УИХ-ын дарга З.Энхболд: Үйлдвэрлэлд улсаас дэмжлэг үзүүлнэ
Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд /2015.07.04/ асфальт замын гол түүхий эд болох битум үйлдвэрлэдэг “Монгол битум индустрал” ХХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа.
Монгол Улс авто замын барилгын чухал материалын нэг болох асфальт бетон, түүнийг бүрдүүлж буй битумыг 100 хувь ОХУ-аас импортоор авдаг. 2014 онд 52.5 мянган тонн битумыг 43 сая ам.доллар буюу 78.1 тэрбум төгрөгөөр импортлон авсан байна. Харин энэ оны эхний 5 сарын байдлаар 7800 тонн битум худалдан авчээ.
Нефтийн салбарын монгол эрдэмтэн, мэргэжилтнүүд хамтран судалгаа хийсний үндсэн дээр “Mонгол битум индустрал” ХХК битумын үйлдвэр байгуулсан юм байна. Энэхүү үйлдвэр нь сардаа 3000 тонн, жилд 30.000 тонн битум үйлдвэрлэх хүчин чадалтай. Ойрын хугацаанд дотоодын битумын тодорхой хувийн хэрэгцээг хангах, цаашдаа 100 хувьд хүргэх зорилгоор дэвшилтэт технологи бүхий ОХУ-ын стандартыг бүрэн хангасан цогц үйлдвэр аж.
Битум нь төмөр агуулаагүй чөлөөт нүүрстөрөгчийн хүнд хольцуудаас бүрдсэн хатуу буюу зөөлөн сунамтгай (термопластик материал) төлөвийг агуулсан хар хүрэн буюу гялтгар хар өнгөтэй давирхайт бүтээгдэхүүн юм. Ус чийг нэвчүүлдэггүй учраас авто замын бүтээн байгуулалтад өргөнөөр ашигладаг байна. Мөн халаахад урсамтгай төлөвт ордог тул барилгын материалуудыг хооронд нь нааж барьцалдуулах, ус чийг болон бусад шингэнээс хамгаалж бүрэх, түрхэх зэргээр барилгын ажилд ашигладаг байна.
“Монгол битум индустрал” ХХК-ийн битумыг нийслэлийн төв замын бүтээн байгуулалтад ашиглажээ 2015.06.20“
Монгол битум индустрал” компанийн битум нь импортын бүтээгдэхүүнээс 10 орчим хувиар хямд өртөгтэй бөгөөд Энхтайвны өргөн чөлөөний зам болон авто худалдааны төвийн зогсоолын талбайн авто замын бүтээн байгуулалтад ашиглаж байгаа талаар тус компанийн ТУЗ-ийн гишүүн, зөвлөх инженер Ө.Хүрлээ УИХ-ын даргад танилцуулав.
Энэхүү үйлдвэр ашиглалтад орсноор импортыг орлох бүтээгдэхүүн үйлдвэрлэх, мөнгөний урсгалыг дотооддоо барих, шинээр баригдаж байгаа авто замын байгууламжийн эдийн засгийн үр өгөөжийг нэмэгдүүлэх ач холбогдолтой юм байна.
Нефтийн үлдэгдлийг хаягдалгүй боловсруулах, эдийн засгийн үр ашигтайгаар зах зээлд өрсөлдөхүйц бүтээгдэхүүн боловсруулах битумын үйлдвэрийг өргөжүүлэхэд 1 сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа талаар “Монгол битум индустрал” үйлдвэрийн гүйцэтгэх захирал Д.Эрдэнэбаяр хэлж байв. Тоног төхөөрөмж, барилгын материалд 470 мянган ам.доллар, машин механизм, тээвэр, татвар, үйлдвэр эхлүүлэхэд гарах эргэлтийн хөрөнгөд 530 мянган ам.доллар шаардлагатай байгаа аж.
УИХ-ын дарга З.Энхболд тус үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ “Импортыг орлох, экспортыг дэмжих үйлдвэрүүдийг дэмжих бодлогыг сүүлийн гурван жил бодит ажил болгосон. Наадмын өмнө УИХ-аар Үйлдвэрлэлийг дэмжих тухай хуулийн төслийг хэлэлцэнэ. Үүнтэй холбоотойгоор тендерийн болон дагалдах олон хуульд өөрчлөлт орно. Тэр хуулиар Үйлдвэрлэлийг дэмжих сан байгуулаад, сангаар дамжуулан үйлдвэрлэгчид 2 дахин бага хүүтэй зээлийн санхүүжилт авах боломж бүрдэнэ.
Төрөөс үйлдвэрлэлийг ингэж дэмжих юм. Одоог хүртэл явж ирсэн дэмжлэгүүд байгаа оносон эсэх, цаашид юун дээр анхаарах ёстойг судалж байна. Өмнө нь битумыг 100 хувь гаднаас авдаг байсан бол одоо дотоодын хоёр компани битум үйлдвэрлэж байна. Монголын нөхцөлд таарсан бүтээгдэхүүн гарч байгаа нь хэмнэлт хийх, эдэлгээ уртсах зэрэг олон давуу талтай” хэмээн хэллээ.
УИХ-ын даргыг “Монгол битум индустрал” компанийн үйл ажиллагаатай танилцах үеэр УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг болон албаны бусад хүмүүс дагалдан ажиллалаа хэмээн Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.