“Зэвсгээ” ашигласангүй
Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, нийт 30-аад асуудлаас 20 гаруйг шийдээд явж байлаа УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагватай цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлгээс “Оюутолгой” компанийн зөрчлийг хүлээн зөвшөөрч болохгүй. Дубайд зурагдсан санхүүжилтийн төлөвлөгөө нь өмнөх Засгийн газрын үед хийсэн ажлыг баллуурдлаа гэсэн агуулгаар Засгийн газарт хандан шаардлага тавиад 10 хонолоо. Ямар зөрчлүүдийг илрүүлж байсан юм бэ?
Шадар сайд, Сангийн сайд, Уул уурхайн сайдын хамтарсан тушаалаар 2013 оны гуравдугаар сарын 25-нд Оюутолгой төслийн санхүүд баримтын шалгалт хийх ажлын хэсэг байгуулагдсан юм.
Энэ ажлын хэсэгт Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Уул уурхайн яам, Сангийн яам, Эрдэнэс Оюу толгой компани гээд 24 мэргэжлийн хүмүүс орж ажиллаж 2014 оны тавдугаар сарын 5-ны өдөр дүгнэлтээ гарган Засгийн газарт танилцуулсан байдаг.
Тодруулж хэлбэл, 2010-2012 онуудын санхүүгийн тайланд судалгаа, дүн шинжилгээ хийж, баримтын шалгалт оруулахад 1.8 тэрбум ам.долларын санхүүгийн зөрчил илэрсэн юм. Үүнийг нэг бүрчлэн задалж яривал олон ноцтой асуудлууд бий.
Чукагийн маань бие сайжирч байгаа, тун удахгүй ирнэ. Ойр ойрхон ар гэрийнхэнтэй нь холбогдож байгаа. Манай Чука бол чадалтай эдийн засгийн засагч, мундаг банкир хүн. Энэ хүний туршлага, чадварыг Монголын төр ашиглах ёстой.
-Зөрчлийг дотор нь задалбал?
-Нэгдүгээрт, 2009 оноос өмнөх хайгуулын ажилд зарцуулсан мөнгийг хөрөнгө оруулалтад оруулан тооцсон нь нотлогдсон. Оюутолгойн гэрээг үзэглэхээс өмнө хөрөнгө оруулагч тал 1 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлагнасан байдаг. Гэвч Сангийн яам, Татварын Ерөнхий Газрын ажлын хэсэг хянаад 300-аад сая ам. долларыг хөрөнгө оруулалтад тооцох боломжгүй гэж үзсэн. Оюутолгойн гэрээг байгуулахдаа өмнө нь гаргасан зардлуудыг оруулахгүй гэж тохиролцон албан ёсоор баталгаажуулсан байдаг.
Гэтэл хөрөнгө оруулагч үүнийг зөрчиж, монголчуудыг тэнэг гэж басамжилж байгаа аятай 2004, 2005 онуудад хийсэн хайгуулын зардал болох 100 сая ам.долларыг оруулсан байх жишээний. Үүнийг шархаа нөхөж, гэрээ хүчин төгөлдөр болохоос өмнө гаргасан зардлыг хуваалцаж үүрэх гэсэн үйлдэл гэж харж байгаа. Яаж ч бодсон хөрөнгө оруулалтын гэрээ байгуулагдахаас өмнөх хайгуулын зардлын эрсдэлийг бид үүрэх албагүй. Тийм үүрэг ч гэрээгээр хүлээгүй.
-Хоёрдугаарт, нэг компаниар дамжуулан ихэнх ажил, үйлчилгээг явуулсан нь анхаарал татаж байгаа юм. Оюутолгой компанийн хөрөнгө оруулалт, худалдан авалт, үйл ажиллагааны зардлын 45 хувийг зөвхөн “Флуор” гэх Хятадын компаниар анхан шатны баримтгүйгээр гүйцэтгүүлсэн нь илэрсэн. Энэ нь Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 8.3 дахь заалтыг ноцтой зөрчсөн.
