Тариаланчдад газар эзэмших гэрчилгээгээ барьцаалж зээл авах боломжийг нээж өгч байгаа
УИХ-ын гишүүн, Хүнс, хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа.
-Засгийн газрын ээлжит хуралдаанаар Төрөөс хүнс хөдөө, аж ахуйд баримтлах бодлогыг баталж, УИХ-д өргөн барихад бэлэн болсон байна. Бодлогын баримт бичигт энэ салбарыг хөгжүүлэх асуудлыг хэрхэн тусгасан юм бэ?
2003 онд баталсан Төрөөс хүнс, хөдөө, аж ахуйн салбарт баримтлах бодлогын баримт бичгийн хэрэгжилт өнөө жил дуусгавар болж байгаа. Дараагийн үе шат нь 2016-2025 он хүртэл таван жилийн хугацаатай хоёр үе шаттайгаар хэрэгжихээр боловсруулсан. Энэ хүрээнд хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулна. Хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд экспортлохын тулд олон улсын худалдааны хорио цээрийн нөхцөл шаардлагыг хангасан чөлөөт бүсийг байгуулахаар судалгаа хийсэн.
Долоон газрыг боломжтой гэж үзсэн бөгөөд нэн тэргүүнд Халх голд хөдөө аж ахуйн чөлөөт бүсийг байгуулъя гэсэн асуудлыг Засгийн газрын хуралдаанд оруулж дэмжлэг аваад байна. Чөлөөт бүс байгуулснаар гадаад дотоодын хөрөнгө оруулалтыг татах нөхцөл байдал бүрэлдэж байгаа юм.
Мөн мягмар гаригт хуралдсан Засгийн газрын ээлжит хуралдаанаар Мал, амьтны эрүүл мэндийн тухай хууль, Малын генетикийн тухай хууль, Органик хүнсний тухай хуулийн төслүүдийг дэмжлээ. Дээрх хуулийн төслүүдийг УИХ-д өргөн барихаар ажиллаж байна.
-Манай улс хоёр хөршөөсөө гадна Араб, Япон руу мах, махан бүтээгдэхүүн экспортлохоор болж байна. Хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулснаар махны экспортод яаж дэм болох вэ?
Юун түрүүнд Монгол Улс газар зүйн байршлаа ашиглаж, хоёр хөрш болон гуравдагч хөршийн зах зээлд нэн тааламжтай нөхцөлөөр хүнс, хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүн экспортлох боломжтой. Дээрээс нь Араб руу гэхэд таван сая хүртэлх малын мах экспортлохоор боллоо.
Вьетнам ямааны мах их хэмжээгээр импортолж авъя гэсэн тааламжтай нөхцөлүүд тавьж байна. Мөн хүнс, хөдөө аж ахуйн салбарын гол бодлого бол үйлдвэрлэлийн бүтээмжийг нэмэгдүүлэх, өрсөлдөх чадварыг сайжруулахад чиглэж байгаа. Өнгөрсөн онд 51.9 сая толгой мал тоологдсон. Энэ хавар 18 сая төл хүлээж авсан.
Нийт дүндээ нийт малын тоо толгой 70 саяд дөхөж байгаа бөгөөд дотоодын хүнсний хэрэгцээнд 10 гаруй саяыг нь хэрэглэнэ гэж үзвэл энэ жил малын тоо толгой 60 сая орчимд хүрч Монгол орны бэлчээрийн даацаас давах төлөвтэй байна. Тэгэхээр илүүдэлтэй байгаа хэсгийг эргэлтэд оруулах шаардлагатай.
Энэ тал дээр яам ажиллаж байна. Мах, махан бүтээгдэхүүнийг экспортлоход улс хоорондын хорио цээрийн гэрээ хэлэлцээрийн асуудал чухал. Ялангуяа хоёр хөршдөө мах, махан бүтээгдэхүүн гаргах талаар эрчимтэй хэлэлцээр хийж байна. Өнгөрсөн жил дотоодын махны хоёр үйлдвэр ОХУ руу мах экспортлох эрхээ авсан. Өнөө жил тав болж нэмэгдсэн.
