О.Баасанхүү: Монголчууд залуу хүмүүсийг сонгохыг хүсч байна
УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүү
2015.05.27

О.Баасанхүү: Монголчууд залуу хүмүүсийг сонгохыг хүсч байна

УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг Сонгуулийн нэгдсэн хуультай холбоотойгоор Монгол Улсыг нэг тойрог болгох санал дэвшүүлсэн. Дэмжлэг хүлээж чаддаг болов уу?

Монгол Улс нэг тойрог болж, 76 гишүүнээ сонгох нь хамгийн зөв сонголт юм. Сонгуулийн насны 1.8 сая иргэн байлаа гэж бодоход тэр бүгдийн санал 76 гишүүнийг сонгоход нөлөөлнө. Монгол Улс нэг тойрог болохын давуу тал энэ.

Хэрвээ Ардын намын хэлээд байгаа шиг тойргоо 76-д хуваачих юм бол Сонгинохайрхан дүүргээр жишихэд 50 мянган сонгогч тухайн тойрогт өрсөлдөж байгаа нэр дэвшигчээс л сонгоно. Маш явцуу. Тийм учраас Шударга ёс эвсэл нэг улс, нэг тойрог гэдэг санал дэвшүүлсэн.

-Сонгогч ямар байдлаар сонголт хийх вэ. Нам бүрийн ард нэр дэвшигчийн нэрийг бичсэн хуудаснаас сонголтоо хийнэ гэсэн үг үү?

Тийм, намууд 76 нэр дэвшигчийнхээ нэрсийг зоочихно. Тэндээс нэр дэвшигч авсан саналаараа эрэмбэлэгдэж хамгийн олон санал авсан нь УИХ-ын гишүүн болно гэсэн үг. 2012 оны УИХ-ын сонгуулийн алдаа юу байсан бэ гэхээр 28-ын сонгогдох эрх гэдэг дээр намын нэр тавьчихсан хэрэг. Уг нь бол сонгогдож байгаа нь хүн байх ёстой.

-Та 28-ын нэг шүү дээ?

Өмнөх парламент ийм хууль баталсан, хуулийг бүх нийтээр дагаж мөрдөх ёстой. Би тэрхүү баталсан хуулийн хүрээнд сонгогдсон.

-МАН-ынхан бол жижигрүүлсэн 76 тойрог намын нэрээр сонгогддог 28-аас дээр гэж л үзээд байгаа л даа?

Жижигрүүлсэн можаритор бүр ч осолтой. Дээр би хэлсэн шүү дээ, маш явцуу хүрээний сонголт болно гэж...

-Сонгуулийн тогтолцоог ард түмнээсээ асууя гэж байгаа, МАН-ынхан. УИХ-д хуулийн төсөл ч өргөн мэдүүлсэн. Та дэмжих үү?

Санал асуулга зохион байгуулахад 8 тэрбум төгрөг шаардлагатай гэж үзсэн юм шиг байна лээ, Сонгуулийн ерөнхий хорооны хувьд. Ардын намын бүлгээс 4 тэрбум л шаардана гэж хэлээд байгаа. Хэд ч байсан татвар төлөгчдийн халааснаас л гарна. Асар их мөнгө шүү дээ. Ер нь тэгээд 48х28-ыг Ардын намынхан олонх байхдаа баталсан.

Сонгуулийн тогтолцоондоо пропорцианаль хувилбар оруулъя, саналын хуудсыг хар машинаар тоолъё гэж... Ийм хууль баталчихаад буцаад 76 тойрог болъё гэх нь буруу. Өмнөх сонгуулийг 76 тойргоор зохион байгуулж байсан нь алдаа байжээ гээд 2011 онд Сонгуулийн хуулийг шинэчлэн баталсан байтлаа зөвхөн нэг удаа сонгууль болсны дараа “Алдаатай байжээ” гэх нь агуулгын хувьд буруу л гэж би хэлнэ.

-Ардчилсан намын хувьд тойргоо таван бүсэд хуваая гэж үзэж байх шиг?

Тэр бол ёстой утгагүй. А.Бакей гишүүний ярилцлагыг уншсан.

-Яагаад утгагүй гэж?

