Төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн тухай хуулийн төслүүдийг соёрхон батлахыг дэмжив
Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо
2015.07.08

Төслийн санхүүжилтийн хэлэлцээрийн тухай хуулийн төслүүдийг соёрхон батлахыг дэмжив

Улсын Их Хурлын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо өнөөдөр /2015.07.07/ үдээс хойш хуралдаж, эхлээд Тагнуулын байгууллагын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай болон холбогдох бусад хуулийн төслүүдийн анхны хэлэлцүүлгийг хаалттай горимоор хийсэн юм.

Дараа нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацийн хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Боловсролын чанарын шинэчлэл төслийн санхүүжилтийн хэлэлцээр"; “Цахим эрүүл мэнд төслийн санхүүжилтийн хэлэлцээр"; “Ухаалаг засаг төслийн санхүүжилтийн хэлэлцээр"-ийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэв. Эдгээр санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслүүдийн танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат хийсэн юм.

“Боловсролын чанарын шинэчлэл” төсөл нь сурагчдын эх хэлний болон математикийн сургалтын чанар, үр дүнг сайжруулж, сургуулийн түвшин дэх төлөвлөлтийг бэхжүүлэх замаар Монгол Улсын бага боловсролын чанарыг сайжруулахад чиглэж байгаа аж. Нийтдээ 30 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжих энэ төслийн хүрээнд бага боловсролын сургалтын үр нөлөөг сайжруулахад 14.9 сая, багш бэлтгэх, багшийн мэргэжлийг дээшлүүлэх хөтөлбөрт 3.3 сая, сургуулийн санхүүжилтийн хөтөлбөрт 6.6 сая, системийн удирдлага, мониторинг үнэлгээнд 5.7 сая ам.доллар зарцуулахаар төлөвлөжээ.

Харин “Цахим эрүүл мэнд” төсөл нь эрүүл мэндийн салбарын шинэчлэлийн хүрээнд иргэн төвтэй, өндөр чанартай эрүүл мэндийн тусламж, үйлчилгээг нэвтрүүлэхэд эрүүл мэндийн мэдээллийн нэгдсэн системүүд болон цахим-эрүүл мэндийн шийдлүүдийн таатай орчныг бүрдүүлэх зорилготой. Уг төсөл нь нийт 19,5 сая ам.долларын өртөгтэй үндсэн 4 үндсэн хэсгээс бүрдэх юм байна.Тэгвэл “Ухаалаг засаг” төсөл нь Монгол Улсын "Ухаалаг засаг" санаачлагыг дэмжих, мэдээлэл, харилцаа холбооны технологийг ашиглан төрийн үйлчилгээний хүртээмж, ил тод байдал болон үр ашгийг сайжруулахад чиглэжээ.

Уг төсөл нь иргэдийн оролцоог дэмжих механизмыг бүрдүүлэх; ухаалаг засгийн суурийг бэхжүүлэх; нээлттэй дата бий болгох; төслийн удирдлага, зохион байгуулалт 4 үндсэн бүрдэл хэсэгтэй юм. Энэхүү төсөл нь Дэлхийн банкны Олон улсын хөгжлийн ассоциацаас олгох 19.4 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлээр санхүүжих юм байна. Харин Монгол Улсын Засгийн газар нь түрээс, ажилчдын зардлыг санхүүжүүлэх зориулалтаар 0.6 сая ам.долларыг хариуцаж, төслийн хэрэгжилтийн явцад дэмжлэг үзүүлж ажиллах аж.

Ингээд эдгээр санхүүжилтийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг соёрхон батлах нь зүйтэй гэсэн саналын томьёолоор санал хураалт явуулахад байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн 84.6-92.3 хувь нь дэмжлээ.