-Гуравдугаарт, Жиангсу Жианду компанид Оюутолгой төслийн барилга угсралтын ажлыг хийлгээд хөлсийг өгөхдөө 52,6 сая доллар илүү шилжүүлсэн байдаг. Мөн хөрөнгө оруулалтын хоёрдугаар шатны зардлаар бүртгэсэн нийт 435,3 сая ам.доллар хууль зөрчсөн төдийгүй баримтаар нотлогдоогүй.
-Дөрөвдүгээрт, 121,5 сая ам.долларын өртөг бүхий тоног төхөөрөмжийг “РиоТинто” компани “Туркойз хилл ресурс” компаниас худалдаж аваад буцаагаад “Оюутолгой” ХХК-д 195,4 сая ам.доллараар тооцон худалдсан дүнгээр өрийн бичиг гаргасан байна. Анх худалдан авсан үнэ дээр 73,8 сая ам.доллар нэмж зарахдаа менежментийн төлбөрт 2,4 сая, хүүд 14,2 сая, хуулийн төлбөрт 0,3 сая ам.долларыг барагдуулсан байгаа юм.
-Тавдугаарт, Оюутолгой төсөлд шууд хамааралгүй маш олон зардлуудыг хөрөнгө оруулалтаар бүртгэсэн байна. “Оюутолгой” ХХК-ийн биш гадаад ажилчдын болон “Флуор” компанийн ажилчдын Хятадад төлсөн орон сууцны түрээс, эмнэлгийн үйлчилгээний хөлсийг хүртэл төлсөн байсан.
Роберт Фрийдландын хувийн орон сууцны түрээс, Маурин Сюгийн орон сууцны санхүүжилт, хүүхдийн нь сургалтын төлбөр, аялал зугаалга, нислэгийн тийз, Хятадын татвар, бусдад өгсөн хандив, бэлэг, Шанхайн оффист гарсан Стийв Гарсиагийн зардлууд зэрэгт 214,4 сая ам.долларыг Нягтлан бодох бүртгэлийн олон улсын стандартыг зөрчиж Оюутолгой төслийн хөрөнгө оруулалтын шууд зардлаар бүртгэсэн байдаг.
-Зургадугаарт, “Мэйжор дриллинг” ХХК-д зөвхөн сул зогсолтын төлбөрт 5,2 тэрбум төгрөг төлсөн, хууль зөрчсөн, тайлагнаагүй, хуурамч тайлан гаргасан 84,7 сая долларыг хөрөнгө оруулалтын зардалд бүртгэсэн байсан нь баримтаар тогтоогдсон.
-Долдугаарт, Монгол Улсад огт хийгдээгүй, гадаадад хийгдсэн хөрөнгө оруулалтыг хүртэл манай талын төлөх зээлд оруулаад бичсэн байсан. Оюутолгой компани 2010-2012 онуудад 1 тэрбум, 126 сая амдолларын үнэ бүхий үйлчилгээг гадаадаас авч.
Монголын талтай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа манай улсын хуулиудыг илтэд зөрчин зардлаа дураараа өсгөж байгааг юу ч болоогүй юм шиг хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй. Бидний жил гаруй хугацаанд хийсэн ажлыг, мэргэжлийн хүмүүсийн анхны шатны баримтыг нэг бүрчлэн тулгасан нүсэр хөдөлмөрийг Дубайд очиж төлөвлөгөөг батлаад үгүйсгэчихлээ.
-Гадаадад хийсэн хөрөнгө оруулалтыг Монголын талын төлөх зээлд оруулж бичсэн гэв үү, андуураагүй биз?
Андуураагүй. Хөрөнгө оруулалтын тухай хуульд “Монгол Улсын нутаг дэвсгэрт байгуулсан, бий болсон бүтээн байгуулалтыг хөрөнгө оруулалт гэж үзнэ” гэсэн заалт бий. Гэтэл гадаадад барьчихсан барилгаа, Бээжинд зөвшөөрөлгүй төлөөлөгчийн газар байгуулж 30 сая ам.доллар зарлагадснаа ч хөрөнгө оруулалтад оруулсан байна лээ.
Түүнээс гадна Оюутолгойд бараа материалыг хэт өндөр үнээр шахдаг. Хятадаас нэг тонн цементийг 50 ам.доллараар авдаг байхад Оюутолгойд 110 ам.доллараар нийлүүлсэн нь тогтоогдсон. Хоёр дахин нугарсан үнээр зарсан гэсэн үг л дээ.