Хятад руу мах махан бүтээгдэхүүнийг гаргах эрхийг зургаан аж ахуй нэгж аваад байна. Ирэх долдугаар сард Хятадын Хорио цээрийн асуудал хариуцсан дэд сайд Монголд ирж хэлэлцээрийг үргэлжлүүлнэ. Энэ асуудлыг шийдвэрлэхэд хамгийн том бэрхшээл бол малын гоц халдварт өвчин юм. Тухайлбал шүлхий. Шүлхий өвчин жил дараалан гарч байна. Малын гоц халдварт өвчин гарснаар импортлогч улсууд импортоо зогсоодог.
Тиймээс халдвар өвчнөөс ангид хөдөө аж ахуйн чөлөөт бүс байгуулах замаар энэ асуудлыг шийдвэрлэх боломжтой. Ер нь бол хөдөө аж ахуйн чөлөөт бүс нь газар тариалан, эрчимжсэн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх, хөрөнгө оруулалт татах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн экспортлох зорилготой юм.
-Мах экспортлоход тухайн улсын стандартад нийцүүлэх шаардлага давхар яригддаг...
Махны экспорт дээр Хүнсний аюулгүй байдлын үндэсний зөвлөлөөс 64.4 мянган тн махыг экспортлох боломжтой гэсэн дүгнэлт гарсан байна. Энэ жил 4.4 мянган тн махыг экспортлох квот өгсөн. Одоогийн байдлаар 1400 тн мах экспортолсон мэдээтэй байна. Цаашдаа мах экспортын асуудал дээр нэг цонхны бодлогоор маркетингийн асуудлыг явуулахаар төлөвлөж байна.
Компаниуд тус тусдаа гэрээ хэлэлцээр хийгээд явахаар экспортлох махныхаа үнийг унагаж, дотооддоо борлуулснаас ч хямд байдалд хүргэж байна. Дээрээс нь бид органик монгол махныхаа шинж чанарыг таниулсан маркетингийн нэгдсэн бодлогоор лаборатори судалгааны ажлуудыгдэмжих нь зүйтэй гэж үзэж байгаа.
-Газар тариалангийн хуулийн шинэчилсэн найруулгаар юу, юу зохицуулж байгаа вэ?
Тариаланчдын хоёр холбооны төлөөлөл, мэргэжилтэн, судлаачид оролцуулсан зөвлөгөөнүүд хийсэн. Бас тариаланчидтай уулзсан. Олон талын саналыг оруулж, хэлэлцүүлэг хийж байна. Хуулийн төсөлд газар тариалангийн хөрсөө сайжруулах асуудалд хэрхэн яаж анхаарах ёстой юм, агрохимийн болон агрофизикийн шинжилгээг хэдийд хийж байх уу зэрэг асуудлуудыг тусгаж өгсөн.
Тариаланчдын газар эзэмших хугацааг уртасгах, газар эзэмших эрхийн гэрчилгээгээ барьцаалж зээл аваад, аж ахуйгаа өргөжүүлэх, тоног, төхөөрөмжөө сайжруулах боломж бололцоог нээж өгч байгаа. Түүнчлэн хөрс бордох, технологио сайжруулах зэрэг асуудлуудыг зохицуулж өгч байгаа.
-Тариаланчдын зүгээс тариалангийн талбай руу мал ороод байна гэсэн гомдол байнга тавьдаг. Маргааны гол цөм болсон энэ асуудлыг дээрх хуулиар яаж шийдэхээр байна?
Газар тариалан зонхилсон бүс нутагт фермерийн мал аж ахуйг хослон хөгжүүлэх замаар хөдөө аж ахуйн эрчимжсэн хөгжлийн бүс нутгийг бий болгохоор зорьж байна. Өөрөөр хэлбэл органик үйлдвэрлэлийн бүс. Тариалангийн талбайн 15-30 хүртэлх хувийг мал иддэг гэсэн тариаланчдын тавьдаг асуудлыг зохицуулах шийдвэрлэх шаардлагатай байгаа.
Газар тариалангийн бүс нутагт малын тэжээл тарьсан газартаа ойрхон фермерийн аж ахуй хөгжүүлэхийг дэмжсэн бодлогыг хуулийн төсөлд оруулж байна. Урьд нь зохицуулаагүй асуудал байсан. Тухайлбал, газар тариалангийн бүс нутагт фермерийн аж ахуй байгуулаад байшин барилаа гэхэд үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ гардаггүй байв.