Мөн байнгын хорооны энэ өдрийн хуралдаанаар Монгол Улсын Засгийн газар, Америкийн Нэгдсэн Улсын Мянганы сорилтын корпорацын хооронд байгуулсан “Мянганы сорилтын компакт гэрээг боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээр”; Монгол Улс, Азийн хөгжлийн банк хоорондын “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төслийн эээлийн хэлэлцээр”;Монгол Улсын Засгийн газар, Азийн хөгжлийн банк хооронд байгуулсан “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийн хэлэлцээр соёрхон батлах тухай хуулийн төслүүдийг хэлэлцэж, энэ талаарх хууль санаачлагчийн танилцуулгыг Засгийн газрын гишүүн, Сангийн сайд Ж.Эрдэнэбат хийсэн юм.

Манай улс АНУ-ын Мянганы сорилтын корпорац (МСК)-тай хоёр дахь компакт гэрээ байгуулах боломжтой орноор шалгарсантай холбогдуулан компакт гэрээг боловсруулах ажлыг удирдан зохион байгуулах үүрэг бүхий Үндэсний ажлын албыг Засгийн газрын 2015 оны 174 дүгээр тогтоолоор байгуулжээ. Үндэсний ажлын албаны тогтвортой үйл ажиллагааг хангах, компакт гэрээг боловсруулах ажлыг хэрэгжүүлэх, эдийн засаг, хөрөнгө оруулалтын шаардлагатай судалгаа хийхэд хөрөнгө, санхүүжилт гаргахад МСК-ийн зүгээс 750 мянган ам.долларын буцалтгүй тусламж олгох тухай Хэлэлцээр байгуулахаар тохиролцсон аж.Иймээс уг Компакт гэрээ боловсруулахад дэмжлэг үзүүлэх буцалтгүй тусламжийн тухай хэлэлцээрийн дагуу буцалтгүй тусламжийн хөрөнгөд татвар ногдуулахгүй байх тухай заалт нь Монгол Улсын Олон улсын гэрээний тухай хуульд зааснаар манай улсын хууль тогтоомжоос өөр журам тогтоож байгаа гэж үзсэн тул Улсын Их Хурлаар соёрхон батлуулахаар хуулийн төслийг боловсруулжээ.

“Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллагуудыг орчин үеийн тоног төхөөрөмжөөр хангах,чадамжид суурилсан сургалт, үнэлгээний тогтолцоог бэхжүүлэн нутагшуулах,багш болон удирдах ажилтнуудыг чадавхжуулах тогтолцоог бүрдүүлэх, ерөнхий боловсролын сургуульд мэргэжлийн чиг баримжаа олгох, технологийн гүнзгийрүүлсэн сургалттай, бие даасан ахлах сургууль байгуулж сургалтын хөтөлбөрүүд боловсруулж хэрэгжүүлэх зэрэг ажлууд хийгдэх юм байна. Уг төслийг 2015-2019 оны хооронд 4 жилийн хугацаанд хэрэгжүүлэх агаад төслийн нийт өртөг нь 28.59 сая ам.доллар байх юм байна.

Харин бохир усыг цэвэрлэн байгальд нийлүүлэх, эргүүлж ашиглах нөхцөлийг бүрдүүлэх, байгаль орчны тогтвортой байдлыг хадгалах зорилгоор цэвэрлэх байгууламж болон бохир усыг татан зайлуулах насос станц, ариутгах татуургын системийг шинэчлэх зорилгоор “Дархан хотын бохир усны менежментийг сайжруулах төсөл”-ийг Азийн хөгжлийн банкны 18.5 сая ам.долларын хөнгөлөлттэй болон энгийн эх үүсвэрийн холимог зээлийн хөрөнгөөр санхүүжүүлэхээр төлөвлөөд байгаа юм байна.

Байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүд 84.6-92.9 хувийн саналаар дээрх гурван төслийн хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулиудын төслийг дэмжсэн тул энэ тухай санал, дүгнэлтээ чуулганы нэгдсэн хуралдаанд оруулж хэлэлцүүлэхээр тогтлоо гэж Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.