990 км хурдны замын бүтээн байгуулалтад үндэсний компаниуд оролцоно
2015.05.29

990 км хурдны замын бүтээн байгуулалтад үндэсний компаниуд оролцоно

Алтанбулаг-Улаанбаатар- Замын-Үүд  чиглэлийн 990 км хурдны автозамыг “Чингис Лэнд Девеломент” групп концессийн гэрээгээр барихаар болж, өнгөрсөн оны гуравдугаар сард Засгийн газартай гэрээ байгуулсан.

Одоогоор хурдны замын трассыг тогтоож, ТЭЗҮ- ийг батлуулаад байгаа бөгөөд Алтанбулаг-Мааньт чиглэлд геотехникийн суурь судалгаагаа хийгээд байгаа ажээ.

Гурван жилийн хугацаанд барихаар төлөвлөсөн уг хурдны зам нь зургаан аймгийн 24 сум, нийслэлийн хоёр дүүргийн нутгийг дамжин өнгөрнө. Концессын “Барих-Ашиглах- Шилжүүлэх” нөхцөлөөр барихаар болсон уг замыг гүйцэтгэгч 30 жил ашиглаад төрд шилжүүлэх юм.

Зам барилгын ажлын явцад нийтдээ 20-30 мянган түр ажлын байр бий болно гэсэн төсөөлөл байгаа аж. Харин төслийн дараа зам дагуу бий болох амралт үйлчилгээний цогцолбор, замын байгууламжуудын хэсгүүдэд 3000-5000 ажлын байр, шинэ суурьшлын бүсүүдийг дагаад 50 мянга хүртэл ажлын байр бий болно гэж тооцоолжээ.

Түүнчлэн төслийн компани бүтээн байгуулалтад үндэсний компаниудыг оролцуулах, зам барилгын ажилд оролцох монгол ажилчдын тоог нэмэгдүүлэх, үндэсний мэргэжилтэй инженер, техникийн ажилтан бэлтгэхийг зорьж байгаа аж.

Энэ хүрээнд “Чингис Лэнд Девелопмент групп”, Монголын  Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим, Монголын Авто Замчдын Холбоо харилцан ойлголцлын санамж бичигт өчигдөр гарын үсэг зурлаа.