Учир нь тариалангийн талбай гэдэг бэрхшээл тулгардаг байсан. Харин шинэ хуулинд тариаланчдыг дэмжсэн зохицуулалт хийж өгч байгаа. Тариалангийн бүс нутаг болох асуудлыг эхлээд орон нутагтаа шийдвэрлэнэ.
-Хавар, намарт босдог бас нэг асуудал болох улаан буудайн урамшууллыг цаашид ямар хэлбэрээр олгох ёстой вэ. Мөн арьс шир, ноос, ноолуурын урамшууллын системийг хуулинд яаж тусгаж байгаа юм бол?
Урамшуулал өнөөдрийг хүртэл тоон дээр түшиглээд явж ирсэн. Тухайлбал, тушаасан арьс ширнийхээ тоо ширхэг болгонд тооцоолж урамшуулал олгодог байсан. Үүний цаана чанар алдагдаад байдаг. Хэрэв үндэсний үйлдвэрлэлд ноос, арьс ширээ тушаасан бол тэр дор нь урамшууллыг нь олгоно гэдэг. Харин гүн боловсруулах эцсийн бүтээгдэхүүн хүртэл дэмжсэн бодлого байдаггүй. Ноос, арьс, ширийг угаах үйлдвэрлэлийг дотооддоо хийгээд бохирыг нь үлдэж, цэвэрлэснийг нь экспортолж байна. Энэ нь гадны үйлдвэрлэлийг дэмжсэн бодлогод улсын төсвөөс мөнгө олгож байна гэсэн үг. Тэгэхээр гүн гүнзгий эцсийн бүтээгдэхүүн боловсруулдаг тэр үйлдвэрт тушааж байгаа арьс, ширний урамшууллыг олгож дэмжмээр байна. Дээрээс нь эрүүл малыг үйлдвэрлэлийн аргаар төхөөрсөн малын арьсыг урамшуулах систем явмаар байгаа юм. Мөн ноосон дээр ялгавартай урамшуулал олгож байна. Арьс ширэн дээр ч бодлогоор чанарыг үнэлэх зохицуулалт хийнэ.
Улаан буудайн урамшууллын мөнгийг олгохдоо чанарыг баримтална. Тариаланчид тариалангийн газрыг ашиглаж байгаа бол хэдийгээр төрийн өмч ч гэсэн эргээд хөрсийг муутгахгүй байх тал дээр үүрэг хүлээж ажилладаг байх хэрэгтэй. Тэгээд 1-2 жил тутамд га тутамд агрохимич, агрофизикч нар хөрсний чанарыг шалгадаг байх шаардлагыг тавина. Монголын нөхцөлд хүлээн зөвшөөрөгдсөн бордоо, үр хэрэглэж, цавуулаг өндөртэй тариа ургуулдаг байх ёстой. Алхам тутамд урамшуулал олгоод байх биш, чанарын асуудлыг давхар шаардана. Ер нь цавуулаг өндөртэй буудай тариалахад тусгайлсан урамшуулал байх болно. Энэ бүгдэд тохирсон бодлого байх нь зүйтэй.
-Тариаланчид технологио шинэчилье гэхээр санхүүгийн хувьд бэрхшээл тулгардаг. Тэгвэл Газар тариалангийн тухай шинэ хуулиар тэд эзэмшиж байгаа газраа барьцаалж, хөнгөлөлттэй зээл авч, тоног төхөөрөмжөө сайжруулж болох юм байна?
Тариаланчид заавал төрөөс урамшууллын мөнгө харж, ямар нэгэн дэмжлэг хүсч, хүлээхээсээ илүү өөрсдөө ашиглаж, эзэмшиж байгаа газар, агуулах дахь буудайгаа ч барьцаалж зээл авч болно. Эргээд найдвартай бизнес явуулахад хүү багатай энэ бололцооголгох үүднээс Газар тариалангийн тухай хуулийн төсөлдөө зохицуулалтуудыг оруулж өгч байгаа. Төсөл батлагдвал гурилын үйлдвэр ч тариаланчдад ч боломжууд нээгдэнэ.
Жил болгон Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад хөнгөлөлттэй үнээр урьдчилгаат нөхцөлөөр үр, бордоо, шатахуун өгдөг байх аа. Өмнөх жилүүдийнхээ өрийг төлөөгүй нэлээд компани байгаа гэсэн. Энэ зэрэг асуудлыг хуульчилсан уу?