-Тэгэхээр Оюутолгой төсөлд өнгөрсөн хугацаанд хэдий хэмжээний хөрөнгө зарцуулсан болж таараад байна вэ?
Энэ бүх хугацаанд Оюутолгой төсөлд нийтдээ 7.9 тэрбум ам.долларын зардал гаргасан гэж тайлагнасан. Үүнээс Монгол Улсын нутаг, дэвсгэр дээр орж ирж, бүртгэгдэж, баталгаажсан байшин барилга, машин, техник бодитой хөрөнгө оруулалтад 1.1 тэрбум ам.доллар буюу нийт зардлын 14 хувийг л зарцуулжээ. Үлдэж байгаа 6.8 тэрбум ам.доллар нь цалин, хангамж, үйлчилгээний төлбөр зэрэгт зориулсан байна.
Зардлыг нарийн ялгаж салгахгүй, хаа хамаагүй зүйлийг ч хамаад хөрөнгө оруулалтад оруулаад байвал монголчуудын өр талийж цаашдаа дааш давшгүй ачаа үүрэх магадлалтай. Хөрөнгө оруулалтын зардал өсөх тусам ногдол ашиг хүртэх хугацаа холдсоор байна. Дээр дурдсанчилан бүхий л зардлыг хөрөнгө оруулалт гэж бичиж байна. Монголчууд үүний 34 хувийг нь өндөр хүүтэйгээр буцааж төлөх юм шүү дээ.
130 сая ам.долларын татварын акт тогтоосноо 30 сая ам.доллар л болгож бууруулсан, манай татварын байцаагч нар буруу тооцоолол хийсэн, хэлний мэдлэг дутмаг нь нөлөөлсөн гэж бид өөрсдийгөө дутуу үнэлж, гадаадынханд таагүйгээр ойлгуулах юм. Үнэндээ манайхан татварын байцаагч нар чадварлаг, мэргэшсэн.
-Хэдэн хувийн хүү тооцдог юм бол?
Хөнгөлөлттэй нөхцөлтэй биш арилжааны зээлээр санхүүжүүлж байгаа. 2010 онд жилийн 9,9 хувийн хүү дээр АНУ-ын хэрэглээний үнийн индексийг тооцсон. 2011 оноос 6,5 хувийн хүү дээр LIBOR хүүг нэмж тооцож яваа юм билээ.
Хүүг нь нийлмэл хүүгийн аргаар тооцож авдаг учир мөнгийг хүүлэх шиг болж байна. Дэлхий дахинд нийлмэл хүүгийн аргачлалыг санхүүгийн луйврын схем гэдэг юм билээ.
-Нийлмэл хүүгийн хүү гэж яадаг арга вэ?
Хүүг улирал тутам бодно. Улирал дуусангуут үндсэн зээл, хүү нийлээд дараа улирлын үндсэн төлбөр болж хувирна. Ингэж хүүгийн хүүгээс хүү бодохыг хэлж байгаа юм. Жишээ татахад, 100 сая төгрөгийн жилийн 10 хувийн хүүтэй зээл гэж бодоё.
Тэгвэл жилийн эцэст 110 сая төгрөг болно оо доо. Гэтэл нийлмэл хүүгээр бодохоор эхний улиралд 10 хувь гэхээр 110 сая, 2-р улиралд 110 саяаас дахиад хүү бодоод явна гэсэн үг. Тэгэхээр жирийн хүү, нийлмэл хүүгийн аргачлал газар, тэнгэр шиг зөрүүтэй.
-Ийм луйврыг та бүхэн Засгийн газарт сайд байхдаа яагаад дэлгээгүй юм бэ. Ажлын хэсэг дүгнэлтээ хэнд тайлагнасан байдаг юм?
Ажлын хэсэг дүгнэлтээ гаргаад Засгийн газрын хуралдаанд оруулж, ийм ийм зөрчил илэрлээ, үүнийг засах, сайжруулах ёстой гэдгийг ярилцсан. Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг “Энэ арай хэтэрсэн юм болж, хөрөнгө оруулагч нартай ярих ёстой” гээд тодорхой даалгавруудыг ч өгч байсан.