Дахиад л нөгөө Ц.Нямдорж, Р.Гончигдорж гэдэг юм уу, 20 жил УИХ-д суусан хүн л хадагдана гэсэн үг шүү дээ. Гэтэл Монголын ард түмэн юу хүсч байна вэ гэвэл шинэ хүн, залуу хүн, өөр хүнийг хүсээд байна.Тэр сонголтыг нь хийлгэх боломжгүй болгоод тавхан хүнийг тулгачихаар яах юм. Тэндээс л сонгохоос аргагүй болно.

Уг нь бол 76 хүний сонгогдох эрхийн тухай, 76 хүнийг сонгох сонгогчийн эрхийн асуудал юм шүү дээ. Тэгэхээр  хамгийн гол нь энэ 76-г яаж сонгох вэ, сонгуулийн насны 18 насанд хүрсэн иргэд яаж сонголтоо хийх вэ гэдгийг хуульчилж өгөх ёстой. Тавхан сонголтоос боломжгүй. Ийм юм хийвэл АН-д өөрт нь л халгаатай. 2012 оны УИХ-ын сонгуульд МАН-ынхан яасан билээ, цөөнх болсон.

2000 оны УИХ-ын сонгуульд АН 40 хувийн санал авсан мөртлөө бүгд гудамжинд гарсан, тэр юунаас болсон юм. Гэтэл нөгөө тал нь болох МАН/МАХН/ 72 гишүүний суудал авсан. Яагаад гэвэл тавхан хүний сонголтоор хийхийн тулд Ардын нам л гарна. Тэгэхээр Ардын намд үйлчлэх гээд байна л гэж харж байгаа.

-Хаврын чуулганаас өмнө Сонгуулийн нэгдсэн хуулийг баталж чадах болов уу?

Хаврын чуулганаар амжаад баталчихна. АН дотроо хэдэн зүйл тохирох ёстой, намын даргынхаа эрх мэдлийг хязгаарлахын төлөө З.Энхболдыг ганцаардуулах хувилбар хийх гээд таван бүс гэдэг юм яриад байгаа. Дээрээс нь Ардын нам учраа олчих хэрэгтэй. Энийг шийдчихэд дор нь батална. Харамсалтай нь, АН, МАН хоёр Монгол Улс нэг тойрог, 76 хүнээ сонгочихъё гэдэг хувилбараар Сонгуулийн нэгдсэн хуулийг батлахгүй л дээ. Уг нь энэ хувилбарыг сонговол 2016 оны парламентад шинэ зөв, шинэ залуу хүмүүс орж ирнэ.

Саяханы судалгаагаар сонгогчдоос Ардын нам 20-30 хувь, АН 20-30 хувь, МАХН 10 гаруй хувийн санал авсан байна лээ. Өөрөөр хэлбэл, үлдсэн 10 гаруй хувьд нь шинэ залуу, шинэ зөв хүмүүс орж ирэх боломжтой гэсэн үг.

-Шударга ёс эвслийн бүлэг өчигдөр /уржигдар/ хуралдаад Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцсэн. Ямар шийдвэр гаргасан бэ. Ажлын хэсэг байгууллаа гэж байсан. Энэ хууль өмнөх Засгийн газрын үед өргөн баригдаж байснаас зарчмын хувьд ялгаа бий юу?

Эвслийн бүлгээс Ч.Улаан гишүүнээр ахлуулсан ажлын хэсэг гаргасан.Өмнөх Засгийн газрын үед гадаадад нуусан хөрөнгөө Монгол улсад оруулж ирвэл ял шийтгэл ногдуулахгүй байя гэдэг төсөл боловсруулсан байсан. Нөгөө талаасаа Авлигатай тэмцэх газар /АТГ/-т гаргаж өгдөг Хөрөнгө орлогын мэдүүлгээ буруу бөглөсөн зөрчлөөс чөлөөлөх утга байсан.

Одоогийн Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төсөл нь цэвэр татварын өршөөлийн хуульбайна лээ. Эрүүгийн хуульд заасан зүйл заалтуудын хүрээнд иргэн, аж ахуйн нэгж байгууллага нь татвараа хууль бусаар нуусан бол түүнийг өршөөнө.