Өнөө жилээс эхлээд сайн болон эрсдэлтэй харилцагчдын түүхийг бий болгож байгаа. Тариалан эрхлэлтийг дэмжих сан 80-аад тэрбум төгрөгийн өр авлагатай байсан. Он дамжаад зээлээ төлөхгүй явдаг. Тэгэхээр цаг хугацаандаа ном ёсоороо мөнгөө өгдөг аж ахуй нэгжийг сайн харилцагч гэж үзнэ. Ингээд тэднийг заавал 30-50 хувийн урьдчилгаа өг гэхгүй. Арван хувийн урьдчилгаа аваад дэмжээд явах болно. Мөн эрсдэлтэй авсан зээлээ олон жил он дамнуулаад төлдөггүй харилцагч нарт зээл дахиж гардаггүй, урьдчилгаа өгсөн ч шатахуун, үр тариа өгөх арга хэмжээнд оролцуулахгүй. Аливаа бодлогод чанарыг харгалзсан урамшууллын систем баримтална.
-Хөрөнгийн тухай хуулиар малын хөлийн татвар орж ирж байгаа. Бэлчээрийн тухай асуудал хүнд байгааг малчид уламжилдаг. Малын хөлийн татвараар бэлчээрээ хамгаалахад зарцуулж болно биз дээ?
Энэ хуулийн төсөлд тусгаснаас малын хөлийн татварыг орон нутаг өөрсдөө тогтооно. Малын тоо толгойгоор авсан татвар улсын биш орон нутгийн төсөвтөө үлдэхээр байгаа. Харин ХХААЯ-ны зүгээс татварын мөнгийг зүгээр орон нутгийн төсөвт оруулаад байх биш зориулалтыг нь зааж өгөх бодлоготой байгаа. Орон нутагт ямааны тоотолгой ихэсч, бэлчээрийн даац хэтэрсэн бол ямаанаас авах татвар илүү байх. Тэмээ үржүүлье гэж байвал хэдэн жилдээ татвар авахгүй байх ч юм уу.
Цаашлаад бэлчээрийн менежмент, аШиглалт, малын эрүүл мэнд зэрэг үйл ажиллагаанд малын хөлийн татвараас орсон орлогыг зарцуулах нь зүйтэй. Тэгэхгүй бол зүгээр орон нутгийн дансанд орчихоод сумын наадам, ойн арга хэмжээ, цол авсны баярт зарцуулагдах ёсгүй. Бэлчээрийг хамгаалах үйл ажиллагаанд зориулдаг байх ёстой. Малын хөлийн татварыг тусгасан Хөрөнгийн тухай хууль батлагдвал Төсвийн зарцуулалтын тухай хуульд бид нэмэлт өөрчлөлт оруулахаар зорьж байна.
-Саяхан Төрийн ордонд бэлчээрийн төлөв байдлын тайланг хэлэлцэхдээ цөлжилт нэмэгдэж, уул уурхайн лиценз нэмэгдэж байгаа тухай хөндөж байсан. Энэ асуудалд салбарын сайдын хувьд ямар бодлого баримтлан ажиллах вэ?
“Ногоон алт” төслөөс бэлчээрийн төлөв байдлын тайланг гаргасан. Монгол Улсын бэлчээрийн байдал салаа замын үзүүрт ирчихжээ. Цөлжөөд дахиж сэргэхгүй байдалд орох нь байна. Судалгаагаар бэлчээрийн даац зарим нутагт хэвийн байлаа ч ихэнх аймагт бэлчээрийн доройтолд орчихсон. Нэг хэсэг нь гурван жилийн хугацаанд бусад нь урт удаан хугацаанд сэргэх боломжтой гэсэн зураглалуудыг гаргасан байгаа. Эргээд харахад хөдөө аж ахуйн эдэлбэр газар хариуцах эзэнгүй олон яамдын дунд хаягдсан. Уялдаа холбоо муутай явж ирсэн. Бүртгэл нь Барилга, хот байгуулалтын яаман дээр. Хяналт шалгалт нь Шадар сайдын харьяанд, судалгаа шинжилгээний ажил нь БСШУ-ы яамны мэдэлд, Хүнс, хөдөө аж ахуйн яамны харьяанд ашиглах, хэрэглэх нь явж ирсэн.