Тухайн үеийн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь одоогийн Ерөнхий сайд Ч.Сайханбилэг байсан, энэ бүгдийг мэдэж л байсан. Гэтэл айлчлал хийх үеэр Дубайд Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг батлуулснаар дээр дурдсан бүх зөрчлийг баллуурдчихаж байгаа юм. Тиймээс Шударга ёс эвслийн бүлгээс энэ алдаагаа 14 хоногийн хуацаанд засч залруулах шаардлага тавьсан.
Уг нь бидний илрүүлсэн бэлээхэн “зэвсэгээ” ашиглаж, харилцан ашигтай буулт хийсэнгүй. Дубайн гэрээг сайн нягталж үзээрэй. Хөрөнгө оруулагч талд бүхий л таатай боломж олгосон атлаа монголын талд “шавхруу” өгч хуурч байгаагаас ялгаагүй.
-Та бүхэн сайд байхдаа энэ зөрчлийг арилгуулахын тулд яг юу хийсэн юм бэ?
Хөрөнгө оруулагч талтай хэлэлцээрийн ширээний ард сууж, нийт 30-аад асуудлаас 20 гаруйг шийдээд явж байлаа. Харин цөөн хэдэн зүйл дээр ойлголцож чадаагүй. 1.8 тэрбум ам.долларын зөрчлийг үгүйсгээд, та нар ямарч хамааралгүй зардлаа ч хөрөнгө оруулалтад оруулаад яв гэж хүлээн зөвшөөрч буулт хийх боломжгүй.
Тиймээс тодорхой хэсгийг нь ч гэсэн хөрөнгө оруулалтын зардлаас хасах ёстой гэж шаардлага бид тавьсаар байлаа. Энэ нөхдүүд бууж өгөхгүй нь гэдгийг ойлгосон ч байх. Тэгээд л Засгийн газрыг огцруулах ажиллагаа хүчтэй өрнөж эхэлсэн үйл явцын огтолцол ч давхцдаг.
-Шударга ёс бүлгээс тавьсан шаардлагатай холбогдуулж, Засгийн газраас та бүхэнтэй уулзаж санал солилцсон уу?
Одоогоор Ерөнхий сайд ч , танхимын гишүүдээс хэн нь ч бидэнтэй уулзаагүй.
-Санхүүгийн зөрчилтэй холбоотой тоон дээр алдчихаагүй биз. Татварынхан буруу тооцоо хийснээс 100 тэрбум төгрөгөөр яригдаж байсан татварын зөрчил 30, 40 тэрбум төгрөг болж буух тохиолдол бий шүү дээ?
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд мэргэжлийн хүмүүс орж ажилласан. Мэргэшсэн ажилтнуудынхаа гаргасан дүгнэлт, тавьсан актанд итгэхгүй юм бол өөр юунд, хэнд итгэх юм бэ? Санхүүгийн баримтаа үзээд, ямар хөрөнгийг юунд зарцуулсан, баримт нь хаана байна гээд нарийн тулгалт хийж бүртгэсэн учраас шалгалтын дүнд эргэлзэх хэрэггүй ээ. Санаанаасаа зохиосон зүйл биш.
130 сая ам.долларын татварын акт тогтоосноо 30 сая ам.доллар л болгож бууруулсан, манай татварын байцаагч нар буруу тооцоолол хийсэн, хэлний мэдлэг дутмаг нь нөлөөлсөн гэж бид өөрсдийгөө дутуу үнэлж, гадаадынханд таагүйгээр ойлгуулах юм. Үнэндээ манайхан татварын байцаагч нар чадварлаг, мэргэшсэн. Яагаад 30 сая ам.доллар болгож бууруулсныг хүмүүст зөв тайлбарлах хэрэгтэй шүү дээ.
Алдаа гаргачихаад за яахав больё оо 30-саяыг л төлчих гэсэн юм биш ээ. Оюутолгой компани оффшор бүсэд байгаа түншүүдээсээ ажил үйлчилгээ худалдаж авлаа гээд 1 тэрбум 126.3 сая ам.долларыг шилжүүлсэн байдаг. Хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Монгол Улсын хөрөнгө оруулалтын тухай хуулийн 3.1 –д заасны дагуу гадаадаас үйлчилгээ авсан ч татвар авах ёстой.