Монгол Улсад 55 мянган аж ахуйн нэгж бий, түүнээс 26 мянга орчим нь Х тайлан гаргадаг. Үлдсэн 11 мянга нь хууль хяналтын байгууллагад шалгагдаж байна гэсэн асуудал яригдаж байгаа учраас дэмжээд явах болов уу. Гэхдээ цаашдаа яах вэ гэдгийг бодох ёстой. УИХ-ын гишүүнийхээ хувиар би НӨАТ-ын тухай хуулийн төсөлд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг санаачилсан. Харамсалтай нь, УИХ-ын дарга, Засгийн газар юу гэж үзсэн бэ гэхээр татвартай холбоотой хуулийн төслийг УИХ-ын гишүүн санаачлах ёсгүй, Засгийн газар санаачлах ёстой гээд, гацаачихсан.

-НӨАТ-ыг 3 болгох тухай байсан бил үү?

Тийм, одоо бол 10 хувь, түүнийг 3 болгож бууруулъя гэсэн. УИХ уг хуулийг баталсан нөхцөлд аж ахуйн нэгж том, жижиг байхаасаа үл шалтгаалж, бүгдэд нь адил тэгш үйлчилнэ. Нөгөө талаасаа жижиг аж ахуйн нэгжийг гурван сар тутамд тайлан өгдгийг болиулъя гэсэн. Би яагаад энэ тухай онцолж байна вэ гэхээр хууль хяналтын байгууллагад шалгагдаж байгаа 11 мянган аж ахуйн нэгжийн хувьд ихэнх нь НӨАТ-ын падаан хуурамчаар үйлдсэн гэдэг бүлэг хэрэгт орооцолдсон. Хэрвээ НӨАТ-ын хувь хэмжээг бууруулчих юм бол буцаан олголт энэ тэр гэхгүйгээр ийм хэрэг үүсгэхгүй байх нөхцөл үүсэх боломжтой.

Ер нь Эдийн засгийн ил тод байдлыг дэмжих тухай хуулийн төслийг Татварын өршөөлийн хууль гэж нэрлэх ёстой. Нөгөө талдаа татвар шударга ёсны зарчимд суурилах ёстой гэдэг утгаараа татвараа цаг хугацаандаа төлдөг хэсгээ яах вэ гэдгийг бодох ёстой. Би бол ийм аж ахуйн нэгжийг урамшуулах ёстой гэж бодож байгаа. Өршөөлийн хууль гэж байгаа бол гэм буруутайг өршөөе, гэм буруугүйг урамшуулъя.Давхар оруулж ирэх.

Монгол Улсын Үндсэн хуульд гурван үүрэг бий, тэрний хамгийн чухал үүрэг нь татвар.  Ийм чухал үүрэгжүүлсэн хуулийг өнөөдөр хэрэгжүүлэх гэж байгаа бол тэгш байдал, шударга ёсны зарчимд үндэслэх ёстой.

-Эдийн засгийн өршөөлийн хуулийн тухайд ямар байр суурьтай байна вэ?

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Эдийн засгийн өршөөлийн хуультай холбогдуулан Хууль зүйн сайд, Сангийн сайд нарт хандан тавьсан асуулгын хариуг УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар сонсох үед гишүүд мэдээлэл авсан. С.Бямбацогт гишүүн бүр “Энэ хуульд хэн хамрагдах юм, ямар үр дүн гарах юм бэ, эдийн засгийн хөшүүрэг нь юу юм гэдгийг тодруулсан. Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөгдөх зориулалттай л болохоос биш эдийн засгийн хөшүүрэг болох тал нь их муу байсан. Тэр утгаараа гишүүд маш их шүүмжилсэн. Хуулийн хамрах хүрээ нь зөвхөн Эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх.

Миний хувьд ч Шударга ёс эвслийн бүлгийн хувьд хууль батлагдаж байгаа бол үр өгөөжийг нь чанаржуул гэсэн байр суурь баримталж байгаа.

Эрүүгийн хуулин дотроос энэ асуудлыг сугалж аваад хэрэггүй л байхгүй юу. Хэрвээ эдийн засагтай холбоотой гэж нэрлэж байгаа бол компанийн өр зээл байна уу, өөр юу байдаг юм, өргөн багцаар оруулах ёстой. Шударга хэлэхэд хэтэрхий өрөөсгөл л санагдаад байгаа.