Ер нь хөдөө аж ахуйн яам бол бэлчээр, хөрсний асуудалд онцгой анхаарал тавих нь зүйтэй гэж үзэж байгаа. Тиймээс яамны бүтэцдээ газраа хариуцсан мэргэжилтэн шинээр бий болгож, Бэлчээрийн тухай хуулийн төслийг Газар тариалангийн хуулиндаа хамтатган боловсруулж байна. Бэлчээр, тариалангийн газраа илүү тусгаж байгаа. Ашиглаж буй хүн нь илүү хамгаалах ёстой. Салбарын яам нь ч анхаарлаа сулруулж болохгүй. Бэлчээр хэдийгээр улсын өмчит байдаг ч гэсэн хөдөө орон нутагт бэлчээрийг сэлгэдэг гэрээ хийдэг сайн жишээнүүд байна л даа.
Үүнийг яам дэмжээд дэлгэрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Бэлчээр хариуцах эзэнгүй болохоор уул уурхайн лицензэд явчихаж байгаа. Өргөдлийн байнгын хорооны даргаар ажиллаж байхад энэ төрлийн гомдол их ирдэг байв,. Хөдөө аж ахуй, малчидтай холбоотой гурван төрлийн гомдол ирдэг байсан. Бэлчээрийг уул уурхайд өгсөн. Лицензтэй аж ахуй нэгж малчдын дунд сөргөлдөөн үүсдэг. Үлийн цагаан оготно ихэслээ гэдэг асуудал их ирж байв. Мөн малчдын зургаан настай хүүхэд дотуур байранд амьдрахад бэрхшээлтэй. Үүнээс болоод ээж нь хүүхдээ хараад сумын төв дээр байдаг. Аав нь адуу малаа хараад хөдөөнөө үлддэг. Олон малтай айлд хүн хүч дутдаг.
Юун түрүүнд хөдөө аж ахуй эдэлбэр газраа зааглаж үзэх нь хэрэгтэй. Бид стратегийн орд газар гэж үздэг. Стратегийн холбогдолтой газраа тусгайлан төрөөс анхаардаг УИХ бодлогоор шийддэг байх ёстой. Гэтэл стратегийн гол үндэс болох ус, мах сүүг бий болгож байгаа малын бэлчээр. Мөн буудайг ургуулж, гурил болгож байгаа газар тариалангийн нутаг стратегийн бүс байх ёстой. Гэтэл хэрэглээд ашиглаад, тэрнийх нь араас хайхрах эзэн байдаггүй. Нэг мэдэхэд хайгуулын лицензэд өгчихдөг. Уул уурхай бол байнгын шавхагддаг.
Харин газар тариалан байнгын нөхөн сэргээгддэг салбар. Гэтэл өнөөдөр эдийн засгийн хүндрэлийг даван туулж, орлого олохын тулд лицензийг чөлөөтэй өгч байна. Гадаадынхны анхаарлыг татах нь хэрэгтэй боловч хөдөө аж ахуйд осолтой. Бид хөдөө аж ахуй эдэлбэр газраа нийт газар нутгаас ялгаж зааглачихаад үлдсэн газар нутагт уул уурхай эрхэлж болно. Тэгвэл уул уурхайд хөрөнгө оруулах гэж байгаа хүмүүст маш тааламжтай. Яагаад гэвэл дараа нь хэл ам болж, малчидтай сөргөлдөхгүй. Бүс нутгаа тодорхойлчихсон юм чинь тогтвортой удаан хугацаанд үйл ажиллагаа явуулах бололцоотой.
Хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах асар их боломж байна. Хөдөө аж ахуйн эрчимжсэн бүсээ зарлачихвал гадаад, дотоодын хөрөнгийг энэ салбарт татах боломжууд байна. Өргөн уудам газар нутгаа хамгаалаад эзэн болоод амьдарч байгаа малчдынхаа амьдралын түвшинг нь сайжруулах тал дээр ч анхаарах ёстой. Малчдыг шинээр орлоготой болгох үүднээс мал аж ахуйн бүтээгдэхүүнийг боловсруулаад гаргах ажиллагааг дэмжихээс гадна малчид хөдөө аж ахуйн аялал жуулчлалыг хөгжүүлэх боломжтой.