Манай татварын байцаагч нар 130 сая ам.доллар татвар төл гэсэн акт тавьсан. Нэгэнт л Монгол Улсад үйл ажиллагаа явуулж байгаа бол манай хууль, дүрэм, журмыг мөрдөх учиртай. Гадаадын хөрөнгө оруулалттай том төсөл хэрэгжүүлж байна, гадаадаас үйлчилгээ авлаа, татвар төлөхгүй гээд бултах ёсгүй.
Татварыг төлнө, төлөхгүй гээд маргаан гаргахад зөвлөлөөр хэлэлцээд 30 сая. ам.долларыг эхний ээлжинд яаралтай төл, үлдсэн 100 сая ам.долларыг нь баримтаа гаргаж ирж баталж чадахгүй бол төлнө шүү гээд хугацаа өгч хойшлуулсан юм билээ. Гэтэл Дубайд төлөвлөгөө нэртэй гэрээ байгуулаад, зөвхөн л 30-ыг төлчих, үлдснийг нь хэрэгсэхгүй болгоё гээд 100 сая ам.долларын татварыг нэхэх, авах боломжгүй болгочихлоо.
-Бүлгээс Дубайн төлөвлөгөөтэй холбоотойгоор ажлын хэсэг байгуулсан гэсэн. Түүнд та бас багтсан уу?
Улстөрчдийг оролцуулаагүй зөвхөн мэргэжлийн хүмүүсээр бүрдсэн ажлын хэсэг байгуулсан. Эрдэмтэн, санхүүч, хуульч, уулын эдийн засагч, уул уурхайн салбарын мэргэжилтнүүд ажиллаж байна.
Тэд өмнөх Засгийн газрын үед хийсэн санхүүгийн шалгалтын дүн, саяхан Дубайд байгуулсан далд уурхайн бүтээн байгуулалтын санхүүжилтийн төлөвлөгөөнд дүн шинжилгээ хийж, дүгнэлт гарган, засч сайжруулах чиглэлээр зөвлөмж гаргах болов уу гэж бодож байна.
-Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг баталснаас хойш долларын ханш тогтмол буурч байна. Энэ тодорхой үр дүн мөн биз. Өмнөх Засгийн газрын үед долларын ханш өсөөд л байсан?
Долларын ханш буурч байгаа. Гадаадын хөрөнгө оруулалт буурлаа, эдийн засаг нь болохоо байлаа, Оюу толгойг л “хөдөлгөхгүй” бол баларлаа гэсэн мессежийг хүчтэй тараасан л даа. Санасандаа ч хүрлээ. Өрнөж байгаа үйл явцаас харахад зохион байгуулалттайгаар аргагүй байдалд оруулж шалд нь буулгаж байгаад бодлогоо хэрэгжүүлдэг “технологи” манайд ч үйлчлээд байна уу гэж эмзэглэх юм.
Ядуу буурай орнуудад үндэстэн дамнасан компаниуд яаж баялгийг гартаа оруулж, улстөрчдийг нь хэрхэн уургалж, хүссэн шийдвэрээ гаргуулж, төлөвлөснөө гүйцэлдүүлдгийг харуулсан түүх олон бий. Тиймээс л эдийн засгийн алуурчид гэсэн нэр томъёо гарах болсон байх.
Дотоодын олигархи улстөрчид, бизнесийн бүлэглэлтэй ганзага нийлдэг гэдэг. Улс оронд эдийн засгийн хямрал бий болгодог, даамжруулан улстөрийн хямрал руу түлхдэг, эсвэл дайн дажин дэгдээдэг гэх. Тэгээд хооронд нь сөргөлдүүлэнгүүт тэдний оролцоотой, оролцоогүй гал авалцаж хямралын туйлд хүрдэг нь нууц биш болж... Миний хувьд манайд ийм “технологи” хэрэгжсэн гэж боддог. Монгол эдийн засгийг санаатай хямруулсан шүү дээ.
