Байр суурь7 мин унших
Гүтгэх заалтыг Эрүүгийн хуулиас хасч Зөрчлийн хуулинд оруулсан

УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин Эрүүгийн хуулийн ажлын хэсгийн ахлагчаар ажилласан билээ. Тэгвэл өчигдөр уг хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг УИХ-аар хэлэлцсэн юм. Үүнтэй холбогдуулан түүнтэй ярилцсанаа хүргэе.
-Эрүүгийн хуулийн төслийг УИХ-аар хэлэлцлээ. Уг хуулийн төслийн талаар мэдээлэл өгөхгүй юу?
-Монгол Улс 25 хорих байгууллагатай. Үүнээс үзэхэд наймаас 10 мянган хоригдлыг үйлдвэрлэж байдаг махны машин байгүй юу. Энэ Эрүүгийн хуулийн гол зорилго хорих ялыг хавтгайруулан хэрэглэж бүгдийг нь шоронд явуулдаг байдлыг таслан зогсоох юм. Уг хуулинд хорихоос өөр ялыг нэмэгдүүлж байгаа. Түүний нэг нь хуулийн төсөл өргөн баригдах үед гэрийн хорио гэх нэршлээр өргөн баригдсан ч чуулганаар эрх чөлөөг хязгаарлах ял болон хувирсан зүйл анги л даа.
Өмнө нь албадан хөдөлмөрлүүлэх гэдэг гоё үгтэйгээр зорилгоо хэрэгжүүлдэг байсныг нийтэд тустай ажил хийх гэдэг ял болгож хувиргаж байна. Ял эдэлж байгаа хүнийг хөдөлмөрийн аргаар хүмүүжүүлэх гэж байгаа бол үр дүн нь нийтэд тустай байхаас биш хэн нэгний хувийн байшинг барьдаг байж таарахгүй. Энэ мэтчилэн философийнхоо хувьд ялгаатай болж өгсөн.
-Эрүүгийн хуульд ямар шинэтгэл хийгдэж байгаа вэ. Хуулинд хэрхэн тусч байгаа бол?
-Эрүүгийн хуульд томоохон ямар шинэтгэл бий болж байна гэхээр хуулийн этгээдийг эрүүгийн хариуцлагад татдаг, ял оноодог шинэ механизм бий болж байна. Өмнө нь хуулийн этгээдийн ашиг сонирхлын өмнөөс гэмт хэрэг хийчихээр хуулийн этгээд нь биш нягтлан, гүйцэтгэх захирал нь юм уу шийдвэр гаргасан, ажил хариуцаж байсан хэн нэгэн хувь хүн шоронд ордог байсан.
Юун түрүүнд татвараас зайлсхийсэн гэмт хэрэг гэнгүүт нягтлан бодогч, гүйцэтгэх захирлыг нь юун түрүүнд барьж хорьдог байсан бол одоо хуулийн этгээдийг мөрдөн шалгахад тусдаа журам үүсгээд ямар нэгэн хувь хүнийг барьж, хорих тухай ойлголт байхгүй болж байна гэсэн үг. Ингэснээр хавтгайруулан хорьдог систем арилж байна л даа. Мөн хуулийн этгээдийн ялыг хэн нэгэн хувь хүн үүрдэг байдлыг таслан зогсоож байгаа. Энэ нь ял халдан хэрэглэх зарчмыг хэрэглэхгүй байх гэсэн Үндсэн хуулийн зарчмыг бодит утгаар нь бий болгож байгаа юм.
-Гүтгэх гэдэг заалтыг Эрүүгийн хуулиас хасч Зөрчлийн хууль руу оруулсан байна. Энэ талаар мэдээлэл өгөөч?
-Уг хуулийн хамгийн гол зүйл нь мэдээж доромжлох болон гүтгэх гэмт хэргийг алга болгосонд байгаа юм. Үндсэндээ доромжлох, гүтгэх, танхайрах гэсэн гурван төрлийн социалист гэмт хэргийг алга болгож чадлаа. Доромжлох гэдэг бол хувь хүнээс ирсэн гомдол байдаг тул иргэний журмаараа шийднэ. Гүтгэхтэй холбоотой асуудлыг гурав хувааж байна. Ердийн гүтгэх нь Зөрчлийн хуулиараа шийдэгдээд явна.
Судалгаанаас харахад ердийн гүтгэх гэмт хэргийн дийлэнх нь сэтгүүлчид рүү эсвэл хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг хязгаарлах хэрэгсэл болдог юм байна. Тиймээс социалист агуулгатай гүтгэх гэдэг гэмт хэргийг болих ёстой. Харин гэмт хэрэгт холбогдуулж хүнийг гүтгэсэн байх юм бол шүүхэд худал мэдүүлэх гэдгээр өөр гэмт хэргээр явах ёстой. Энэ хүнийг хулгай хийж байхыг харсан, энэ хүнийг хүн алж байхыг харсан гэж худлаа ярьсан бол шүүхийн өмнө худлаа гэдгээ хэл гэдэг зарчим руу явж байгаа.
Сонгуулийн үед сонгуулийн дүнд нөлөөлөх, будлиантуулах, төрийн эрх хууль бусаар авах зорилгоор нэр дэвшигчдийн талаар илт худал мэдээлэл тараах юм бол энэ нь өөр гэмт хэрэг болж тусад нь хуульчилна гэж асуудлыг шийдэж байгаа. Энэ мэтчилэнгээр Эрүүгийн хуулинд дэвшилттэй олон зохицуулалт орж байна. 25 жилийн өмнө ардчилсан зах зээлийн иргэний нийгмийг хүлээн зөвшөөрсөн, хүний эрхийг хүндэтгэдэг энэ үнэт зүйлсээ хамгаалдаг Эрүүгийн хуультай болж байна гэсэн үг.
-Гүтгэх гэдэг заалтыг Зөрчлийн хууль руу оруулсан ч хоёр сая хүртэлх төгрөгөөр торгоно гэсэн байна. Энэ нь хоёр сая төгрөгөө өгөөд гүтгэлгийг улам хавтгайруулах юм биш биз гэсэн санаа гарч байсан. Ер нь бол сэтгүүлчдийг л хүн гүтгэдэг гээд байдгаас биш улстөрчид ч гэсэн хүн гүтгэдэг шүү дээ?
-Одоо байгаа хуулиар таван жил шоронд сууна гэсэн байгаа. Үүнийгээ дэнслээд үзэхгүй юу. Та таван жил хайртай хүмүүсээсээ хол, мэргэжлийн ажлаа хийж чадахгүй шоронд суух уу эсвэл хоёр сая төгрөг хүртэл торгуулах уу гэдэг нь таны сонголт. Ер нь бол гүтгэх гэдэг чинь хориотой зүйл. Хууль бус худал мэдээллийг тарааж хүний нэр хүндэд халдана гэдэг чинь угаасаа хууль бус үйлдэл.
Хоёр сая хүртэлх төгрөгөөр торгох нь торгуулийн хэмжээ. Түүнээс хохирсон хохирлоо төлүүлэх нь иргэний эрхийн асуудал. Тиймээс мөнгөтэй хүн болгон бүгдийг хийгээд байна гэсэн үг биш.
Сэтгүүлч enkhtuul
