Орон сууцнууд хоногт 12,7 сая литр усыг суултууртаа хэрэглэдэг
Манай улс нь цэвэр усны нөөцөөр багавтар нөөцтэй улс орны тоонд багтдаг хирнээ цэвэр усыг ариглах гамнах тал дээр маш муу, цэвэр усыг суултуурдаа ашигладаг цөөхөн улс орнуудын нэг юм.
2015.05.29

Орон сууцнууд хоногт 12,7 сая литр усыг суултууртаа хэрэглэдэг

Өнөөдөр дэлхий дээр цэвэр усны дутагдлаас болж жилд 2.6 сая хүн нас барж байгаагаас 1.5 сая нь хүүхэд байдаг байна. Өөрөөр хэлбэл, 20 секунд тутамд дэлхийн хаа нэгтээ нэг хүүхэд цэвэр усны гачигдлаас болж амиа алддаг гэсэн үг юм.

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас нэг хүний усны хэрэгцээг өдөрт 30-50 литр гэж тодорхойлсон байдаг. Гэтэл өнөөдөр зарим улс үндэстний хувьд энэ хэмжээ эрс бага, харин заримд нь хэтэрхий их байгаа юм. Жишээ нь: Малид 8 литр, Гамбид 4,5 литр ус хэрэглэдэг байхад АНУ-ын нэг хүн өдөрт дунджаар 500 литр ус хэрэглэдэг гэсэн судалгаа байх юм. Харин манай улсад орон сууцанд амьдарч буй нэг хүн хоногт 230 литр ус, гэр хороололын айл өрхүүд өдөрт дунджаар 25-60 литр ус хэрэглэдэг байна.

ШУТИС-ийн Эрчим хүчний сургуулийн магистр Б.Энхсайхан

Өнөөдөр жилд дунджаар 13 590 орчим орон сууц ашиглалтанд орж байгаа нь сайн боловч үүнийгээ дагаад цэвэр усыг хайр гамгүй хэрэглэгчдийн тоо улам нэмэгдэж байна. Тэгтэл манай улс нь цэвэр усны нөөцөөр багавтар нөөцтэй улс орны тоонд багтдаг хирнээ цэвэр усыг ариглах гамнах тал дээр маш муу, цэвэр усыг суултуурдаа ашигладаг цөөхөн улс орнуудын нэг юм. Энэ талаар тоо бодоод үзье л дээ. Улаанбаатар хотын хэмжээнд 2013 оны 1 дүгээр сарын 1-ний байдлаар орон сууцны хорооллын өрхийн тоо 127.596 байсан бөгөөд орон сууцны нэг айл хоногийн дотор 100 литр орчим цэвэр усыг суултуураар дамжуулан бохирын сувагт оруулдаг байх юм. Эндээс дүгнэхэд 127.596 өрхийн тоо*100 литр=12.759.600 литр цэвэр усыг Улаанбаатар хотод оршин суудаг айл өрхүүд хоногт зөвхөн суултуурдаа зарцуулдаг дүн гарч байна. Энэ тоо зөвхөн 1 хоногийнх.

Шог зургийг А.Амарсайхан

Усыг зөв ашиглах нь тийм ч хэцүү биш. Жишээ нь Манай улсын хувьд сүүлийн жилүүдэд шинэ орон сууцнууд хорооллоороо ашиглалтанд орж байгааг ашиглаж анхнаасаа барилгын зураг төсөлд нь ахуйн саарал усыг эргүүлэн суултуурын усанд бүрэн ашиглах техник технологийн тооцоог оруулан хэрэгжүүлэхийг шаарддаг байх нь зүйтэй болов уу. Төр засаг нь нэгдсэн бодлого хэрэгжүүлэн, иргэд бид өдөр тутмын цэвэр усны хэрэглээндээ хяналт тавьж, хямгадах цаг болсоныг дэлхийн нийтээрээ сануулаад байна.

Өнөөдөр миний таны ашиглаагүй урсгасан ус хаа нэгтээ хэн нэгний хүсээд ч олдоогүй чандмана эрдэнэ юм шүү.