Ер нь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Оюутолгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөөг байгуулуулчихаад тийм ч их аз жаргалтай, сэтгэл амар амгалан байгаагүй байх. Эдийн засгийн хямрал гүнзгийрч, цалин, тэтгэврээ тавьж чадахгүй хэмжээнд хүрсэн учраас ашиггүй ийм сонголт хийсэн болов уу.
Гэхдээ эдийн засгийн байдал амаргүй гээд ингэж улс орныхоо эрх ашигт хор хохиролтойтойгоор шийдэж болохгүй. Засгийн газрын хуралдаан, УИХ-ын байнгын хороогоор хаалттай хэлэлцээд, 30-хан сая ам.доллар биш 1 тэрбум ам.долларыг төлүүлэхээр, Монголын талд ашигтайгаар шийдвэрлүүлсэн бол “Чадлаа шүү” гээд талархах байлаа.
Харамсалтай нь, хөрөнгө оруулагчдын, олигархиудын аманд нь багтчихлаа. Хөрөнгө оруулагчийн тулгалтад бууж өгөөд л , хуулиа зөрчөөд байвал тэд ч гэсэн энэ улсыг хуурч болдог юм байна, дарамталж болдог юм байна, Засгийн газрыг нь огцруулж болдог юм байна, шийдвэр гаргахад нөлөөлж болдог юм байна гэдэг ойлголттой болчихно. Энэ нь яван чангарсаар улам л хараат болгоно шүү дээ.
-Шийдлийн Засгийн газар байгуулагдсанаас хойш зургаан сар боллоо. Шинэчлэлийн Засгийн газраас илүү ажиллаж чадаж байна уу?
Шийдлийн Засгийн газар байгуулагдаад долоон сар болж байна. Алсыг харсан, дорвитой шийдлүүдийг гаргаж чадахгүй байна. Харин санаатайгаар бий болгосон хямралаар далимдуулж Оюутолгой, Тавантолгой, Гацууртын ордыг л шийдүүлчихье гэсэн хандлагатай байгаа нь ажиглагддаг.
-“Шударга ёс” эвсэл сөрөг хүчин болж болдоггүй юм уу. Ер нь МАН Засгийн газарт орох нь тодорхой болсон үед “Шударга ёс” эвсэл сөрөг хүчин болж хамтрахгүй байж болоогүй юм уу?
Шинэчлэлийн Засгийн газар огцорсны дараа би “Засгийн газарт орох шаардлагагүй” гэсэн байр суурьтай байгаагаа намынхаа хурал дээр удаа дараа илэрхийлж байсан. Ардчиллын зарчмаар олонхийн шийдвэрээр асуудлыг шийддэг учир цөөнх болсон л доо.
Чука маань удахгүй ирнэ
-Та саяхан Япон, БНСУ-ыг зориод ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайдын эдийн засгийн зөвлөх О.Чулуунбаттай авахуулсан зураг тань сошиал ертөнцөд тарснаар нэг талдаа андын чанараа таниуллаа гэж байгаа ч нөгөө талдаа Л.Тэрбишдагва гишүүн ямар шоучин юм бэ. Зургаа твиттер хуудсаараа жиргэх хэрэг байсан юм уу гэж таны үйлдлийг буруутгах хэсэг байна. О.Чулуунбат зөвлөхийн бие ямар байгаа бол. Та холбогдож байгаа юу?
Чукагийн маань бие сайжирч байгаа, тун удахгүй ирнэ. Ойр ойрхон ар гэрийнхэнтэй нь холбогдож байгаа. Манай Чука бол чадалтай эдийн засгийн засагч, мундаг банкир хүн. Энэ хүний туршлага, чадварыг Монголын төр ашиглах ёстой. Монголын эдийн засгийн байдал дордож, Монголбанкны явуулж байгаа оновчгүй бодлогын уршиг гээд хэлж ярьж, сануулж, анхааруулж байсан зүйл нь өнөөдөр биеллээ л олж байна.
Андыгаа эргэж очоод хамтдаа авахуулсан зургаа цахим хуудсандаа тавьсны төлөө хүмүүс ямар муухай зүхдэг, муулдаг юм бэ. Тэр сэтгэгдлийг уншаад Монголын нийгэм харгис болж байна гэсэн эмзэглэл өөрийн эрхгүй төрсөн. Монгол хүний өрөвч нинжин сэтгэл, гүдэсхэн ухаан, нэг нэгнээ хүндэлдэг сайхан уламжлал хааччихав аа л гэж бодогдсон.