-Яаж?
Малчдаа Дэлхийн нүүдэлчдийн хөдөө аж ахуйн соёлын өвд бүртгүүлэхээр ажиллаж байна. Тэгвэл жуулчид нүүдэлчнийд; цаатангууд болон тэмээчнийхээр зочилъё, Ховдод байгаа төлчнийд хүрье гэж хөдөөг зорино. Ингэснээр малчид орлого олох боломжтой. Ерөөсөө тухайн орон нутагт амьдарч байгаа малчинд соёлын өвийг тээгч, хамгаалагч гэдэг эрхийг баталгаажуулж өгөх хэрэгтэй. Энэ мэтчилэн хөдөө аж ахуйд малчдын газар нутаг, бэлчээрийг хамгаалах олон талын арга хэлбэрүүдийг эрэлхийлж ажиллаж байна.
-Малын хулгай огт буурахгүй байна. Энэ тал дээр дорвитой ямар ажил хийхээр төлөвлөж байгаа вэ?
Орон нутгийн төсвөөс гэрээт харуулыг санхүүжүүлээд ажиллуулж болно. Гэтэл орон нутагт зориулалтын зардал байдаггүй. Тэгэхээр малын хөлийн татвараас гэрээт харуулыг ажиллуулах боломжийг нээж өгье гэж байгаа юм. Ингэснээр малын хулгайн асуудлыг хамгаалж болно. Мөн ХХААЯ дэргэдээ 109 гэдэг тусгай дугаар ажиллуулж байна. Энэ утсыг малын хулгай болон гоц халдварт өвчний дуудлагад ашиглаж байгаа.
Иргэдийн гар утас нэгжгүй байсан ч залгаад мэдээлэл өгч болно. Бид хууль зүйн яамтай яриад цагдаагийн байгууллага архивжуулах ажлыг хийж байна. Малын генетикийн тухай хуулинд бүртгэлжүүлэх асуудлыг тусгаж байгаа. Мөн эмэгтэй малчдын зөвлөгөөнийг ирэх намар хийнэ. Малчдын зургаан настай хүүхдүүдийг сургуульд сурахад нь хэрхэн харж хандах асуудлыг хөндөнө. Сайн малчны хөдөлмөр бол өрхийнх, Гэтэл өрхийн тэргүүнд шагналыг гардуулдаг. Эхнэр, нөхөр хоёрт одон тэмдэг өгвөл яасан юм бэ гэж бодож байна. Малчин. эмэгтэйчүүдийн зөвлөгөөн дээр тэдний саналыг сонсъё гэсэн бодол байна.
-Улсын баяр наадмын өдрүүдэд эрлийз морьдыг уралдуулж, цэнгэлдэх хүрээлэнд цоллуулдаг болгох саналыг уяачдын зүгээс тавьж байна. Танай яамны зүгээс анхаарлаа хандуулав уу?
Удахгүй наадам болох гэж байгаатай холбогдуулан уяачид, малчид, Хурдан морины холбооныхноос санал ирж байна. Эрлийз болон монгол морьдыг хооронд нь ялгадаг дүрэм, журам амьдралд нийцэхгүй байна гэсэн саналыг хүлээж аваач ээ гэсэн. Ингээд сайдын дэргэдэх хурлаараа хэлэлцээд бид эрлийз морийг зөвхөн долдугаар сарын 13-ны өдөр биш, наадмын өдрүүдэд уралдуулаад цэнгэлдэх хүрээлэнд наадамчин олны өмнө цолыг нь дуудаж, бай шагналаа авдаг байх хүсэлтийг Шадар сайд У.Хүрэлсүхэд уламжилсан.
Эрлийз морины уралдааныг уяачдын наадмаар биш Монгол наадамтай хамт явуулдаг байх нь зүйтэй гэж үзэЖ байгаа. Мөн адууны сэрвээний өндрийг хоёр см өндөр болгосон журам гарснаас хойш монгол морьд улсын болон бүсийн наадамд уралдах бэрхшээлтэй байна гэсэн хүсэлт ирсэн. Иймд энэ асуудлыг Стандартчилал хэмжил зүйн үндэсний төв харгалзан үзнэ үү гэсэн хүсэлтийг уламжлаад байна.