Малчид хөрөнгийн зах зээлд оролцоно
Монголбанк, Санхүүгийн зохицуулах хороо, Азийн хөгжлийн банк болон орон нутаг дахь салбар, аймаг, сумын нутгийн удирдлага хамтран Завхан аймгийн Отгон, Улиастай суманд "Санхүүгийн үйлчилгээний хүртээмж ба орон нутгийн хөгжил" сэдэвт чуулга уулзалт хийлээ.
Эдийн засгийн тогтвортой хөгжилд санхүүгийн зах зээл маш чухал. Иймд даатгал, бичил санхүү, хөрөнгийн зах зээлийн оролцогчдын үйл ажиллагааг банкны салбарын үйлчилгээний өнөөдрийн түвшинд хүргэж хөрөнгө оруулалтыг хоёр дахин нэмэгдүүлэх боломж байгаа юм. Ялангуяа орон нутгийн бичил,жижиг дунд үйлдвэрлэлийг банкны зээлээс өөр санхүүгийн олон төрлийн үйлчилгээгээр дамжуулан дэмжих эрх зүйн боломж бүрдсэн билээ. Эдгээр үйлчилгээг ард иргэдэд хүргэж амжилттай ажиллаж байгаа санхүүгийн байгууллагууд бий.
Гэвч иргэдэд тэр бүр мэдээлэл хомс, ойлголт муу байгаагаас бизнес эрхлэгчид уг боломжийг ашиглаж чадахгүй байна. Иймд анх удаа хөдөө орон нутагт Санхүүгийн зохицуулах хорооны мэдэлд байдаг биржүүд, төлбөр тооцооны болон даатгалын байгууллагууд,брокер диллер, батлан даалтын байгууллагуудын санхүүгийн үйлчилгээний онцлогийг иргэдэд танилцууллаа. Завхан аймгийг сонгож авсан нь учиртай. Хамгийн сүүлд болсон зуднаар тус аймаг 100 мянга гаруй малаа алдсан гашуун сургамж бий. Гэтэл малчид малаа даатгуулах нь хангалтгүй байгаа юм.
Байгалийн давагдашгүй хүчин зүйлээс урьдчилан сэргийлэх боломж нь даатгал. Иймд Санхүүгийн зохицуулах хорооны даатгалын зохицуулалтын газрын хэлтсийн дарга Б.Жавхлант "Даатгалын үйлчилгээний ач холбогдол, орон нутгийн эдийн засагт үзүүлэх үр нөлөөлөл" сэдэвт илтгэлээрээ даатгалын ач холбогдлын талаар дэлгэрүүлэн тайлбарлав. Аливаа улс оронд албан журмын даатгал нь тухайн улсын даатгалын салбарын хөгжлийн түлхэц болдог.
Харин монгол^ууд энэ үйлчилгээний үр шимийг төдийлөн сайн ойлгохгүй, төр иргэдээс татаас авч буй мэтээр хүлээж авдаг. Тухайлбал, өнөөдөр нийт тээврийн хэрэгслийн 70 орчим хувь нь албан журмын даатгалд даатгуулсан байдаг. Үүнтэй харьцуулахад малын даатгал маш бага хувь эзэлдэг. Бодит байдал дээр малаа алдах нь малчдад илүү хүнд тусдаг билээ. Тэгэхээр дэлхийн уур амьсгалын өөрчлөлтөөр байгаль дэлхийн зан авир хувирч буй тул малын даатгал чухал болоод байгаа юм.
Уг чуулга уулзалтын үеэр Азийн хөгжлийн банкны ажилтан Э.Энэрэлт "Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлж буй төслийн үр нөлөө, орон нутагт төсөл хэрэгжүүлэх боломж", "Өрхийн амьжиргааны болон хувь хүний санхүүгийн менежмент дээшлүүлэх гарц" зэрэг сэдвээр иргэдэд тодорхой мэдээлэл өглөө. Хөдөө аж ахуйн бирж орон нутагт онлайн арилжааг нэвтрүүлж хоёр аймгийг нийслэлтэй холбоод байгаа. Үүний нэг нь Завхан аймаг. Иймд Хөдөө аж ахуйн биржийн захирал Ж.Эрдэнэбат малын гаралтай түүхий эдийг хэрхэн арилжаалах талаар танилцуулсан.
Мөн Хөрөнгийн биржийн Арилжаа хяналтын албаны ажилтан Г.Амартүвшин орон нутгийн иргэд үнэт цаасны зах зээл, хувьцааны арилжаанд оролцож арилжааны ашиг олох боломж байдгийг иргэдэд бодит жишээгээр тайлбарлав. Уг нь үнэт цаасны арилжаанд оролцох нь банкинд хадгаламжаа хадгалуулахтай ижил энгийн санхүүгийн үйлчилгээ билээ.
Гэхдээ хадгаламжийн хүүгээс илүү орлого олох боломж бий гэсэн түүний илтгэл иргэдийн сонирхлыг ихээхэн татлаа. Ийнхүү орлого, ашгаа нэмэгдүүлэх, сум орон нутгаа хөгжүүлэх, цаашлаад улс орны эдийн засгийг тогтвортой хөгжүүлэх олон боломж санхүүгийн үйлчилгээний хүртээмж нэмэгдсэнээр бий болно гэдгийг таниулсан арга хэмжээгээр Улиастай хот хоёр өдрийн турш амьсгаллаа.