Гэхдээ бүгд тийм биш ээ. Тэр зураг цахим хуудаст тавигдсанаас хойш олон зуун хүн над руу утасдаж “Чука руугаа утсаар яръя, захиа бичье, яаж харилцах вэ, мэдээлэл хүргэсэн танд баярлалаа” гэж хэлж байсан. Намайг шоудлаа гээд янз бүрээр баалж болно. Түүнд би эмзэглэхгүй, тоох ч үгүй. Харин өвчнөө ялан дийлэхийн төлөө сэтгэлийн хат гаргаж байгаа найзыг минь бүү дайр, доромжил.
-О.Чулуунбат зөвлөх зургаа авахуулж фэйсбүүкт тавихыг зөвшөөрсөн юм уу?
Асуулгүй яахав. Зургийн тухайд гэвэл Чукагийн танил нь эхлээд facebook-дээ тавьсан юм билээ.
-Токиогоос БНСУ руу нисч Н.Энхбаяр даргатайгаа бас уулзсан гэсэн. Нууц биш бол ямар асуудал ярилцсан бэ?
Токиод очиж О.Чулуунбатыгаа эргэчихээд Н.Энхбаяр даргатай уулзахаар Сөүлийг зорьсон. Амралтын өдрүүдэд яваад ирсэн. Н.Энхбаяр даргатай сүүлийн зургаан сарын турш утсаар ч яриагүй учраас очиж уулзан санал солилцох олон асуудал хуримтлагдсан байсан.
Улстөр, нийгэм, эдийн засгийн байдал, өөрийнх нь эрүүл мэндтэй холбоотой асуудал гээд ярилцах зүйл бишгүй л байлаа. Улстөрийн нөхцөл байдал, ахуй амьдрал гээд яриагүй сэдэв байхгүй дээ. Их ч удаан, халуун дулаан уур амьсгалтай уулзалт болсон. Тэр хүн ой санамж сайтай, мэдлэгтэй хүн дээ. Сая уулзахад, Монгол Улсын хөгжлийн концепци ийм байвал, 3 сая хүнтэй улсыг хөгжүүлж болох юм, мөн ч их боломж байна гээд олон сайхан гарц, гаргалааны талаар ярьсан.
-Бие нь дажгүй байна уу. Монголдоо ирэх сонирхол байна уу. Эмчилгээ нь дуусаагүй учраас гадаадад байх шаардлагатай л гэдэг?
Биеийн байдал нь гайгүй байгаа ч эмчилгээгээ үргэлжлүүлж байгаа юм билээ. Монголдоо ирэх маш их сонирхолтой. Гэвч түүнийг эх орондоо ирэхээс эмээдэг, ирүүлэхгүй байх сонирхолтой нөхдүүд байна. Уг нь зуны дэлгэр цагт хүний нутагт байж байхаар Монголдоо ирээд сайхан байгаль дунд амарч, айраг, тараг, сүүгээ ууж, олон түмэнтэй хөөрөлдөж явбал эрүүл мэндэд илүү сайнаар нөлөөлөх байх гэж бодсон.
Зургаа орчим цаг ярихад сүүлдээ ядрангуй болж, толгой нь өвдөж байна лээ. Өөрөө их тэсвэртэй хүн учраас “Толгой өвдөж байна” гэсэн хэрнээ л ярилцаад тас тас хөхрөөд үргэлжлүүлээд л байсан. Эмчилгээ бол хийлгэх зайлшгүй шаардлагатай ч, эмчилгээг илүү үр дүнтэй болгох зүйл нь нутгийнх нь агаар.
-Ирж болохгүй байгаа шалтгаан нь юу юм бол?
Өвөл ирэхэд яалаа даа. Шалгаж, цагдаж хорино гээд л. Тайван байлгаагүй шүү дээ. Тэр хүнийг харахаар Монголын төр зүтгэсэн хүндээ хатуу гэсэн үг санаанд эрхгүй бодогддог.