төлөөлөл, судлаачид болон бизнесийнхэн оролЦож сонирхолтой илтгэлүүдийг гавьсан юм. Мөн чуулганыг ажиглаж, санал, туршлага солилцохоор Их Британи, АНУ, Франц, БНСУ, БНХАУ, Дани, Малайзын судлаач, шинжээч, багш нар оролцсон нь олон улсад монгол урлагийг сурталчлах гүүр болж өгсөнөөрөө онцлог байв.
Чуулганы эхний өдөр “Соёлын үйлдвэрлэлийг хөгжүүлэх бодлого, түүний хэрэгцээ шаардлага” сэдвээр БСШУЯ-ны Соёлын бодлого зохицуулалтын газрын дарга доктор Д.Гантөмөр илтгэл тавьлаа. Түүний дараа “Бүтээлч үйлдвэрлэлийн бөөн, түүнд хүрэх практик алхам” сэдвээр МҮОНТ- ийн ерөнхий захирал Ц.Оюундарь илтгэл тавьсан юм.
Урлагийнханд ашиг үйлдвэрлэх сэтгэхүй суугаагүй
Тэрээр төр засгаас зохион байгуулаад соёлын бүтээлч үйлдвэрлэлийг бие даасан салбар болгохоор ажиллаж буйд баяртай байгаагаа илэрхийлээд “Манай эдийн засагт хамгийн тод өнгийг өгөх салбар бол урлагийн зөв менежмент юм. Социализмын үеэс үндэс суурь нь тавигдсан энэ урлаг гээч эхнээсээ л нийгэмд үйлчлэх, төр засгаас бүх зүйлээр нь хангаад өгчихдөг тогтолцоотой байлаа.
Түүнээс ашиг үйлдвэрлэх сэтгэхүй суугаагүй. Бид үүнийг эвдэж үйлдвэрлэл байх ёстой гэсэн зарчмыг баримтлах цаг иржээ. Мөн уран бүтээлчдийнхээ оюуны өмчийг баталгаажуулж, лицензжүүлвэл тэр нь зарагддаг, цаашлаад үнэлэгдэж, барьцаалагдаж, мөнгө олох зөв менежмент нь болох юм. Харин би жижигрүүлсэн хэлбэрийг туршиж үзье гэж бодож байна” гэв.
Харин хоёр дахь өдөр “Төрөөс аж үйлдвэрийн салбарт баримтлах бодлогод бүтээлч үйлдвэрлэлийн эзлэх байр” сэдвээр Аж үйлдвэрийн яамны стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга Д.Баттогтох, “Соёл урлагийн эдийн засгийн үр нөлөө сэдвээр АНУ- ын Монгол урлагийн зөвлөлийн ерөнхийлөгч Дуайт Жи болон “Дэлхий дахины бүтээлч болон соёлын эдийн засгийн чиг хандлага, Монгол Улсын өмнө нээгдэж буй боломж гарц” сэдвээр Том Флеминг сонирхолтой илтгэл тавив.
Дахин давтагдашгүй бүтээлийн шинэ санааг олох хэрэгтэй
Том Флеминг “Монгол эртний соёлтой ороН. Үүнийгээ ашиглаад дэлхийн зах зээлд цойлох боломж ойрхон байна. Харин үүний тулд эхлээд юунаас ч айхгүй өөрийнхөөрөө сэтгэж. хэн нэгнийг дууриаж хуулбарлах биш, дахин давтагдашгүй бүтээлийн шинэ санааг олох хэрэгтэй. Заавал том зүйл ярьж, том сэтгэх гээд хэрэггүй.
Олон улсын туршлагаас харахад жижиг бүтцүүд хамтарвал энэ нь том үр дүнг авчирсан байдаг. Мөн төрөөс санхүүждэг урлагийн байгууллагууд зөвхөн нэг төрлөө дагнаад хэрэггүй. Олон төрлийн цогц бүтээл төрүүл” гэлээ.
Чуулганы төгсгөлд БСШУ-ы сайд Л Гантөмөр хэлэхдээ “Монголын түүх соёл үнэ цэнэ, урлагийн шилдэг бүтээлийг дэлхийд таниулах, монгол уран бугээлчдээ дэмжих соёлын холбогдолтой үндэсний бүтээлч үйлдвэрлэлийг бие даасан салбар болгоход манай яам анхаарч ажиллаж байна. Хэдийгээр хол сонсогдох ч үүний тулд эхлээд боловсролтой мэргэжилтнүүдийг бэлтгэх, төрийн бодлогоор монгол соёлыг хүн төрөлхтөнд хүргэж байгаа бизнесийг дэмжих тулгууртай бодлого хэрэгжүүлнэ” гэв.